“Баянзүрхийн эмнэлэгт Covid-19-тэй, 76 настай хүн эндсэн”

Хуучирсан мэдээ: 2020.12.26-нд нийтлэгдсэн

“Баянзүрхийн эмнэлэгт Covid-19-тэй, 76 настай хүн эндсэн”

“Баянзүрхийн эмнэлэгт Covid-19-тэй, 76 настай хүн эндсэн”

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийх үеэрээ Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт 76 настай, вирусийн халдвартай өвчтөн нас барсан талаар мэдээлэв.

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.БУЯНЖАРГАЛ:

-ХӨСҮТ-д өнөөдөр батлагдсан 22 тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Өглөө 08.20 цагт 30 настай жирэмсэн эх амаржиж, 3200 гр жинтэй хүү мэндэллээ. Эх, хүүхдийн биеийн байдал хэвийн байна. ХӨСҮТ-д нэг хүн маш хүнд оноштой байгаа бөгөөд 25 настай жирэмсэн эмэгтэй. Түүнд хоёр эмч, зургаан эрүүл мэндийн ажилтан тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Цэргийн төв эмнэлэг дээр 195 хүн эмчлэгдэж байгаагаас маш хүнд хоёр, хүнд зургаа, хүндэвтэр 53 хүн эмчлүүлж байна.

Маш хүнд хүний нэг 51 настай эрэгтэй нь Covid-19-өөр өвчилж эдгэрсэн. Түүний PCR шинжилгээ хоёр удаа сөрөг гарсан. Үндсэн оношоороо зүрхний шигдээстэй, тархины судасны хатууралтай учраас Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран эмчилгээ хийлгэж байна.

Дараагийн маш хүнд хүн 53 настай эмэгтэй нь зүрхний хэм алдагдалтай, чихрийн шижинтэй, уушгины үрэвсэлтэй, эмчилгээ хийлгэж байна. Бид эмнэл зүйн зөвлөх эмч нартай өдөр болгон онлайн хурал хийж, зөвлөгөө өгч, зааварлаж байна. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр 194 хүн байгаагаас 102 хүн эмнэлгийн эмч, ажилтнууд байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээг Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Улсын хоёрдугаар эмнэлэг, “Энэрэл” эмнэлэг, Япон-Монголын хамтарсан эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг рүү  шилжүүлсэн.

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээнд 16 хүн эмчлэгдэж байна. Тус эмнэлэг дээр өчигдөр биеийн байдал маш хүнд байсан 76 настай нэг хүн эндсэн. Үндсэн онош нь цээжний булчингийн сулрах өвчинтэй, амьсгал зүрх судасны даамжирсан дутагдалтай, артерын даралттай, чихрийн шижинтэй, элэгний С вирусийн архаг үрэвсэлтэй байсан бөгөөд зүрх судасны дутагдлаар нас барсан. Дагалдах онош нь Covid-19-өөр халдварлаж, маш хүнд байсан учраас ХӨСҮТ рүү шилжүүлэх боломжгүй байсан. Тухайн үед ХӨСҮТ-ийн эмч нар очиж зөвлөгөө өгсөн.

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт 23 хүүхэд, 25 сахиур эмнэлгийн тусламж аваад байна. Тэдний шинжилгээний хариу сөрөг гарсан. ХСҮТ дээр 277 эмч, 201 өвчтөн, 44 сахиур байгаагаас Эрчимт эмчилгээний тасагт таван хүн байна. Тэдний нэг нь элэгний хорт хавдартай, биеийн байдал маш хүнд байна. Эмч нар эмнэлгийн тусламж үйлчилгээг хэвийн үргэлжлүүлж, яаралтай гурван мэс засал хийсэн. Цаашид тус эмнэлгийг бүрэн тусгаарлах шаардлага гарвал төлөвлөгөөг хийж дууссан. Мэс заслыг өөр эмнэлэг рүү шилжүүлж болно.

Бусад эмнэлгүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн, тасарсан эм, тариа, эмнэлгийн хэрэгсэл байхгүй. Улсын хэмжээнд цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор нийт 9300 ор бэлэн байлгаж байгаагаас нийслэлд 4340, аймгуудад 4660 ор бэлдсэн. Эрүүл мэндийн сайдын өгсөн чиглэлээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд PCR шинжилгээ хийж байна. Энэ үеэр ХСҮТ-д халдварын тохиолдол илэрсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж