Их Британид тархаад байгаа Covid-19-ийн шинэ хувилбар дэлхийн улс орнуудад бүртгэгдсээр байна. Хамгийн сүүлд Япон улсад ийм шинэ хувилбарын таван тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ талаар тус улсын эрх баригчид өчигдөр (2020.12.25) мэдэгджээ. Эдгээр хүмүүс бүгд Их Британиас Японд ирсэн зорчигчид байжээ. Шинэ хувилбар нь энгийн Covid-19-өөс халдварлах чадвар нь 70 хувь өндөр гэдгийг эрдэмтэд сануулж буй юм. Иймд Япон улс Их Британиас ирэх зорчигчдод хилийн хориг тавьсан бөгөөд зөвхөн өөрийн иргэдийг хүлээн авч байгаа аж.
Түүнчлэн Сovid-19-ийн шинэ хувилбар Франц улсад бүртгэгджээ. Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, Лондон хотоос энэ сарын 19-нд ирсэн Францын нэгэн иргэн Covid-19-ийн шинэ төрлөөр өвчилсөн байна. Халдварын анхны тохиолдол Турс хотод бүртгэгдсэн бөгөөд евро бүсийн хоёр дахь том эдийн засагтай тус оронд халдварын шинэ давлагаа үүсч болзошгүй гэж олон нийт санаа зовниж байна. Их Британид тархаад буй Covid-19-ийн шинэ хувилбараас хамгаалахын тулд дэлхийн олон орон агаарын хилээ хаагаад байгаа билээ.
Эх сурвалж: THE GUARDIAN
Холбоотой мэдээ