Ангараг дээр хөл тавих анхны сансрын нисэгчид илтгэл тавина

Хуучирсан мэдээ: 2020.12.26-нд нийтлэгдсэн

Ангараг дээр хөл тавих анхны сансрын нисэгчид илтгэл тавина

Ангараг дээр хөл тавих анхны сансрын нисэгчид илтгэл тавина

Монголын Сансрын судалгаа, хөгжүүлэлтийн төв (МАРСА)-өөс мэдээлснээр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын ХЭГ хамтран зохион байгуулах "Mars on Earth" буюу "Дэлхий дээрх Марс" олон улсын цахим хурал 2021 оны нэгдүгээр сарын 1-нд хуралдахаар болжээ.

Төрийн ордонд тус хурлыг өнгөрсөн арваннэгдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөж байсан ч гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан билээ.

Шинэ оны эхний өдөр МҮОНТ-ийн MNB сувгаар нэвтрүүлэх "Дэлхий дээрх Марс" олон улсын хурал нь сансрын, ялангуяа Ангараг гаригийн судалгааны чиглэлээр дэлхий дахинд хандаж буй Монгол Улсын томоохон санаачилга гэдгээрээ онцлог болох аж. Хуралд сансар, Ангараг гаригийн судалгаа шинжилгээгээр дэлхий дахинаа алдаршсан нөлөө бүхий эрдэмтэд болон дэлхийгээс Ангараг гариг дээр хөл тавихаар сонгосон анхны сансрын нисэгчид оролцож, цахимаар илтгэл тавих юм.

Ангараг гариг нь шинжлэх ухааны аргаар дэлхийн хүмүүсийг шилжүүлэн суурьшуулах боломжтой хамгийн ойрхон хөрст гаригт тооцогддог. Тус гаригийг эзэмших хүн төрөлхтний хүсэл тэмүүллийн холбоос нь Монголын говь байх боломжийн талаар олон улсын эрдэмтдийн дунд хэлэлцүүлж, ойлголтоо нэгтгэхэд "Mars on Earth" хурлын гол зорилго оршино гэж зохион байгуулагчид онцлов.

"Mars on Earth" олон улсын цахим хурал нь үндсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт Марс гаригийг хүн төрөлхтөнд эзэмшүүлэхийг зорьж буй "Марс нийгэмлэг"-ийн үүсгэн байгуулагч Роберт Зубрин, Европын Сансрын төв болон Бельгийн Сансрын нийгэмлэгийг үүсгэн байгуулагч Пийр Эммануэль Паулис, Япон болон Арабын Нэгдсэн Эмират улсын "Марс" хөтөлбөрийн удирдагч Хироэки Акияама, Монгол Улсаас МУИС-ийн Физикийн тэнхимийн профессор Р.Цолмон тэргүүтэй илтгэгчид оролцож, "Марс гаригийг эзэмших хүн төрөлхтний алсын хараа" сэдвээр ярилцах юм байна.

Хоёрдугаар хэсэгт АНУ-аас Марс дээр хөл тавих анхны хүнээр сонгогдсон Алисса Карсон, Европын холбоо, Франц улсаас Ангараг руу нисгэхээр бэлтгэж буй Камилиа Форнер, Итали улсаас Ангараг руу нисэхээр бэлтгэгдэж буй Линда Раймонд нар оролцож, "Марсын үеийнхэн" сэдвээр сонирхолтой ярилцлага өрнүүлэх аж.

Хурлын гуравдугаар хэсэгт Америкийн Худалдааны танхимын Сансрын зөвлөх Гиллет Гавин, Монгол Улсын Мэдээллийн технологи, харилцаа холбооны газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Норвегийн сансрын байгууллагын үүсгэн байгуулагч Жанике Микелсен тэргүүтэй хүмүүс "Сансрын технологи ба цахим шилжилт" сэдвийн хүрээнд ярилцах юм байна.

Монголын сансрын судалгаа хөгжүүлэлтийн төв МАРСА-аас Монголын говьд сансрын тусгай аялал жуулчлалын төв, сансар судлалын чөлөөт бүс байгуулахаар зорьж MARS-v төслийг хэрэгжүүлж байгаа талаар танилцуулах ажээ. "Монголчууд бидэнд байгаа боломжийг олон улсын Марсын судалгааны салбарын эрдэмтэд хэрхэн дүгнэх бол?" Энэхүү асуултын хариултыг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр МҮОНТ-ээр шууд дамжуулах цахим хурлаас авах боломжтой юм байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж