ЭМЯ: Хавдар судлалын хоёр эмчээс Covid-19 илэрлээ

Хуучирсан мэдээ: 2020.12.26-нд нийтлэгдсэн

ЭМЯ: Хавдар судлалын хоёр эмчээс Covid-19 илэрлээ

ЭМЯ: Хавдар судлалын хоёр эмчээс Covid-19 илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит (2020.12.26) мэдээллээ хийлээ.


Өчигдөр (2020.12.25) нийт 14227 хүнд шинжилгээ хийхэд долоон хүнээс Covid-19 илэрсэн. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт гарсан голомттой холбоотой хоёр өвчтөн, нэг сахиур, нэг гэр бүлийн хүн байна. Ингэснээр тус дүүргийн халдварын голомтоос батлагдсан тохиолдол 146 боллоо. Үүнд, эрүүл мэндийн ажилтан 15, гэр бүлийн гишүүд 27, өвчтөн 81, сахиур 22, хавьтал нэг хүн байна. Эдгээр хүмүүсийн ойрын хавьтал 1444 хүнийг олж илрүүлж, хоёр дахь шинжилгээнд хамруулсан.

Үлдсэн гурван тохиолдлын хоёр нь Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн эмч юм. Энэ хоёр тохиолдол Covid-19-ийн халдварын эрсдэлтэй хүнтэй ажиллаж байсны улмаас халдвар авсан байх урьдчилсан мэдээтэй байна. Гүнзгийрүүлэн судалж байна. Энэ хоёр хүний ойрын хавьтал нэг хүнээс вирус илэрч, нийт гурван хүнээс Covid-19 илэрсэн. Хавдар судлалын үндэсний төвд тандалт судалгааг өргөн хүрээнд хийж, ойрын хавьтлын 112 хүнийг тусгаарласан. Мөн хоёрдогч хавьтал болох 500 орчим хүнийг тогтоож, шинжилгээнд хамруулсан. Урьдчилсан байдлаар 400 орчим хүний шинжилгээг хийснээс одоогоор вирус илрээгүй байна. Цаашид тандалт судалгааны ажил үргэлжилнэ.

Улаанбаатар хотод өмнө нь бүртгэгдсэн голомтоос өвчлөл бүртгэгдээгүй. Бид өмнө нь бүртгэгдсэн голомтын ойрын хавьтал гэж тусгаарлаж байсан хүмүүсийг хоног хугацаагаар нь ажиглалтаас гаргаад, үлдсэн 250 хүнийг өнөөдрөөс гаргаж байна. Өмнөх голомтуудад сүүлийн 14 хоногт шинэ тохиолдол бүртгэгдээгүй.

“ХҮН АМЫН ДУНДАХ COVID-19-ИЙН ТАНДАЛТЫН СОРЬЦ АВАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ”

Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 292 болж байна. Харин Сэлэнгэ, Дорноговь, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Архангай аймгуудад сүүлийн 24 цагт батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй.

Монгол Улсын хэмжээнд Covid-19-ийн 1082 тохиолдол батлагдсанаас 711 хүн буюу 65.7 хувь нь эдгэрсэн байна. Харин дотоодын халдвар 618 болж, 127 хүн эдгэрч Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг рүү шилжээд буй юм.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 362 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна. Эхний голомтууд хяналтад орж, тогтоогдсон ч дараагийн голомт шинээр гарч ирэх эрсдэлтэй байна. ХӨСҮТ-ээс Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу томуугийн тандалтын тогтолцоонд суурилж, хүн амын дундах Covid-19 халдварын тандалтын сорьц авах ажлыг эхлүүлж байна. Үүнд, амьсгалын замын халдварт өртөх эрсдэлтэй хүмүүсээс түүврийн аргаар шинжилгээ авах юм.

Мөн найман дүүргийн томоохон аж ахуйн нэгж, худалдааны төв, нийтийн тээвэр, тохижилт үйлчилгээний газар, эмнэлэг, банк, эмийн сан, асрамжийн газруудаас түүврийн аргаар сорьц цуглуулна. Энэ нь хүн амын дунд алаг цоог халдвар гарах эрсдэлийг бууруулах өргөн хүрээтэй хяналт тандалтын ажил юм. Улаанбаатар хотод 100 гаруй нэгж байгаа бөгөөд нэгж бүр 30 сорьц цуглуулж өгнө. Нийт долоо хоногт 3000 сорьц, сардаа 10 гаруй мянган хүнийг шинжилнэ гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

“ИРГЭДДЭЭ ЭМНЭЛГИЙН ОРЧИНД ЯВАХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА”

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд батлагдсан долоон тохиолдол шинээр бүртгэгдсэн. Өмнөх өдрөөс нэг тохиолдлоор буурсан байна. Улсын хэмжээнд лабораторийн тандалтад нийт 432.318 хүн хамрагдаж, 24 цагийн хугацаанд 2450 гаруй эрүүл мэндийн байгууллагын ажилчид шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний баг найман объектын талбайд эцсийн ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн. Мөн тус төвийн лабораторид 3063 хүнд шинжилгээ хийж, хоёр хүний хариу эерэг гарсан. Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод уртын тээвэр хийдэг 241 жолоочид шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Тусгай дугаарын долоон утсанд нийт 4650 хүн хандаж, зөвлөгөө авсан.

Дэлхий дахинд цар тахлын тархалт эрчтэй хэвээр байна. Ялангуяа Япон, Сингапур улсад Англи улсад гарсан мутацид орсон Covid-19 халдварын шинэ вирусийн дэгдэлт гарч эхэлсэн. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед эмнэлгийн орчинд явахгүй байхыг зөвлөж байна.

“СӨҮЛИЙН НИСЛЭГЭЭР КАРГО ТЭЭВЭРЛЭХЭЭС ГАДНА 34 ИРГЭНЭЭ ТАТАН АВСАН”

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.УУГАНБАЯР:

-Бид тусгаарлалт хийхдээ батлагдсан тохиолдол, тэдний хавьтлуудыг тусгаарлах болон чартер нислэгээр ирж буй иргэдийг тусгаарлах арга хэмжээ авч байна. Улаанбаатарт батлагдсан тохиолдол, хавьтлуудыг нь тусгаарлах 13 байранд 983 хүнийг ажиглаж байна. Харин чартер нислэгээр ирсэн иргэдийг 10 байранд 558 хүн байна. Нийт 1541 хүн тусгаарлах байранд байна. Орон нутагт 14 тусгаарлан ажиглах байр бий. Тодруулбал, Дорноговь, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр аймгуудад 112 хүн тусгаарлалтад байна.

Одоогийн байдлаар онцгой байдлын 57, цагдаагийн 94, эрүүл мэндийн 72 албан хаагч буюу 223 төрийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Шуурхай штабаас өчигдөр орой ХСҮТ-өөс батлагдсан хоёр тохиолдолтой холбоотойгоор 81 хүнийг “Кентавр” зочид буудалд тусгаарласан.

Өнөөдрийн байдлаар тусгаарлалтын байрнаас 558 хүн гарч, гэрийн ажиглалтад шилжсэн. Гэрийн ажиглалтад шилжсэн хүмүүст халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахихыг анхааруулъя. Мөн ХӨСҮТ-ээс эдгэрсэн 127 хүнийг Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг рүү шилжүүлсэн. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 340 иргэн гэрийн ажиглалтад шилжсэн. Мөн аймаг, орон нутаг руу олон хүн гэрийн ажиглалтад шилжиж байна. Тухайн орон нутгаас зохион байгуулалттайгаар иргэдээ татан авч байгаа. Тодруулбал, Сэлэнгэ 122, Дархан-Уул 36, Улаанбаатар 92, бусад аймгийн 93 хүн гэрийн ажиглалтад шилжсэн.

Замын-Үүд боомт дээр хилээр нэвтрэх үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор буюу Монгол Улсын хилээр өчигдөр шатахуун тээвэрлэсэн 15 машин техник орж ирсэн. Тусгаарлан ажиглах байранд байгаа иргэдээс Шуурхай штабт санал хүсэлтүүд ирүүлж, шийдвэрлэхээр ажиллаж байна. Өчигдөр орой Сөүлээс “МИАТ” компани карго ачаа тээвэрлэж, эрүүл мэндийн шалтгаантай, хүндэтгэн үзэх шалтгаантай 34 иргэнийг татан авсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж