Монголчуудын хэлж заншсанаар ес эхлээд гурав хонож байна. Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байгаа хэдий ч маргаашаас хүйтний эрч чангарахыг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлжээ.
Тодруулбал, арванхоёрдугаар сарын 27-нд ихэнх нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 27, 28-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Энэ сарын 27-ноос нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 45-50 градус, өдөртөө 35-40 градус.
Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 28-33 градус цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 23-28 градус хүрч хүйтэрнэ.
А.СҮРЭН