"Баянзүрхийн эмнэлгийн эмч нар тасгуудаар маскгүй явдаг байсан"

Хуучирсан мэдээ: 2020.12.26-нд нийтлэгдсэн

"Баянзүрхийн эмнэлгийн эмч нар тасгуудаар маскгүй явдаг байсан"

 "Ньюс" агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.


"ДЦС-УУДАД ӨДӨРТ 230 ВАГОН НҮҮРС НИЙЛҮҮЛЖ БАЙНА"

"Багануур" компанийн тэргүүн дэд захирал Д.Түвшинжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр “Ирэх 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл хэрэглэгчдийн ус, цахилгаан, дулааны төлбөрийг тэглэх болсонтой холбоотойгоор цахилгаан, дулааны хэрэглээ нэмэгдэж, станцуудад нэмэлтээр эрчим хүчний нүүрс нийлүүлэхээр ажиллаж байна” хэмээн ярив.

-Засгийн газраас арванхоёрдугаар сараас эхлэн 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл хэрэглэгчдийн ус, цахилгаан, дулааны төлбөрийг чөлөөлөх шийдвэр гаргасан. Энэ шийдвэр Багануурын уурхайн нүүрсний гаралт борлуултад хэрхэн нөлөөлж байна вэ?

-Багануурын уурхай цахилгаан станцуудын түлшний ихэнх хэсгийг хангадаг. Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор цахилгаан, дулааны ачаалал нэмэгдэж байна. Бид өмнө нь өдөрт 204 вагон эрчим хүчний нүүрс цахилгаан дулааны станцуудад нийлүүлдэг байсан бол одоо 230 вагон нүүрс гарган нийлүүлж байна. Зөвхөн энэ арванхоёрдугаар сард гэхэд 20 мянган тонн нүүрс нэмэлтээр нийлүүлэх захиалга орж ирсэн. Мөн ирэх нэгдүгээр сард 40 орчим мянган тонн эрчим хүчний нүүрсний захиалга нэмэгдсэн.

-Багануурын уурхайн хувьд өвөлжилтийн бэлтгэлийг хэрхэн хангав. Өвлийн их ачааллын үед уурхайчид хэрхэн ажиллаж байна вэ?

-Хүмүүс нүүрсийг зөвхөн өвөл гаргаж, өвөл түлдэг гэж ойлгодог. Манай уурхайн хувьд жилийн дөрвөн улирал 24 цагаар тасралтгүй ажиллаж байж Монгол Улс, Улаанбаатар хотоо цахилгаан, дулаантай байлгах түлшийг нийлүүлдэг юм. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хавар дөрөвдүгээр сараас эхлэн, график төлөвлөгөөний дагуу гурван бүлэг 50 зүйл ажлыг хийж хангаад байна. Өнгөрсөн зун цаг агаарын хувьд усархаг үргэлжилсэн бороо ихтэй байж уурхай долоо, найм, есдүгээр саруудад 29 хоног зогссон ч олон жилийн туршлагатай хамт олныхоо хүчээр өвлийн өндөр ачааллын үеийг даван гарах нөөцөө бүрдүүлэн хэвийн ажиллаж байна. Мэргэжлийн туршлагатай, сэтгэлтэй зүтгэлтэй, ур чадвартай хамт олноо сайн менежментээр аваад явахад энэ цаг үеийг даваад гарна даа. Энэ цаг үе шалтаг шалтгаан тоочоод суух биш урагш харж зүтгэх үе.

Үргэлжлэлийн ЭНД дарж уншина уу
А.СҮРЭН


"ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ХҮҮХДИЙН БОЛОВСРОЛД АНХААРАХ ХЭРЭГТЭЙ"

Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ)-ны Тусгай хэрэгцээт боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Гэрэлтуяатай ярилцлаа.

-Хүүхэд бүр бие махбодь, оюун ухаан, сэтгэл мэдрэхүйн онцлог байдал, нийгэм, хэл зүйн зэрэг бусдаас ялгаатай ямар нэг нөхцөл байдлаасаа үл хамааран сургуульд хамрагдах боломжоор тэгш хангагдах ёстой. Энэ чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, түүний хэрэгжилтийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд сурч, боловсрох боломж нөхцөлөөр хангагдах, төр болон бусад этгээдийн зүгээс тэдэнд дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцаанууд нь Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох бусад хууль тогтоомж, олон улсын гэрээ, эрх зүйн хэм хэмжээний хүрээнд зохицуулагддаг. Монгол Улсын Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөөний талаар, хүнийг ялгаварлан гадуурхаж үл болох тухай, хүн бүр “сурч боловсрох эрхтэй” гэж заасан байдаг. Боловсролын тухай хуульд боловсролын зорилго, зарчим, боловсролын хөтөлбөр, агуулга, стандарт, сургалтын төлбөр, санхүүжилт, нийгмийн баталгаа, багшийн үүрэг зэрэгтэй уялдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурах эрхийг хангах, тэдэнд дэмжлэг үзүүлэх талаар олон зүйл, заалт тусгагдан хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн дөрөвдүгээр бүлгийн 14 дүгээр зүйлд хөгжлийн бэрхшээлтэй хүний сурч боловсрох эрх, 15 дугаар зүйлд тэдний сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх, хангахтай холбогдсон харилцааг зохицуулах олон заалт байдаг.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас дээрх хуулиудын хэрэгжилтийг ханган, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуулийн өмнөх болон бага, дунд сургуульд  боловсролд тэгш хамран сургах бодлого баримтлан, холбогдох эрх зүйн баримт бичгийг боловсруулан хэрэгжүүлж байна.

БСШУС-ын сайдын А/292 тоот тушаалаар батлагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд тэгш хамран сургах журам нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн хэв шинжтэй ерөнхий боловсролын сургуульд суралцахад сургалтыг хэрхэн зохион байгуулах, дэмжлэгийг хэрхэн үзүүлэх талаар зохицуулсан чухал баримт бичиг юм. Энэ журмын дагуу сургууль дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг "Дэмжих баг" байгуулагдан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн А/155-р тушаалаар баталсан Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах аргачлал, зөвлөмжийн дагуу ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллах, хүүхдийн сурах орчин, тохирох хэрэглэгдэхүүн бүрдүүлэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлж байна.

Үргэлжлийг ЭНД дарж уншина уу
Б.ЖАРГАЛ


БИД ХОРИОНД БАЙНА, ЭНЭ БАЙДЛЫГ ТУСГААРЛАЛТ ГЭЖ ҮЗЭХГҮЙ

Баянзүрх дүүргийн эмнэлгээс голомтлон гарсан халдварын тохиолдол өчигдрийн 11.00 цагийн байдлаар нийт 62-д хүрсэн билээ. Тус эмнэлэгт тусгаарлагдаж буй эмч мэргэжилтэн, хэвтэн эмчлүүлэгчдийг ялгаж, хүүхэд болон насанд хүрсэн 141 хүнийг өчигдрөөс тусгаарлах байр руу шилжүүлсэн. Одоогийн байдлаар тус дүүргийн эмнэлэгт нийт 85 хүн тусгаарлалтад байгаа юм. Баянзүрх дүүргийн эмнэлэгт тусгаарлагдаж буй иргэн Э-тэй холбогдож, эмнэлгийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-Та Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэзээ хэвтсэн бэ?

-Тархины цусан хангамжийн дутагдал гэсэн оноштой, тархиндаа эмчилгээ хийлгэхээр энэ сарын 12-ны шөнө (2020.12.12) Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтсэн. Гэтэл хэвтсэнээс хойш хэдхэн хоногийн дараа эмнэлэгт халдвар гарч тусгаарлагдаад байна. Энд нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Дундаа эр, эм ариун цэврийн өрөөтэй. Халдвар тарах, дамжигдах гол зам нь ариун цэврийн өрөө болж байна.

-Өрөөндөө хэдүүлээ байгаа вэ?

-Хоёр хүний зориулалтын өрөөнд гурвуулаа. Нэг нь сахиур. Үндсэндээ гурван хүн голомт бүртгэгдсэн тасагт байна. Эмнэлгийн дотоод байдал мэдээж хүнд байна. Хоол болон ариутгал, цэвэрлэгээний асуудал маш тааруу. Одоо бид хорионд байна, энэ байдлыг тусгаарлалт гэж үзэхгүй ээ. Эрүүл ахуйн хамгаалалт энд огт алга. Зарим өвчтөн өрөөндөө сахиуртайгаа, нийлээд тавуулаа байх ч тохиолдол байна.

-Хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсээс хэдэн удаа шинжилгээ авсан бэ?

-Хоёр дахь давтан шинжилгээг өчигдөр (2020.12.21/ авсан. Эхний шинжилгээгээр сөрөг гарсан.

-Эмчилгээ хэвийн хийгдэж байгаа юу?

-Үгүй. Арванхоёдугаар сарын 17-ны өдрөөс хойш эмчилгээг зогсоосон. Өрөөнд хамт хэвтэж байгаа хүмүүсийн эмчилгээг ч мөн зогсоосон. Ер нь эмч нар өөрсдөө болгоомжлоод, эмчилгээ хийх бодол байхгүй байх шиг байна. Би өөрөө зүрх, судасны асуудалтай, гэрээсээ авч ирсэн хэдэн эмээ л ууж байна.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
Ш.АДЪЯАМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж