УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай ярилцлаа.
-НӨАТ-ын хуулийн хэрэгжилт өөрсдөд нь дарамт болж бууж байгаа талаар бизнес эрхлэгчид МАН-ын бүлэгт ханджээ. Тэд энэ хуулийг яаралтай өөрчилж өгөх хүсэлт тавьж байна. Ер нь хуульд бүх асуудал байна уу, яагаад ийм байдал руу орчихов оо. Хуулиа өөрчлөх боломж бий юү?
-Төрийн бодлого бодитой байх ёстой л доо. Тэр нь юу гэхээр амьдрал дээр хэрэгжих боломжтой, амьдралын шаардлагаар үүссэн асуудлыг зохицуулах учиртай юм. Гэтэл НӨАТ-ын хууль эсрэгээрээ болчихлоо. Бас хуулиас давсан журмууд гэж ярьдаг. Тэгвэл хуулиасаа давсан журам гаргахын хамгийн том гай нь энэ хуулийн хэрэгжилт дээр тодорхой харагдаж байна. Татварын ерөнхий газраас НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлэх журам гэж гаргасан байдаг. Үүгээр бүх аж ахуйн нэгжийг кассын машин, интернэт сүлжээнд холбогдох, программ хангамж авахыг журамласан. Энэ нь өөрөө нэг аж ахуйн нэгж хамгийн багадаа хоёр сая төгрөгийн нэмэлт зардал гаргах болчихоод байна. Тиймээс энэ бол буруу, харалган шийдвэр.
-Яагаад?
-Жижиг аж ахуйн нэгжээр жишээ татъя. Сард нэг сая төгрөгийн борлуулалт хийдэг компани хоёр сая төгрөгийн кассын машин худалдаж авна гэж үнэхээр байхгүй. Өдөрт нэг тэрбумын борлуулалт хийдэг “Номин”-гийн сүлжээ дэлгүүр хоёр сая төгрөгөөр кассын машин авч болох ч, “Долоон буудал”-д ТҮЦ ажиллуулж өдөрт 50 мянган төгрөгийн борлуулалт хийдэг хүнд хоёр саяар машин ав гэж шахдаг буруу л байхгүй юу. Тэр тусмаа эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед аж ахуйн нэгжүүдээ дэмжих учиртай. Гэтэл улам л дарамт, шахалт тавиад байж болохгүй. Эдийн засаг муудсанаас болоод аж ахуйн нэгжүүд орлогогүй болчихлоо. Дээр нь долларын ханш өсч, төгрөгийн худалдан авах чадвар буурснаас болоод бизнесийнхэн хохирчихсон. Арилжааны банкууд ч зээл өгөхөө больж байна. Яагаад гэвэл Засгийн газрын 16 хувийн хүүтэй эрсдэлгүй бонд авах нь банкуудад ашигтай байна ш дээ. Тэгээд арилжааны банкууд зээлээ хумьчихсан. Ийм хүнд үед Засгийн газар НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлэхдээ хуулиасаа давсан журам гаргаж нэг аж ахуйн нэгж дээр хоёр сая төгрөгийн дарамт учруулж байгаа нь бизнесийнхэнд маш том дарамт болж байна.
-Кассын машин авах тухай заалт хуульд байхгүй юу?
-Хуульд тийм заалт байхгүй. Хамгийн гол нь НӨАТ-аа л ав гэсэн. Яаж авах, тэр ажлыг хэрхэн зохион байгуулах нь Засгийн газрын үүрэг. Гэхдээ ийм үүрэгтэй учраас гээд шууд л хоёр саяын машин ав гэж тулгаж болохгүй. Ядаж тэр машинууд нь дотроо сонголттой байж болно ш дээ. Гар утас гэхэд хүний хэрэгцээнээс хамаараад сонголттой байдаг биз дээ. 50 мянгынх байхад, 500 мянган төгрөгийн үнэтэй нь ч байдаг. Түүнтэй л адилхан. Сарын 500 мянган төгрөгийн борлуулалт хийдэг ТҮЦ заавал хоёр сая төгрөгийн үнэтэй машин авна гэдэг хэцүү. Нөгөө талаас энэ хуулийг хэрэгжүүлэх гэж шахаж байгаа нь төсвийн орлогоо нэмэх гэсэн Засгийн газрын санаа. Бизнес эрхлэгчид “Татвар, цагдаа дарамт үзүүлж байна. Кассын машин авсангүй гээд торгууль тавьж байна” гэж ярьж байна. Эдийн засгийн хямралтай үед хувийн хэвшил нэг сая хүнийг ажилтай, орлоготой байлгаж байгааг бодох ёстой. Нэг сая хүнийг ажилтай, орлоготой байлгах нь чухал юм уу, төсвийн орлогоо харах ёстой юм уу. Энийг жигнэж үзэх хэрэгтэй. Аль нь өнөөдөр Монголын эрх ашигт нийцэх юм. Аж ахуйн нэгжүүд үнэхээр хүнд байгаа. Борлуулалт байхгүй, хаалгаа барьчихсан, бүх бараагаа зээлээр өгчихсөн л яваа шүү дээ. Ийм “чөтгөрийн тойрог”-т орчихсон. Энэ тойргоос Засгийн газар уг нь бизнес эрхлэгчдээ гаргах ёстой юм.
-Яаж гаргах вэ?
-Лиценз, зөвшөөрлийн хуулиа цаг алдалгүй батлах ёстой. Өнөөдөр Монголын аж ахуйн нэгжүүдэд жилдээ ирж байгаа давхацсан хяналт шалгалт, тайлан баланс нь дэндүү их байгаа. Улиралд л 10-15 янзын тайлан гаргаж өгдөг. Гааль, татвар, хорио цээр, мэргэжлийн хяналт гээд л. Энэ мэтээр бизнесийн дарамтууд бодитоор оршоод байна. Гэтэл дээр дахиад НӨАТ-ын хуулийн хэрэгжилт нэрмээс болчихлоо. МҮХАҮТ-аас бизнесийн хүнд суртлын индекс гэж жил бүр гаргадаг юм. Тэндээс харахад бизнес эрхлэгчдэдээ үзүүлж байгаа төрийн дарамт улам л ихсээд байна. Татварын дарамт, тусгай зөвшөөрөл, мэргэжлийн хяналт гээд олон янзын дарамт байна. Дээр нь зээл олдохоо больчихсон. Одоо ихэнх аж ахуйн нэгж ломбардын хүүгээр л үйл ажиллагаа явуулж байна ш дээ. Ийм хүнд үед дахиад нэрмээс болох хэрэггүй юм.
Хуулийн хэрэгжилт цаг үеэ олсонгүй. Бизнес эрхэлж байгаа хүмүүст том дарамт үзүүлэхүйц харалган шийдвэр болжээ. Ядаж машинууд нь сонголттой, эсвэл аж ахуйн нэгжүүдийн татвараас суутгах маягаар хэрэгжүүлсэн бол арай хөнгөн тусах байсан болов уу. Өөрөөр хэлбэл, хуулийн хэрэгжилт цагаа олсонгүй. Хэрэгжүүлж байгаа механизмын хувьд өндөр өртөгтэй хууль болчихлоо.
-НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлснээс хойш бараа, материалын үнэ өссөн гэсэн мэдээ байна. Тэгэхээр жирийн иргэдэд ч бас дарамт болж байгаа юм биш үү?
-Мэдээж бараа бүтээгдэхүүний үнэ тодорхой хэмжээнд нэмэгдэнэ. Хоёр сая төгрөгөөр хөрөнгө оруулалт хийж байгаа аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүний үнээ нэмж л зардлаа гаргана ш дээ.
-Одоо тэгээд яах вэ. Хуулиа өөрчлөх үү?
-Татварт өөрт нь тавьдаг зарчмууд бий. Энгийн байх, ойлгомжтой байх, дарамтгүй байх, шударга байх гээд. Гэтэл энэ татвар чинь энгийн бус, ойлгомжтой биш, дарамттай татвар болчихлоо. Бас шударга бус татвар болчихсон. Аж ахуйн нэгжүүд бол НӨАТ-ыг дамжуулж төлдөг. Гэтэл иргэдийн төлж байгаа татварыг төрд дамжуулж өгснийхөө төлөө хоёр сая төгрөгийн зардал гаргах болчихоод байна. Энэ бол татварт тавьдаг зарчмууд алдагдсаны шинж. Иймээс л хүмүүс бухимдалтай байна. Цаг хугацааны хувьд ийм хүндрэлтэй үед уг нь Засгийн газар өөрөөр ажиллах ёстой юм. Эдийн засаг хүндэрсэн үед бусад улс орон аж ахуйн нэгжүүдийнхээ татварыг хөнгөлдөг. Бүр төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийг нь тодорхой хугацаагаар хойшлуулдаг. Шинээр байгуулагдсан компанийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нь эхний 3, 5 жилээр нь чөлөөлдөг. Манайд л эсрэгээрээ дарамт нэмээд байх юм. Тиймээс энэ алдаатай хуулиа засах ёстой. Хоёрт, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан журмаа Засгийн газар өөрчлөх ёстой. Ямар ч тохиолдолд хууль хэрэгжихдээ ард түмнийхээ халаасыг тэмтэрдэг байж болохгүй.
ЭХ СУРВАЛЖ: WWW.ARDIINERKH.MN