Брусселийн нисэх буудалд хоёр удаа бөмбөг дэлбэрснээс 13 хүн амиа алдаж, 30 гаруй хүн шархадсан гэж мэдээлж байна. Гэсэн ч албан ёсны мэдээлэл ирээгүй байна. Бөмбөг нисэх буудлын зорчигчдын бүртгэлийн хэсгийн ойролцоо дэлбэрсэн гэнэ. Нэгэн гэрчийн мэдээлснээр байшин доргих шиг чимээ гарахаас өмнө буун дуу гарч, араб хэлээр хашгирах сонсогджээ. Амиа алдсан, шархадсан хүмүүсийг нисэх буудлын тээш ачигчаар зөөж гаргасан байна. Нисэх буудлаас хүмүүсийг гаргаж, бүх гарц, хаалгыг хаасан бөгөөд нисэх буудлын газар доорх метро утаа униарт автсан байгаа гэнэ. Бельгийн Засгийн газрын тэргүүн халдлагын түгшүүр зарлаж, шаардлагатай арга хэмжээ авахыг даалгасан бөгөөд нэн тэргүүнд хохирогчид болон нисэх буудалд байгаа хүмүүст анхны тусламж үзүүлэхээр ажиллаж байгаа гэнэ. Нисэх буудлаас гарсан, нөхцөл байдлыг нүдээр харсан хүмүүс гар утаснаас авсан зурагнуудаа цахим хуудсаар түгээж байна. Энэ хэрэг Парисын халдлагын гол сэжигтнийг Брусселээс баривчилснаас хойш дөрөв хоногийн дараа гарч байгаа юм.
Н.ЭНХ