Өнөө цагт аливаа өвчний эмчилгээнд хэрэглэх төрөл бүрийн эм бий болжээ. Орчин үеийн анагаахын шинжлэх ухаан цаг минут тутамд хөгжихийн хэрээр эмчилгээний эмийн бүтээгдэхүүний үр дүн ч мөн сайжирсан байна. Хэдхэн жилийн өмнө олон төрлийн эм бэлдмэл хэрэглэх шаардлагатай байсан өвчнийг өнөөдөр ганцхан эмийн тусламжтай бүрэн эмчлэх боломжтой болжээ. Энэ нь эм хангамжийн салбартай салшгүй холбоотой юм.
Монголын эм хангамжийн салбарын түүхийн хуудас одоогоос нэгэн зууны өмнөөс эхтэй. Тэртээ 1923 онд Жанжин Д.Сүхбаатарын тушаалаар Нэгдүгээр эмийн санг байгуулсан нь өнөөгийн Монгол Эм Импэкс Концерн хэмээх байгууллагын үндэс суурь болсон юм. Энэ байгууллагаас өнөөгийн эм хангамжийн салбарын зүтгэлтэн, ахмад ажилтнууд ажил амьдралын гараагаа эхэлж байсан түүхтэй. Тэдний нэг нь Рагчаа овогтой Баатар юм. Тэрээр 1971 оноос “Монгол Эм Импэкс Концерн”-р овоглож Монгол улсаа шаардлагатай эм, эмийн бүтээгдэхүүнээр хангах үйлсэд гар бие оролцож явсан аж.
Ахмад ажилтан Р.Баатар 2004 онд гавьяаны амралтаа авсан ч гар хумхиж зүгээр суусангүй. Залгамж халаа, залуу мэргэжилтнүүдийнхээ оюунд хөрөнгө оруулах зорилгоор эмийн ургамал, түүний ач тусын талаар судалж, холбогдолтой олон баримт материал цуглуулах болжээ. Энэ нь саяхан “Байгалийн эмийн сан” нэртэйгээр ном болон гарсан байна. Тэрээр уг номынхоо дээжээс Монгол Эм Импэкс Концерны удирдлага, ажилтнууд болон залуу эмзүйн мэргэжилтнүүдэд гардуулжээ. Байгалийн эмийн сан номонд төрөл бүрийн өвчин эмгэгийг анагаах эм байгальд ургамал хэлбэрээр байдаг талаар дэлгэрэнгүй тайлбарлан бичсэн аж. Мөн уламжлалт эмийн талаарх ойлголт, эмийн ургамлын жор, эмийн ургамлын нэршлийн тайлбарыг оруулжээ.
Ахмад ажилтан Р.Баатар номынхоо дээжээс гардуулах үеэрээ залуу ажилтнууд, эм зүйчидтэй “Монгол Эм Импэкс Концерн”-д ажиллаж байх үеийн дурсамжаасаа хуваалцаж, зөвлөгөө өгсөн юм. Мөн цаашид эм хангамжийн салбарын түүхийн эхлэл болсон байгууллагын хувьд нэрээ улам өндөрт өргөж явахыг захилаа.
Холбоотой мэдээ