Ардын хувьсгалын 100 жилийн ой 2021 онд тохиож байгаатай холбогдуулан Соёлын яамнаас 2020 оны есдүгээр сараас аравдугаар сарын хооронд “Ардын хувьсгалын 100 жилийн ойн лого, брэндбүүк бүтээх” уралдааныг дизайнер, зураач, уран бүтээлчдийн дунд нээлттэй зарлан зохион байгууллаа.
Энэхүү уралдаанд нийт 14 уран бүтээлчийн 36 бүтээл ирснийг Соёлын сайдын тушаалаар ажлын хэсгийг байгуулан сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, тэргүүн байр эзэлсэн уран бүтээлчдийн шагналын цахимаар өнөөдөр /2020.12.25/ гардуулав.
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс П.Цэгмидийн “Ардын хувьсгалын анхны тугны ерөнхий захирамж хэлбэрийг авлаа. Морьтон монгол цэргийн тухайд гэвэл, 1921 оны гуравдугаар сарын 18-ны өглөө ардын журамт цэргийн 400 гаруй дайчин эрс Алтанбулаг хотод байрлаж байсан гамин цэргийн эсрэг боссон үеийг харуулсан. Туг нь 1921 оны 03 дугаар сард Алтанбулаг хотод монгол уран хүүхнүүдийг цуглуулж "Монгол ардын журамт цэргийн их жанжин туг"-ийг бүтээлгэсэн түүхтэй.
Энэхүү тугийн зохиомжийг гол болгон авч бадам суурьтай соёмбоо голлуулж хоёр талд нь ардын хувьсгал гэдэг үгийг монгол бичгээр бичжээ. Ер нь тухайн үед ард түмний дунд "Алтан үсэгтэй туг", "Жанжин туг", "Улаан туг", "Монгол үсэгтэй туг" зэрэг дуунууд гарч байсан түүхтэй. Туг бүхий монгол цэргийн доод хэсэгт ардын хувьсгал 100, 1921-2020 гэсэн үг, тоог кирилл үсгээр тодотгон бичсэн” бүтээл мөн Э.Тэнүүний “Түүхэн үйл явдлын гол элемэнт болон бүх агуулгыг нэгтгэн багтаасан, ойлгомжтой тодорхой, орчин үеийн өнгө үзэмж шийдлүүдийг шингээсэн” бүтээлүүд тус тус тусгай байр эзэлж, батламж, нэг сая төгрөгийн эзэн боллоо.
Дэд байрыг “Ардын хувьсгалын анхдагчийн нэг Сүхбаатар жанжны хөшөөний дүрслэлд 100 жил гэсэн тоог оруулж, төрийн далбааны өнгөөр шийдсэн” бүтээлээрээ Д.Батбилэг шалгарч, батламж, хоёр сая төгрөг, Тэргүүн байрыг Д.Төмөрбаатарын “Ардын хувьсгалын 100 жилийн ойн бэлгэдэл ТОО, Хүннү өвгөдийн нар, сар, сүлд дээр гал нэмсэн СҮЛД, 1921 оны хувьсгалын удирдагч Д.Сүхбаатар алган дээрээ гал, нар, сарыг мандуулсан, Мандаж буй НАР, харанхуйд зам заагч таван хошуу ОД-ыг тус тус бэлгэдсэн бүтээл нь шалгарч, батламж, дөрвөн сая төгрөгөөр шагналаа.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ