Эрүүл мэндийн яам бүтцийн өөрчлөлт хийж, тодорхой албан тушаалтан, зарим албан хаагчдыг ажлаас чөлөөлсөн, чөлөөлөөгүй гэх асуудал олны анхаарлыг татаад буй. Цар тахалтай тэмцэх энэ хүнд цаг үед Эрүүл мэндийн яаманд албан тушаалын маргаан үүсч байгаа нь ч өөрөө олон нийтийн дунд маргаан үүсгэж байна. Ялангуяа Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг халдварын голомт болсон, өнөөдөр Хавдар судлалын үндэсний төвийн хоёр эмчийн эхний шинжилгээ эерэг гарсан, эмч, сувилагч нар халдвар авсан ийм цаг үед энэ асуудлыг тодорхой шийдэлд хүргэх ёстой. Тиймээс бид ЭМЯ-ны ажлаас чөлөөлөгдөх, шилжих тушаал авсан 97 хүний нэрсийг зарлаж байна. Мөн мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс ЭМЯ-ны байр суурийг ч бид нэгтгэж хүргэж байна.
"97 АЛБАН ХААГЧДЫН 20 ГАРУЙ НЬ ХАЛАГДАЖ, ҮЛДСЭН НЬ ӨӨР ХЭЛТЭС, АЛБА РУУ ШИЛЖИЖ БАЙГАА"
Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулатын бүтцийн өөрчлөлтийн бүтэц, орон тооны хязгаар шинэчлэн батлагдсантай холбогдуулан нэр бүхий 97 албан хаагчийг энэ сарын 25-ны өдрөөс чөлөөлөх тушаалыг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал гаргасан байна.
ЭМЯ нийт долоон газар, хэлтэсийн 97 албан хаагчийг чөлөөлөхөөр болжээ. Тодруулбал,
- Төрийн захиргааны удирдлагын газраас-15 албан хаагчийг
- Хуулий хэлтэс-4
- Гадаад хамтын ажиллагааны хэлтэс-4
2.Бодлого төлөвлөлтийн газар-9
- Эрүүл мэндийн даатгалын бодлогын хэлтэс-3
- Эрүүл мэндийн цахим мэдээллийн хэлтэс-4
3. Эдийн засаг, Санхүү, Хөрөнгө оруулалтын газар-1
- Эдийн засаг, санхүүгийн хэлтэс-9
- Хөрөнгө оруулалтын хэлтэс-5
4.Эмнэлгийн тусламжийн газар-7
- Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтэс-4
- Уламжлалт анагаах ухааны хэлтэс-3
5.Нийгмийн эрүүл мэндийн газар -8
- Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтэс-5
6.Эм, үйлдвэрлэл технологийн газар-6
- Эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн хэлтэс-4
7.Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар-7
Эдгээр 97 албан хаагчдын 20 гаруй нь халагдаж байгаа бол үлдсэн 50 орчим албан хаагчийг яамны шинэ бүтцийн дагуу байршуулан томилох, зарим албан хаагчийг шинээр байгуулагдаж буй Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлэн ажиллуулах юм байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, ЭМЯ-ны Шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал нар халагдах хүмүүсийн жагсаалтад орсон байна. Гэхдээ ЭМЯ-ны Шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл яаманд мэргэжилтнээр үлдэж байгаа гэх мэдээлэл байна.
Ш.АДЪЯАМАА
ЭМЯ: АЖЛААС ХАЛАГДАХ МЭДЭГДЭЛ АВСАН НЭГ Ч ХҮН БАЙХГҮЙ
Эрүүл мэндийн яамны /ЭМЯ/ Шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал нарыг ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээлэлд ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П. Эрхэмбулган өнөөдөр /2020.12.25/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Засгийн газрын 155 дугаар тогтоолоор аравдугаар сарын 21-ний өдөр яамны бүтэц чиг үүрэг өөрчлөх шийдвэр гарсан. Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх гэж байтал дотоодод халдвар тархсан учраас төрийн албаны тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор ЭМЯ хуучин бүтэц чиг үүргийнхээ дагуу ажилласан.
Засгийн газрын тогтоолоор баталсан хүний орон тоо бол 100. Дээрх тооны хүмүүс дунд буцаан, байршуулан, шилжүүлэн, сэлгэх томилгоо асуудлууд эхнээсээ хийгдэж байна. Ажлаас халагдах мэдэгдэл авсан нэг ч хүн байхгүй. Харин шилжүүлэн ажиллах тушаал бол гарсан.
Эм эмнэлгийн асуудал хариуцсан агентлаг тусдаа байгуулагдаж байгаа бөгөөд ирэх 2021 оны нэгдүгээр сарын 1-ээс үйл ажиллагаа нь эхэлнэ. Энэ байгууллагыг яаман дээр хариуцдаг байсан зарим чиг үүрэг нь эм эмнэлгийн асуудал хариуцсан агентлаг руу шилжиж байна гэсэн үг. Тиймээс энэ асуудлыг хариуцаж байсан хүмүүс агентлаг руу шилжиж ажиллах шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл, төрийн захиргааны албан хаагч төрийн захиргааны байгууллага руу шилжиж байна гэсэн үг. Үүнээс гадна эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын чиг үүргийн өргөтгөх засгийн газрын шийдвэр арваннэгдүгээр сарын 11-ний өдөр гарсан. Тус байгууллагад шилжиж ажиллах тодорхой тооны алба хаагчид бас бий. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбарын маш чухал үүрэг бүхий хоёр агентлагийн нэгнийх нь үйл ажиллагаа нэлээд өргөжиж, нөгөөх нь шинээр байгуулагдах гэж байна. Энэ бол ажлаа зөв зохион байгуулахын тулд ажилчдыг шилжүүлэн ажиллуулах л асуудал юм. Түүнээс ямар нэг байдлаар хүмүүсээ ажлаас нь халсан зүйл огтхон ч байхгүй" гэлээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ