Алт тушаалт рекорд эвдэж, 22 тоннд хүрэв

Хуучирсан мэдээ: 2020.12.25-нд нийтлэгдсэн

Алт тушаалт рекорд эвдэж, 22 тоннд хүрэв

Алт тушаалт рекорд эвдэж, 22 тоннд хүрэв

Монголбанкинд тушаагдах алтны хэмжээ  эрс өсч, өмнөх жилүүдийн рекордыг эвдсэн нь гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлсэн тулгуур болоод зогсохгүй төгрөгийн ханш тогтвортой хадгалагдах найдвар төрүүлээд байна.

Статистик мэдээ сонирхуулбал, төв банк 2020 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн байдлаар 22 тонн үнэт металл худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.8 тонноор нэмэгджээ.

Сүүлийн 5 жилд төв банк 100 орчим тонн үнэт металл худалдан авсан нь гадаад валютын улсын нөөцийг 3.7 тэрбум ам.долларт хүргэх хөшүүрэг болсон байна.

Алт тушаалт өсөхөд нөлөөлсөн гол хөшүүрэг нь Монголбанк алтны үнийг өдөр бүр Лондонгийн металлын биржийн үнээр шинэчлэн тогтоож, олон улсын зах зээлийн ханшаар худалдан авдаг болсонтой холбоотой аж.

Эл шийдвэр 2017 оноос төв банкны ерөнхийлөгчийн шийдвэрээр хэрэгжиж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, Covid-19 цар тахлын улмаас хил хаагдан, алтыг хууль бусаар гаргах боломжгүй болсон нь төв банкинд тушаагдах алтыг нэмэгдүүлсэн гэх таамаглалыг няцааж буй юм.

Нөгөө талдаа дэлхий дахинд алтны үнэ өссөн нь алт олборлогч дотоодын аж ахуй нэгж, иргэдэд эерэг нөлөө үзүүлжээ. Тухайлбал, Монголбанкны өнгөрсөн нэгдүгээр сард 1 грамм алтыг худалдан авах дундаж үнэ 137,211.81 төгрөг байсан бол зургадугаар сард 167,504.44 төгрөг, арваннэгдүгээр сард 170,810.51 төгрөг болж, тогтмол өсч иржээ. Энэ нь төв банк дотоодын зах зээлийн үнээс хамгийн өндөр буюу олон улсын зах зээлийн ханшаар алтны үнийг тогтоодог болсонтой холбоотой гэж дүгнэж болох нь.

Үндэслэлийг баталгаажуулахын тулд Монголбанк 2020 оны нэгдүгээр сараас эхлэн хэчнээн тонн алт аж ахуй нэгж, иргэдээс авав, алт худалдан авах үнэ нь олон улсын зах зээлийн ханштай хэрхэн уялдаж өссөнийг харуулъя.

  • 2020 оны нэгдүгээр сард 3,558 кг үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үед 597 кг үнэт металл худалдан авснаас 2,960 кг-аар их буюу 5 дахин өссөн бол энэ сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 137,211.81 төгрөг.
  • 2020 оны эхний хоёр сард нийт 4.3 тонн үнэт металл худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 856 кг-аар өссөн бол 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 140,292.94  төгрөг.
  • 2020 оны гуравдугаар сард нийт 5.3 тонн үнэт металл худалдан авсан. Үүнээс 3.6 тонн нь алт, 1.7 тонн цагаан мөнгө. 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 141,512.11  төгрөг.
  • 2020 оны дөрөвдүгээр сард 1.4 тонн үнэт металл худалдан авсан, 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 149,986.18  төгрөг.
  • 2020 оны тавдугаар сард 1.7 тонн үнэт металл худалдан авсан, 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 154,048.51  төгрөг.
  • 2020 оны зургадугаар сард 2.3 тонн үнэт металл худалдан авсан, 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 156,422.38  төгрөг.
  • 2020 оны долдугаар сард 2.2 тонн үнэт металл худалдан авсан,  1 грамм алт худалдан авах дундаж үнэ 167,504.44  төгрөг.
  • 2020 оны наймдугаар сард 1.7 тонн үнэт металл худалдан авсан,  1 грамм алтны  дундаж үнэ 180,096.17  төгрөг.
  • 2020 оны есдүгээр сард 2.3 тонн үнэт металл худалдан авсан, 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 176,494.48  төгрөг.
  • 2020 оны аравдугаар сард 2.1 тонн үнэт металл худалдан авсан, 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 174,145.46  төгрөг.
  • 2020 оны арванэгдүгээр сард 1.7 тонн үнэт металл худалдан авсан, 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 170,810.51 төгрөг.

Өөрөөр хэлбэл, төв банк 2017 оноос өмнө нь дотоод зах зээлийн үнэд түшиглэн алтны үнийг тогтоож, тушаагдсан алтнаас  тээврийн зардал, цэвэршүүлэлтийн зардал зэргийг суутган авдаг байсан нь ченжүүдэд боломж олгож иржээ. Иймээс алт худалдан авах бодлогодоо өөрчлөлт оруулж, олон улсын зах зээл дээрх ханшаар алт худалдан авдаг болсон нь алгуураар төв банкинд тушаагдах алтны хэмжээг өсгөж чадсан байна.

Мөн алт олборлогч компани, бичил уурхай эрхлэгчид Улаанбаатар хотыг зорихгүйгээр шууд Монголбанкинд алтаа худалдах боломж бүрдүүлэхийн тулд Дархан-Уул, Баянхонгор аймгуудад үнэт металлын сорьцын лаборатори байгуулж, алт тушаах боломж ч бүрдүүлжээ.

Энэ ажлыг төв банк Стандарт хэмжил зүйн газрын Үнэт металлын сорьцын хяналтын газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн дэмжлэгтэйгээр хамтран хэрэгжүүлсэн байна.

Алт олборлогчдод зээл олгож, үнэт металлын арилжаа эрхлэгч иргэдэд тусгай зөвшөөрөл олгох, үнэт металлын сорьцын шинжилгээний үр дүнг цахимаар хүлээн авч, төлбөр тооцоог ч цахимаар хийх боломжийг бүрдүүлсэн нь  Монголбанкинд худалдах үнэт металлын хэмжээг огцом өсгөсөн гэж эдийн засагчид дүгнэж байна.

Мөн алт тушаалт нэмэгдсэний үр дүнд хууль бусаар хил давдаг байсан алтны "урсгал" саарч, гадаад, дотоод хүчин зүйлээс шалтгаалж, эдийн засагт үүсч болзошгүй "шок"-ийг бууруулах боломж бүрджээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж