Мөрдөн шалгах ажилд гишүүд нөлөөлөх ёсгүй

Хуучирсан мэдээ: 2016.03.22-нд нийтлэгдсэн

Мөрдөн шалгах ажилд гишүүд нөлөөлөх ёсгүй

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Л.Түвшинжаргалыг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс баривчилсан билээ. Гол нь Л.Түвшинжаргал нь хөхүүл хүүхэдтэй гэдэг утгаараа ар гэрийнхэнтэй нь уулзуулах асуудал яригдаж байсан.

Тэгвэл өнөөдөр Улаанбаатар хотын цагдаагийн газарт энэ асуудлаар хэвлэлийн хурал зарласан юм. Энэ үеэр ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгийн мэдээлснээр Л.Түвшинжаргалыг Эрүүгийн хуулийн 148-4-т заасан онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгааг дуулгалаа. Тэрбээр  “Л.Түвшинжаргалыг ар гэрийнхэнтэй нь уулзуулах хүсэлтийг өмгөөлөгчийн зүгээс өчигдөр тавьсан. Хуулийн хүрээнд тав хоногийн дотор асуудлыг шийдвэрлэдэг. Энэ удаад нэг хоногийн дотор шийдвэрлэж, улмаар ар гэрийнхэнтэй нь уулзуулах хүсэлтийг өнөөдөр гаргалаа” хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Энэ талаар Ц.Түвшинжаргалын өмгөөлөгч Д.Пүрэвбаатараас тодруулахад “Цагдаагийн байгууллагаас энэ асуудалд шуурхай шийдвэр гаргасан. Одоо Л.Түвшинжаргалыг ар гэрийнхэнтэй нь уулзуулахаар бэлтгэж байна” гэх мэдээллийг өгсөн юм. “Л.Түвшинжаргалын гэрт нэгжлэг хийхдээ хөндлөнгийн гэрчийг байлцуулаагүй” гэх сэжигтний талын өмгөөлөгчийн шүүмжлэлийг мөрөөр тодруулахад “Л.Түвшинжаргалын гэрт нэгжлэг хийхдээ прокурорын байгууллагын зөвшөөрөлтэйгөөр, хөндлөнгийн гэрчийг оролцуулсан” гэлээ. Хөхүүл хүүхэдтэй хүнийг хууль бусаар цагдан хорьсон гэх мэдээлэлд цагдаагийн байгууллагын зүгээс “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68-9-д зааснаар хөхүүл хүүхэдтэй хүнийг цагдан хорьж болохгүй гэх заалтыг өмгөөлөгчийн зүгээс хэлж байгаа. Гэхдээ тус хуулийн 68-9-д Онц хүнд гэмт хэрэгт сэжиглэгдсэн болон, 168-2-т заасан шинжийг агуулаагүй бол цагдан хорихыг хориглоно гэсэн заалт бий. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн 168-2-т заасан үндэслэл бий учраас цагдаагийн байгууллага хуулийн дагуу үйл ажиллагаа явсан” гэж мэдээллээ.

Мөн УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Эрдэнэчимэг нарын шүүмжлэлд ЦЕГ-аас хариу өгөхдөө мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байхад УИХ-ын гишүүд гэх мэтчилэн хөндлөнгийн хэн нэгэн нөлөөлөх боломжгүй гэдгийг энэ үеэр хэллээ. Дашрамд дуулгахад, шүүхээс Л.Түвшинжаргалыг Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын 32 га газрыг 3200 га болгон хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж үзэн үргэлжлүүлэн 14 хоног хориг шийдвэр гаргасан билээ. Л.Түвшинжаргал нь Х.Баттулгыг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхад туслахаар нь ажилладаг байсан юм. Түүний дансаар зургаан сая доллар ороод гарсан талаар зарим хэвлэлээр мэдээлсэн билээ.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж