Дэлхийн шар айрагны тэргүүлэх брендүүдийн нэг “Budweiser”-ийн зүгээс саяхан домогт Пелегийн амжилтыг эвдсэн Лионель Мессид зориулан нэг сонирхолой бэлгийг задалжээ. Лионель Месси өнгөрөгч амралтын өдөр Валладолид багийн эсрэг нэг гоол оруулснаар нэг багийнхаа төлөө 644 гоол оруулсан түүхэн дэх анхны хөлбөмбөгчин болсон юм. Үүнтэй холбогдуулан "Budweiser" компанийн зүгээс Лионель Мессигийн 644 гоолыг хаалгандаа алдсан нийт 160 хаалгач тус бүрт тусгайлан хийгдсэн 1-ээс 644 хүртэлх тоотой шилтэй шар айрагнуудыг үйлдвэрлэн илгээжээ.
Budweiser компанийн твиттер хуудаснаа “Хөлбөмбөгт амар гоол гэж үгүй. Ийм учраас бид Лионель Мессигийн 644 гоол тус бүрт тусгайлан шар айраг үйлдвэрлэлээ. Эдгээрийг бүгдийг нь түүхийн нэг хэсэг болсон 160 хаалгачид илгээлээ” хэмээжээ.
Алмериа, Валенсиа багуудад хүчин зүтгэж байсан Диего Алвес руу нийт 21 шар айраг илгээсэн бол Реал Мадрид болон Испанийн шигшээн домогт хаалгач Икер Касильяс руу 17 шар айраг илгээжээ. Одоогоор Атлетико Мадрид багийн хаалгач Ян Облак 488, 595, 614 гэсэн дугаартай шар айргыг, Ювентус багийн домогт хаалгач Жанлуижи Буффон 514, 515 гэсэн дугаартай шар айргыг, Челсигийн хаалгач Кепа Арризабалага 523, 542 гэсэн дугаартай шар айргыг тус тус хүлээн авснаа олон нийтэд дэлгээд байна.
Холбоотой мэдээ