Дөрвөн жилийн хугацаанд дөрвөн сонгуульд дараалан үнэмлэхүй ялагдал хүлээгээд байгаа АН-ын дотоод асуудал өнөөдөр нарийн төвөгтэй, тун ээдрээтэй болчихоод байна. Намын дотоод дүрмээр УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн тэр өдрөөс эхлэн намын дарга нь огцорч, ҮБХ нь 30 хоногийн дотор хурлаа хийх ёстой. Гэвч, орон нутгийн сонгууль дөхсөн гэх шалтгаанаар АН хурлаа хийгээгүй. Намын ерөнхий удирдлагыг атгаж байсан Үндэсний бодлогын хороо нь эрх зүйн чадамжгүй болж хоцорсон. Үүний дараа АН-ын Их хурлыг 90 хоногийн дотор зарлан хуралдуулах байсан ч бас л хурал болсонгүй. Харин X их хуралтай давхцаад АН-ын даргын эрх мэдэл С.Эрдэнэд байна уу, эсвэл Ц.Туваанд байна уу гэсэн асуулт, эргэлзээ үүссэн. УИХ-ын сонгуулийн дараа С.Эрдэнэ АН-ын тамгыг Ц.Туваанд хүлээлгэн өгсөн ч Улсын дээд шүүх дээр С.Эрдэнэ бол АН-ын дарга гэсэн бүртгэл нь хэвээрээ байгаа.
Тиймээс тамгатай, тамгагүй, бүртгэлтэй, бүртгэлгүй дарга нарын дунд талцал, маргаан үүсч, асуудал шүүх цагдаадаа тулжээ.
Өнөөдөр тус намд хүчин төгөлдөр, эрх зүйн чадамжтай хоёрхон нэгж бий. Нэг нь дотоод сонгуулийн хороо, нөгөө нь Дүрмийн хороо. Бусад нь бүгд эрх зүйн чадамжгүй болж, нам үндсэндээ толгойгүй, морь унасан хүн гэдэг шиг л байдалд оров. Гэвч өнөөх эрх зүйн чадамжтай Дотоод сонгуулийн хороо, Дүрмийн хороо болон үүрэг гүйцэтгэгч дарга нар нь ганц хүний халаасанд орж, АН ердөө Ерөнхийлөгчийн Тамгын газар болж хувирсан.
Нэг бүдэрвэл долоо бүдэрнэ гэгчээр АН-аас нэр дэвших замаа засаад эхэлсэн Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшор гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаж, АН-ын нэр хүндэд ч сөргөөр нөлөөлөх болжээ. Уг нь Х.Баттулгын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн гол пиар нь бусдын оффшорыг олж “дэлбэлэх” байсан. Гэтэл өөрийнх нь оффшорыг Өдөр тутмын сонингуудын эрэн сурвалжлах нэгдэл дэлгэж, үүнд Ерөнхийлөгчийн зүгээс тайлбар мэдээлэл өгөөгүй байгаа билээ.
Үнэндээ өнөөдөр, АН нам биш компани болж хувирахад, дөрөв дараалан сонгуульд ялагдахад Ерөнхийлөгч Х.Баттулгын оролцоо, нөлөөлөл их байсан. Намынхаа бүх өрсөлдөгчөө шоронд суулгах, шүүхэд дуудах замаар өнгөрсөн жилүүдэд өөрийнхөө нэр дэвших бүх замаа зассан гэхэд болно. Харамсалтай нь, "хүн тэжээвэл толгой цусадна" гэдгийг АН-ынхан одоо л олж харсан биз. Х.Баттулгыг тэрбумтан Ерөнхийлөгч болгосон нь үнэндээ АН байсан, алдаа нь энэ байлаа.
Х.Баттулга УИХ-ын сонгуулийн дараа АН-ыг гартаа авахын тулд бүх л талаар довтлож байна. Эхнийх нь С.Эрдэнийг шахан Ц.Туваанд тамга хүлээлгэн өгөх ажлыг маш хурдан хийсэн. Ц.Тувааныг С.Эрдэнэ өөрийн хүн гэж эндүүрсэн нь түүний хамгийн том алдаа байв. Ц.Туваан Х.Баттулгатай эртнээс ойр дотно, Ерөнхийлөгчийг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд байхад нь дэд сайдаар нь ажилладаг байсан билээ. Хоёр дахь өнгөрсөн гурван жил өөрийнх нь Байгаль орчин, хот хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдол хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан Д.Пүрэвдаваад нийслэлийн Ардчилсан намыг авч өгсөн гэх хардлага.
Үнэндээ өнгөрсөн орон нутгийн сонгуульд АН-ынхан МАХН-ын дарга Н.Энхбаяртай эвсэх хүртлээ доошоо орсон нь Х.Баттулгын санаа байлаа.
АН-ын дараалсан ялагдалд хожсон хүн бол Ерөнхийлөгч Х.Баттулга болж харагдаж байна. Учир нь, ирэх онд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас өрсөлдөгчгүйгээр нэр дэвших бүх тактикийг ашиглаж байна. Уг нь АН-ын дүрэмд хэнийг хэрхэн Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх бэ гэсэн тодорхой заалт бий.
Тодруулбал, намын дүрмийн 5.12.4.2-т Намын анхан, дунд шатны гишүүдийн саналд үндэслэн намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн нууц санал хураалтаар шийдвэрлэх гэж нарийвчлан зааж өгсөн.
Тодруулбал, Х.Баттулга нэр дэвшихийн тулд бүх гишүүдээсээ санал авах ёстой. Харамсалтай нь, өнгөрсөн дөрвөн жил АН-ын эсрэг ажилласан түүнийг жирийн гишүүд нь дэмжихгүй гэдгээс айсан биз. Тиймээс Х.Баттулгад зориулан Ц.Туваан дарга толгойлон тусгайлан заалт гаргаж өгчээ. АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин сонгогдон ажиллаж байгаа иргэн дахин нэр дэвших хүсэлт гаргасан тохиолдолд энэхүү дүрмийн 5.12.4.2 т заасан журмыг баримтлахгүйгээр намын Их хурал, ҮБХ-оор шууд өрсөлдөгчгүйгээр хэлэлцэн шийдвэрлэх гэсэн заалт шинээр оруулжээ.
Намын дүрмийг ийнхүү өөрчилснөөрөө АН-ын ардчилал бүрэн устаж, Х.Баттулгын дарангуйлал тус намд баталгаажлаа гэж хэлж болно. Өнөөдөр намынхаа дүрмийг өөрчилж, өрсөлдөгчгүйгээр нэр дэвшихийг хүсч буй Х.Баттулга маргааш Үндсэн хуулийг өөрчилж, Монголд дарангуйлал тогтоохгүй гэсэн баталгаа байхгүй. Учир нь, тэр В.Путиныг дуурайх дуртай билээ.
Б.БАТ
Холбоотой мэдээ