Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Хуучирсан мэдээ: 2020.12.25-нд нийтлэгдсэн

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.12.25) хуралдаан 11 цаг  30 минутад эхэлж, Коронавируст халдвар /КОВИД-9/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас энэ сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхэр тус Байнгын хороонд шилжүүлсэн юм.

Улсын Их Хурлаас 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Коронавируст халдвар /КОВИД-9/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг яаралтай горимоор хэлэлцэн баталсан. Уг хуулийн хүрээнд Засгийн газрын 29, Улсын онцгой комиссын 12 тогтоол, 32 хурлын тэмдэглэлээр яамд, төрийн захиргааны байгууллага, засаг захиргааны нэгж, хуулийн этгээдэд давхардсан тоогоор Засгийн газрын тогтоолоор 174, Улсын онцгой комиссын тогтоолоор 52, хурлын тэмдэглэлээр 293 үүрэг, чиглэл өгсний дагуу холбогдох арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж байгаа аж.

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор Засгийн газрын тогтоолоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, үйлчлэх хугацааг 10 удаа, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, үйлчлэх хугацааг 4 удаа сунгаад байгаа. Гэлээ ч улс орны нийгэм, эдийн засгийн чадавх, төсөв, санхүүгийн байдлаас шалтгаалан зарим шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй байна. Цаашид коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал энэ байдлаар удаан үргэлжилбэл Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нэн ялангуяа нийгмийн эрүүл мэндийн аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, эдийн засгийн хямралт нөхцөлийн түвшинд хүргэхэд ойрхон байна гэж Засгийн газар үзсэн байна.

Иймээс цар тахлын өнөөгийн болон цаашид үүсэх нөхцөл байдал, түүний эсрэг улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, туршлага, сургамж, Монгол Улсад тулгарч байгаа сорилт, хүндрэл бэрхшээлийг харгалзан Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, холбогдох бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээний санал, дүгнэлт, Засгийн газрын гишүүд, агентлагын дарга, Засаг дарга нарын ирүүлсэн саналыг үндэслэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгах, хуульд зарим нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр уг хуулийн төслийг боловсруулжээ.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг зүйл тус бүрээр нь хэлэлцэж, гишүүд асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Мөн төслийн зарим зүйл, заалттай холбогдуулан гишүүдээс бичгээр гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж шийдвэрлэн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлтээ зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудын хамт чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр хуулийн үйлчлэх хугацааг сунгахын зэрэгцээ коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалтай тэмцэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх зарим нэр томьёоны тодорхойлолтыг шинээр нэмж оруулах; цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаатай холбогдох Улсын Их Хурал, Засгийн газар, Улсын Онцгой комиссын үүрэг, авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой болгох; төрийн захиргааны байгууллагын хэрэгжүүлэх үйл ажиллагаа, салбар хоорондын харилцан ажиллагааны уялдаа, авч хэрэгжүүлэх арга хэмжээг нэмэгдүүлэх; зарим нэн шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох татвар, торгуулиас чөлөөлөх асуудлыг нэмэлт, өөрчлөлтөөр оруулахаар зохицуулжээ.

Мөн цар тахлын үед гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимд байршуулсан барааг гаалийн нутаг дэвсгэрээс буцаан гаргах хугацаа, улсын хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн хугацаа хэтэрсэн тохиолдол, мөн гадаадын иргэн, харьяалалгүй хүний бүртгэл, виз болон оршин суух зөвшөөрлийн хугацаатай холбоотой зохицуулалтыг нэмэхээр тусгасан байна. Түүнчлэн цар тахлын үед байгууллага, хуулийн этгээд, иргэний зарим үүрэг, хориглох үйл ажиллагааг нэмж тусгах; бусад хууль тогтоомжоор зохицуулж байгаа зарим давхардсан хэсэг, заалтыг хүчингүй болгож, зарим хэсэг, заалтыг хууль тогтоомжтой нийцүүлэн өөрчлөн найруулахаар зохицуулсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж