Цар тахлын үед авч буй арга хэмжээ, үр дүнгийн талаар мэдээлэл сонсов

Хуучирсан мэдээ: 2020.12.25-нд нийтлэгдсэн

Цар тахлын үед авч буй арга хэмжээ, үр дүнгийн талаар мэдээлэл сонсов

Цар тахлын үед авч буй арга хэмжээ, үр дүнгийн талаар мэдээлэл сонсов

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.12.25) хуралдаан 09 цаг  06 минутад 68.2 хувийн ирцтэйгээр цахимаар эхэлж, таван асуудал хэлэлцэв.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Коронавируст халдварын цар тахлын үед татвар, нийгмийн даатгалын шимтгэл, халамжийн чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй аргам хэмжээ, түүний үр дүнгийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын мэдээллийг сонсов.

Засгийн газрын зүгээс Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, амьжиргаа, орлогыг дэмжих, ажлын байрыг хадгалах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгийн хүндрэлээс сэргийлж, эрчимжүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байгааг Сангийн сайд мэдээллийнхээ эхэнд онцлоод энэ чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Иргэдэд 2020 онд үзүүлсэн халамж, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлтийн хэмжээ 2 их наяд 375.0 тэрбум төгрөгт хүрчээ. Энэхүү дэмжлэгийн нийт хэмжээ нь төрийн 198 мянган албан хаагчдын 1.6 жилийн цалин, эсхүл аж ахуйн нэгжийн 156 мянган ажилтны бүтэн жилийн цалингийн сантай тэнцэхээр байгаа аж. Энэ хугацаанд хувийн хэвшилд ажиллаж байгаа 989 мянган ажилтан цалингийн орлогодоо суутгуулах байсан 198.0 тэрбум төгрөгийн татварыг, 570 гаруй мянган даатгуулагч иргэн НДШ-д төлөх байсан 566.8 тэрбум төгрөгийн шимтгэлийг тус тус өөртөө авч үлджээ. Ингэснээр нэг ажилтан сард дунджаар 241 мянган төгрөг, зургаан сарын хугацаанд нийт 1,446 мянган төгрөгийг татвар, нийгмийн даатгалын байгууллагад төлөх байснаас чөлөөлөгдсөн байна.

Аж ахуй эрхлэх үйл ажиллагаа нь цар тахлаас болж саатсан, орлого нь 50-иас дээш хувиар буурсан 7.3 мянган ААН-ийн ажлын байрыг нь хадгалснаар 220 мянган ажилтанд нийтдээ 44.2 мянган төгрөгийг ажилгүйдлийн даатгалын сангаас олгожээ. Цар тахлын үед төрийн шийдвэрээр үйл ажиллагааг нь зогсоосон, түүнчлэн борлуулалтын орлого нь өмнөх жилийн мөн үеэс 50 болон түүнээс дээш хувиар буурсан боловч ажлын байрыг хадгалж үлдсэн аж ахуйн нэгжийн ажилтан бүрд сар бүр 200 мянган төгрөгийг 3 сарын хугацаанд олгосон нь өрхийн орлогыг нэмэгдүүлж, ажил олгогч ажилтныхаа ажлын байрыг хадгалахад тодорхой хувь нэмэр болсон байна.

Аж ахуйн нэгжүүд 2020 онд нийт 783 тэрбум төгрөгийн татвар, НДШ болон тэдгээрт ногдуулсан алданги, торгуулиас чөлөөлөгдсөн байна. Энэ хэмжээний мөнгөөр хувийн хэвшилд 52.2 мянган хүний нэг жилийн цалинг олгох боломжтой. Ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг энэ оны 4-10 сар хүртэл зургаан сарын турш “тэглэх” болон оны үлдсэн гурван сард 5 хувь болгож хөнгөлөх шийдвэр гаргаснаар 38.6 мянган аж ахуйн нэгж 641.1 тэрбум төгрөгийг, жилийн 1.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой 104.4 мянган ААН-ийг орлогын албан татвараас 9 сарын хугацаанд чөлөөлснөөр 78.9 тэрбум төгрөгийг, түүнчлэн хуульд заасан хугацаанд тайлагнасан боловч төлж чадаагүй татвар, НДШ-ийн алданги, торгуулиас давхардсан тоогоор 462 мянган ААН-ийг 7 сарын хугацаанд чөлөөлснөөр 62.6 тэрбум төгрөгийг аж ахуйн нэгжүүд өөртөө авч үлджээ.

Цар тахлын үед өрх, иргэнд чиглэсэн нийгмийн хамгааллын хариу арга хэмжээнд 2020 онд нийт 1 их наяд 253 тэрбум 200 сая төгрөгийг төсвөөс зарцуулжээ. Үүнд, 1.2 сая хүүхдэд олгох мөнгийг 9 сарын турш 100 мянган төгрөгт хүргэн нэмэгдүүлж сар бүр олгосон хүүхдийн мөнгөн тэтгэмжид 1,060.4 тэрбум төгрөг, 59.3 мянган ахмад, 11 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд 8 сарын турш 288 мянган төгрөгт хүргэн нэмэгдүүлж сар бүр олгосон халамжийн тэтгэвэр, тэтгэмжид 145.6 тэрбум төгрөг, орлого багатай өрхийн 123.5 мянган том хүн, 118.4 мянган хүүхдэд хэмжээг нь 2 дахин нэмэгдүүлж 5-8 сарын хугацаанд олгосон хүнсний талонд 53.2 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Энэ хугацаанд давхардсан тоогоор хувийн хэвшлийн 661 мянган ажлын байрыг хадгалж чадсан байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг 2020 оны 4 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл нийт 6 сарын хугацаанд бүрэн чөлөөлснөөр 38 мянган аж ахуйн нэгжийн 400 гаруй мянган ажлын байрыг, өөрөөс үл хамаарах шалтгаанаар үйл ажиллагаа нь зогссон болон борлуулалтын орлого нь 50 болон түүнээс дээш хувиар буурсан ААН-ийн ажилтнуудад гурван сарын туршид сар бүр 200 мянган төгрөг олгосноор 221 мянган ажлын байрыг тус тус хадгалан үлдэж чаджээ. Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн түрээсийн төлбөрийн дарамт цар тахлын үед 18.8 тэрбум төгрөгөөр буурсан байна. Энэ оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл түрээсийн төлбөрөө бууруулсан аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлжээ. Энэхүү арга хэмжээний үр дүнд 2020 онд 3.4 мянган түрээслэгч түрээс 18.8 тэрбум төгрөгөөр буурсан байна.

Засгийн газраас гаргасан цахилгаан, дулааны эрчим хүч, уур, ус, хогны төлбөрийг чөлөөлөх шийдвэр нь айл өрх, ААН-ийн зардлыг бодитойгоор бууруулж орлогыг нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалахад чухал хувь нэмэр болно. 2020 оны 12 сарын 1-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд 870 гаруй мянган айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр болон энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг төрөөс хариуцан төлөхөөр шийдвэрлээд байна. Цахилгаан, дулааны эрчим хүчний төлбөрт 477.2 тэрбум төгрөг, усны төлбөрт 108.2 тэрбум төгрөг, хог хаягдлын үйлчилгээний хураамжийн төлбөрт 26.6 тэрбум төгрөг зарцуулахаар байна гэдгийг Сангийн сайд тодотгов.

Мөн зарим төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварыг чөлөөлсөн нь хүнсний хангамжийг тогтворжуулах, хомсдол бий болохоос сэргийлэхэд эерэгээр нөлөөлсөн. Энэ оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 15.0 мянган тонн элит үрийн улаан буудай, дотоодын гурилын үйлдвэрлэлд шаардагдах 160.0 мянган тонн хүнсний улаан буудай, бүх төрлийн хүнсний будаа, элсэн чихэр, ургамлын тосыг 24.3 тэрбум төгрөгийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн. Түүнчлэн бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тос болон өвс, мал, амьтны тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөөд байна.

Түүнчлэн одоогийн байдлаар 220 аж ахуйн нэгж, 99 иргэний импортолсон эм, эмнэлгийн хэрэгслийг 15 тэрбум төгрөгийн татвараас чөлөөлөөд байна. Энэ оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх зорилгоор импортоор оруулж байгаа оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, амны хаалтыг гаалийн албан татвараас чөлөөлнө. Энэхүү арга хэмжээний үр дүнд дотоодод борлуулж байгаа нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлж, борлуулалтын үнийг тогтворжуулсныг Сангийн сайд мэдээлэлдээ дурдав.

Дараа нь Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Коронавируст халдвар цар тахлын үед нийгмийн хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар Байнгын хорооны хуралдаанд мэдээлэл хийсэн хийсэн юм.

Нийгмийн даатгалын чиглэлээр: Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийг Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы  2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар баталсан.  2020 оны 4-9 дүгээр сард нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд 38.4 мянган ажил олгогч, тэдгээрт ажиллаж байгаа 410.6 мянган даатгуулагч, сайн дурын 156.5 мянган даатгуулагч хамрагдаж, нийт дүнгээр 566.8 тэрбум төгрөгийн шимтгэлээс чөлөөлөгдсөн байна. Тухайлбал, нийт шимтгэлийн чөлөөлөлтийн 74.8 хувийг 31.8 мянган хувийн хэвшлийн аж ахуйн нэгж (ХХК), тэдгээрт ажиллаж байгаа 388.4 мянган даатгуулагч, 13.2 хувийг 1.9 мянган гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, тэдгээрт ажиллаж байгаа 42.3 мянган даатгуулагч тус тус эдэлсэн байна.

Харин энэ оны 4-6 дугаар сард ажилгүйдлийн даатгалын сангаас 7.3 мянган ажил олгогчийн 80.9 мянган даатгуулагчийн дэмжлэгт 44.9 тэрбум төгрөг олгожээ. Тухайлбал, эрх бүхий байгууллагаас үйл ажиллагааг нь зогсоосон 5844 аж ахуйн нэгжийн 64.2 мянган даатгуулагчид 35.6 тэрбум төгрөгийн дэмжлэг олгосон бол борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс 50 ба түүнээс дээш хувиар буурсан 1420 аж ахуйн нэгжийн 16.7 мянган даатгуулагчид 9.3 тэрбум төгрөгийн дэмжлэг олгосон. Мөн энэ оны 10-12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлтөд хүлээгдэж буй гүйцэтгэлээр 39.0 мянган ажил олгогч, 493.3 мянган албан журмын даатгуулагч, 162.9 мянган сайн дураар даатгуулагч хамрагдаж, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 3.5 хувиар, тэтгэмжийн, ажилгүйдлийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг бүрэн чөлөөлснөөр ажил олгогч, даатгуулагч нийт дүнгээр146.4 тэрбум төгрөгийн шимтгэлээс чөлөөлөгдөхөөр байгааг сайд мэдээлэлдээ тодотгов.

Харин 2021 оны 1-6 дугаар сард тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1.0 хувиар, тэтгэмжийн, ажилгүйдлийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг бүрэн чөлөөлснөөр 39 мянган ажил олгогч, 493.3 мянган албан журмын, 162.9 мянган сайн дураар даатгуулагч хамрагдах бөгөөд нийт дүнгээр 198.9 тэрбум төгрөгийн шимтгэлээс чөлөөлөгдөж байгаа. Түүнчлэн 2020 оны 2, 3 дугаар сард Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаа үнэн зөв ногдуулж тайлагнасан боловч хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад аж ахуйн нэгж, байгууллагыг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Энэ арга хэмжээнд 6.2 мянга орчим аж ахуйн нэгж, байгууллага  13.9 тэрбум төгрөгийн торгох шийтгэл, алдангиас чөлөөлөгдсөнийг дурдав.

Хөдөлмөр эрхлэлт, ажил олгогчид чиглэсэн дэмжлэгийн чиглэлээр: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдэд хамрагдан жижиг зээл, санхүүгийн дэмжлэг авсан иргэн, бичил аж ахуйн нэгж, байгууллагын эргэн төлөлтийн хугацааг 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 6 дугаар хүртэл хугацаанд хойшлуулах, мөн сангаас жижиг зээл, санхүүгийн дэмжлэг авсан, 3 буюу түүнээс дээш сарын хугацаанд ажлын байр түрээсэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 2020 оны 11, 12 дугаар сарын ажлын байрны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхөөр шийдвэрийг гарган хэрэгжүүлж байна.

Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 2020 оны эхэнд 10 хувьтай буюу ажилгүй иргэдийн тоо 127.7 мянга байсан бол 2020 оны 3 дугаар улирлын байдлаар ажилгүйдлийн түвшин 7.3 хувьд хүрч өмнөх оны мөн үеийнхээс мөн 2.6 пунктээр доогуур, ажилгүй иргэдийн тоо 92.6 мянгад хүрч өмнөх оны мөн үеийнхээс 33982 иргэнээр буурсан дүнтэй байна. Энэ нь нэгд, цар тахлыг 10 сар дотооддоо алдаагүй, хоёрт, Засгийн газраас цар тахлын эсрэг шат дараатай авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн юм.

Цар тахлын хатуу хөл хорио нь мэдээж эдгээр иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд ихээхэн нөлөө үзүүлсэн хэдий ч Засгийн газрын зүгээс хөл хориог сулруулан бизнесийн үйл ажиллагааг хэсэгчлэн нээж, улмаар 123 800 аж ахуйн нэгжийн ажлын байрыг хадгалах зорилгоор бүх суурь хэрэглээний зардлуудыг чөлөөлж төр хариуцахаар шийдвэрлэсэн нь бичил бизнес эрхлэгч болон эдгээр албан бус эдийн засагт ажиллагчдад ихээхэн дэмжлэг болж байна гэж үзэж буйгаа салбарын сайд тодотголоо.

Зорилтот бүлгийн өрх, иргэнд дэмжлэг үзүүлэх чиглэлээр: Тус яам нь улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотой хүнсний дэмжлэг зайлшгүй шаардлагатай 43.2 мянган өрхөд хүнсний дэмжлэг, 13.4 мянган өрхөд хүнсний бус дэмжлэгийг үзүүлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын болон аж ахуйн нэгж байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа аж. Мөн Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн нийгмийн халамжийн газар, Таван толгой түлш ХХК-тай хамтран бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ хугацаанд нийслэлийн 10 мянган өрхөд (нэг өрхөд 2 сарын хэрэглээ буюу 933 кг) сайжруулсан түлш тараах ажлыг зохион байгуулжээ.

Нийгмийн халамжийн чиглэлээр: Засгийн газраас 2020 оны 4 дүгээр сараас 2021 оны 6 сар хүртэл хугацаанд  хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр 100.0 мянган төгрөг буюу 80.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн бөгөөд уг арга хэмжээнд 1.2 сая  хүүхэд хамрагдаад байгаа аж. Мөн хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд олгож байгаа хүнсний эрхийн бичгийн үнийн дүнг 2020 оны 5 дугаар сараас 9 дүгээр сар хүртэлх хугацаанд нэг хүүхдэд 16.0 мянган төгрөг, насанд хүрсэн нэг гишүүнд 32.0 мянган төгрөгт хүргэж 2 дахин нэмэгдүүлсэн. Уг арга хэмжээнд 44.3 мянган өрхийн  242.0 мянган орчим иргэн сар бүр хамрагджээ.

Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг 2020 оны 5 дугаар сараас  2021 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд сар бүр 288.0 мянган төгрөгт хүргэж 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн бөгөөд энэ арга хэмжээнд сар бүр 60 мянга орчим иргэн хамрагдаж байгааг сайд мэдээлэлдээ онцлов.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Батжаргал, Д.Тогтохсүрэн, С.Ганбаатар нар салбарын сайдаас асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Ж.Батжаргал нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь хэлэлцээд төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн гурван хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж дэмжив.

Эхлээд Засгийн газраас энэ сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсад коронавирусийн халдварын тохиолдол шинээр нэмэгдэж, халдвар хүн амын дунд тархах эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Иймд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, халдвар тархалтыг хязгаарлах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар олон нийтийг хамарсан хөл хорио тогтоох, тодорхой үйл ажиллагааг хязгаарлах шийдвэрийг гаргасан. Олон нийтийг хамарсан хөл хорио, хязгаарлалтын улмаас түрээслэгч, түрээслүүлэгчдийн бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл үүсэж, орлого тасалдах, улмаар дотоодын худалдаа, үйлчилгээ хумигдах, эдийн засгийн өсөлт саарах зэрэг эрсдэлүүд үүсэж болзошгүй тул хуулийн төслийг боловсруулжээ. Засгийн газраас санаачилж Улсын Их Хурлаас 2020 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуулийн холбогдох заалтуудад өөрчлөлт оруулж, 2020 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зах, худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь гэрээ болон төлбөрийн баримтаар нотлогдсон тохиолдолд бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлүүлэхээр хуулийн төсөлд тусгасан байна.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй. Иймээс Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувь нь дэмжсэн тул төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэн хуулийн төслийг батлуулахаар тогтов.

Дараа нь Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг дэмжив. Засгийн газраас коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын урьдчилан төсөөлөх боломжгүй нөхцөл байдал үүсэж, олон нийтийг хамарсан хөл хорио, хязгаарлалтын улмаас иргэд, аж ахуйн нэгжүүд хуулиар ногдуулсан албан татварыг хуульд заасан хугацаанд төлөхөд хүндрэл үүссэн, албан татварын өр, төлбөр хуримтлагдах нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй байгаа тул 2020 оны  есдүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд ногдуулах татварын алданги, торгуулиас чөлөөлөхөөр хуулийн төслийг боловсруулжээ.

Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж дэмжээд анхны хэлэлцүүлэгт бэтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс асуулт, зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 76.5 хувь нь хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын саналыг дэмжив.

Үргэлжлүүлэн Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Монгол Улсын Засгийн газраас Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 183 дугаар тогтоолыг баталсан. Энэ үндсэн дээр боловсруулсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд төслийн 1 дүгээр зүйлд 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг ногдуулж тайлагнасан боловч хуульд заасан хугацаанд шимтгэл төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан торгох шийтгэл, мөн зүйлийн тайлбарын хоёр дахь өгүүлбэрт заасан алдангиас тус тус чөлөөлөхөөр тусгажээ.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг зүйл тус бүрээр нь хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн. Хуулийн төслийн  1 дүгээр зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар хуулийн төсөл нь ирэх оны эхний хагас жилийг дуусталх хугацааг хамарч байгаа, гэтэл одоо нийгмийн даатгалын шимтгэлээ хэвийн төлж, тайлан мэдээгээ гаргаад явж байгаа аж ахуйн нэгжүүд бүгдээрээ хуулийн үйлчлэлд хамаарахаар тусгагдсан нь оновчтой зохцуулалт биш юм гэсэн байр суурьтай буйгаа илэрхийлж байв. Иймээс эдгээр гишүүд хуулийн төслийн 2 дугаар зүйлийн “Энэ хуулийг 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө” гэснийг “2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнгүй гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж