Цөөнхийн бус нийтийн эрх ашгийг бодож тусгай нислэгээ товло!

Хуучирсан мэдээ: 2020.12.25-нд нийтлэгдсэн

Цөөнхийн бус нийтийн эрх ашгийг бодож тусгай нислэгээ товло!

Цөөнхийн бус нийтийн эрх ашгийг бодож тусгай нислэгээ товло!

Цар тахлын үед гадаадын улс орнуудаас иргэдээ татан авч буй цөөн улсуудын нэг нь Монгол Улс. Засгийн газар, УОК-ын шийдвэрээр өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд 27.729 иргэнээ татан аваад буй. Тодруулбал, нэгдүгээр сараас хойш 111 удаагийн тусгай нислэгээр 21 мянган иргэн, ОХУ, БНХАУ-ын боомтоор 6637 иргэн эх орондоо иржээ. Хэдийгээр цар тахлыг дотоодод алдсан ч чартер нислэгийг үргэлжлүүлж, энэ сард дөрвөн удаагийн татан авалтаар 507 иргэнээ эх оронд нь хүргэсэн билээ. Харин covid-19 халдварын нөхцөл байдлаас шалтаалж энэ онд товлосон сүүлийн нислэгийг цуцлаад буй.

Гэсэн ч цаашид тусгай үүргийн нислэгийг үргэлжлүүлнэ гэх. Цар тахлын улмаас гадаадад гацсан иргэдээ татан авахад төрөөс анхаарч буй нь сайн хэрэг. Гэвч  дотоодод халдвар цар хүрээгээ тэлсэн энэ цаг үед тусгаарлах байрны хүрэлцээ, аюулгүй байдлыг анхаарч үзэх учиртай.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 43 ажиглан тусгаарлах байранд онцгой байдлын 62, цагдаагийн 108, эрүүл мэндийн салбарын 84 ажилтан үүрэг гүйцэтгэж байгааг Улсын онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабаас мэдээлсэн.Харин өмнө нь чартер нислэгээр иргэдээ татан авч байх үед нэгдүгээр сараас хойш 110 тусгаарлан ажиглах байр үйл ажиллагаа явуулж байсан билээ. Гадаадаас иргэдээ татан авчрах бүрт халдварын зөөвөрлөгдсөн тохиолдол нэмэгдэж, хүн амын дунд халдвар тархах эрсдэлтэй болохыг ч Эрүүл мэндийн яамнаас өмнө нь сануулсаар байсан ч огт хэрэгсээгүй.

Монгол Улсад covid-19 халдварын анхны тохиолдол батлагдснаас /2020.11.11/ хойш одоогийн байдлаар /2020.12.12/ тусгаарлалтад байсан хүмүүсийн тоон үзүүлэлтээс харахад тусгай үүргийн нислэгээр иргэдээ татан авах үед халдварын зөөвөрлөгдсөн тоо нэмэгдэж байсныг энд тодотгоё.

Эрх бүхий албан тушаалтнууд тусгаарлах байрны хүрэлцээг тооцож чартер нислэгийг зохион байгуулж байгааг тухайн үедээ мэдэгдсээр байсан ч ам, ажлын зөрүүг “Энх саран сувилал” баталсан. Халдварын эх уурхай болсон тус сувиллаас үүдэн Монгол Улсад халдварын анхны тохиолдол арваннэгдүгээр сарын 11-нд бүртгэгдсэн нь нууц биш.Үүнээс хойш нийслэл болон зургаан аймагт халдварын голомт үүсээд буй.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар /2020.12.25/ covid-19  халдварын нийт батлагдсан тохиолдол  1075 болсны  611 нь дотоодынх. Энэ эрчээрээ дотоодын халдвар 1000-д хүрч, нийт батлагдсан тохиолдол сая дөхвөл яах вэ.Халдварын нөхцөл байдал одоо ч амаргүй, үндэсний хэмжээнд яригдахуйц асуудал болчихоод байхад гадаадаас иргэдээ татан авсаар байвал тусгаарлах байрны  хүрэлцээ төдийгүй гурван сая  хүнд эмч, эмнэлгийн ажилчид хүрэлцэх үү гэх асуудал яригдна.

Эрүүл мэндийн яамны өчигдрийн мэдээллээр  covid-19 халдварын нөхцөл байдалтай дасан зохицож амьдрах шаардлага гарсан тул эмч ажилчдын нөөцөө бүрдүүлэх нь чухал хэмээн онцолсон. Яллангуяа эмч, эмнэлгийн 40 гаруй ажилтан халдвар авсан энэ үед эмнэлгийн ажилчдын нөөц хүрэлцээтэй юу гэдэг нь анхаарал татаж буй.  Тиймдээ ч одооноос эхлэн сайн дураараа ажиллах тэтгэвэрт гарсан эмч эмнэлгийн ажилчдаас судалгаа авч эхэлсэн гэх. Үүнээс харахад эмч ажилчдын нөөц хүрэлцээ нөхцөл байдал хүндэрсэн үед хангалтгүй гэвэл нэг их буруудахгүй. Иймээс эрсдэлээ тооцож, нэг хэсгийн эрх ашиг бус нийт хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдлыг бодож үзэх цаг нь мөн. Хэрэв цаашид нөхцөл байдал хүндэрвэл хүн хүчний нөөцөө бэлдсэнийг Шуурхай штабаас мэдээлж байгаа ч алба хаагчдын бэлэн байдлыг халдварын нөхцөл байдал харуулах биз ээ.

Монгол Улс дотоодод халдвар алдаж, өнөөдөр Баянзүрх дүүргийн эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвүүд эрсдэлийн бүс болоод буй. Тиймээс дотоодын нөөцөө нэмэгдүүлэх, эх орондоо ирэх иргэдийнхээ эрхийг хамгаалсан шийдвэр гаргаж,  шуурхай ажиллах нь нэн чухал асуудал болоод байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж