Ан Сан Су Чи сайд болно

Хуучирсан мэдээ: 2016.03.22-нд нийтлэгдсэн

Ан Сан Су Чи сайд болно

 

Мьянмарын парламентын сонгуульд өнгөрсөн арваннэгдүгээр сард түүхэн ялалт байгуулсан Ардчилалын төлөөх үндэсний лиг намын тэргүүн Ан Сан Су Чи шинэ Засгийн газарт томилогджээ. Мьянмарын ардчилалын төлөө тэмцэгч Ан Сан Су Чи Үндсэн хуулийн заалтаас болж, ерөнхийлөгчид нэр дэвшиж чадаагүй боловч шинэ ерөнхийлөгчөөр сонгогдсон Тин Чао Her түүнийг засгийн газрын гишүүнээр томилохоор парламентад нэрийг нь оруулсан байна. Парламентад 18 хүний нэрийг оруулсан бөгөөд Засгийн газрын гишүүдийн албан тушаалыг удахгүй зарлах ажээ.

 

Тус улсад ажиллаж буй гадаадын сэтгүүлчдийн таамаглаж буйгаар Ан Сан Су Чи Мьянмарын Гадаад харилцаа, эрчим хүч, боловсролыг хариуцсан Ерөнхийлөгчийн тамгын газрыг толгойлох магадлалтай гэнэ.

 

Өмнө нь энэ албан тушаалд эмэгтэй хүн огт томилогдож байсан тохиолдол байхгүй юм байна. Мьянмарын Үндсэн хуулинд зааснаар гэр бүлийн гишүүд нь гадаадын иргэншилтэй хүнийг ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхийг хориглодог. Харин Ан Сан Су Чигийн хоёр хүү хоёулаа Их Британийн иргэншилтэй ажээ.

 

Ан Сан Су Чиг Мьянмарын ерөнхийлөгч болоогүй ч түүний ойрын зөвлөх Тин Чо Ерөнхийлөгч болсон болохоор шийдвэр гаргах түвшинд түүний нөлөө их байна гэж олон улсын шинжээчид таамаглаж байсан билээ.

 

Парламентад өргөн барьсан Засгийн газрын 15 гишүүний нэрсийг ч мөн Ан Сан Су Чи сонгожээ.

 

Мьянмарын парламент энэ долоо хоногийн сүүлчээр Засгийн газрын гишүүдийг томилох юм. Өнгөрсөн долоо хоногт болсон Мьянмарын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Тин Чао “Энэ бол Ан Сан Су Чигийн ялалт” хэмээн мэдэгдсэн билээ.

 

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж