Цагдаагийн ахлах ахлагчид 2 өрөө байрны батламж гардууллаа | News.MN

Цагдаагийн ахлах ахлагчид 2 өрөө байрны батламж гардууллаа

Эрх зүйн шинэтгэл-2

Цагдаагийн ахлах ахлагчид 2 өрөө байрны батламж гардууллаа

Цагдаагийн ахлах ахлагчид 2 өрөө байрны батламж гардууллаа

2020 оны арванхоёрдугаар сарын 4-5-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн хороо хариуцсан цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ц.Чулуун-Эрдэнэ ажил үүргээ гүйцэтгэж явах зуур гэрт нь гал гарч, байшин нь бүрэн шатсан харамсалтай явдал тохиолдсон. Цагдаагийн ахлах ахлагч Ц.Чулуун-Эрдэнэ нь цагдаагийн байгууллагад 16 жил ажиллахын зэрэгцээ төрсөн эгчийнхээ 3 болон 6-р ангийн бүтэн өнчин хоёр хүүхдийг өөр дээрээ авч асран халамжилдаг юм. Энэ ам бүл тэсгэм хүйтэнд орох оронгүй болж, хамаатныхаа айлд толгой хоргодохоос өөр аргагүй болсон.

Иймд Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар, Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Хүрэлбаатар, Хан-Уул дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ө.Эрдэнэхүү нар санаачлан “Сэтгэлийн дэм” сайн үйлсийн аяныг хамт олныхоо дунд эхлүүлсэн юм. Энэхүү сайн үйлсийн аянаа ХЗДХЯ-нд танилцуулсан даруйд салбарын сайд Х.Нямбаатар албан үүргээ биелүүлж явах үеэр галын аюулд өртсөн тухайн албан хаагчид туслах “Сэтгэлийн дэм” аяныг илүү өргөн хүрээнд зохион байгуулж, талийгаач эгчийнхээ өнчин үлдсэн хоёр хүүхдийг асран халамжилдаг хариуцлагатай алба хаагчийг орон сууцтай болгох тал дээр анхаарч ажиллах чиглэлийг өгч, ХЗДХЯ түүний харьяа агентлаг болох ЦЕГ, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын удирдлагуудад зохих санхүүгийн туслалцааг үзүүлэхийг үүрэг болгосон.

Ингэснээр цагдаагийн ахлах ахлагч Ц.Чулуун-Эрдэний гэр бүлд туслах “Сэтгэлийн дэм” аян цөөн хоногт идэвхтэй үргэлжилж дээр дурдсан байгууллагууд, алба хаагчид, "Монгол цэрэг-Дэлхийн цэрэг" нэгдэл, Хан-Уул дүүргийн 10-р сургуулийн хамт олон болон хувийн хэвшлийн компани, хувь хүмүүсийн  хандиваар Хан-Уул дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт орших "Дулаахан байр-3" хотхонд 47.65 м2 хоёр өрөө байрыг 2020 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр ХЗДХ-ийн Дэд сайд С.Баатаржав албаны бусад хүмүүсийг байлцуулан гардуулан өглөө.

Ингэхдээ Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Манлайбаатарын ахласан ажлын хэсэг нийт цугласан хандиваас хуримтлагдсан мөнгөн хандиваар 81.8 сая төгрөгийн байрны төлбөрийг бүрэн төлж, "Улаанбаатар буйдан" ХХК-ийн хамт олонтой хамтран иж бүрэн тавилгажуулсан бөгөөд тус компани Ц.Чулуун-Эрдэнийн гэр бүлд "Нүүдэл" брэндийн буйдангаа хандив болгон бэлэглэсэн бол "Summit" ХХК-ийн PC Mall дэлгүүрийн хамт олон 42 инчийн телевизорыг хоёр хүүхдийн теле хичээлээ үзэх боломжийг дэмжих үүднээс мөн хандивласан юм.

Энэ мэтээр олон арван байгууллага, хувийн хэвшил, хувь хүмүүсийн сэтгэлийн дэмээр Ц.Чулуун-Эрдэний асран халамжилдаг 8, 11 настай бага насны хоёр дүүд нь 18 нас хүрээд сургууль, боловсролдоо зарцуулах тус бүр 10 сая төгрөгийн хугацаат хадгаламжийг гардуулан өглөө.

Албан үүргээ гүйцэтгэж явахдаа ар гэр нь галын аюулд өртсөн ч өргөсөн тангаргатаа үнэнчээр үүргээ гүйцэтгэж, цагдаагийн байгууллагад хоёргүй сэтгэлээр алба хашин, ард түмнийхээ “Амар тайван амьдралын төлөө” зүтгэж яваа цагдаагийн ахлах ахлагч Ц.Чулуун-Эрдэнэд чин сэтгэлээрээ тусласан бүхий л хүмүүст хууль зүй, дотоод хэргийн салбарын нийт алба хаагчдын нэрийн өмнөөс талархаж буйг хүлээн авна уу.

Эх сурвалж: ХЗДХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-12-25 93.242.125.125

Yostoi saihan medee baina. Saihan setgeltei hun bur, ene tsagdaa ah, 2 duud ni hamgiin sain saihniig husiee.

Avatar

Амараа 2020-12-25 103.14.37.6

Санаа зөв бол заяа зөвдөө. Мундаг залуу байна. Бурханы орноос ээж нь хараад ямар их баярлаж байгаа болдоо. Бүгдэд нь эрүүл энх сайн сайхныг хүсье.

Avatar

иргэн 2020-12-25 203.91.115.47

ХҮҮХДҮҮДИЙН ЭЧЭГ ГЭГЧ НЬ ЭНЭ САЙХАН БАЙРАНД САНААРХАНДАА

Avatar

V 2020-12-25 103.87.255.66

Сөрөг бодолтой муухай хүн бэ?

Avatar

Зочин 2020-12-25 202.21.98.238

ХҮҮХДҮҮД БҮТЭН ӨНЧИН ГЭЖ БАЙНА ОРКОО…

Avatar

Зочин 2020-12-25 66.181.188.34

сайн санааны үзүүрт шар тос гэдэг энэдээ. Хоёргүй сэтгэлээр энэ албанд зүтгэж байсаны үр шим. Одоо сайн ханьтай болоосой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж