Их Британи болон ЕХ амжилттай тохиролцоонд хүрлээ

Хуучирсан мэдээ: 2020.12.25-нд нийтлэгдсэн

Их Британи болон ЕХ амжилттай тохиролцоонд хүрлээ

Их Британи болон ЕХ амжилттай тохиролцоонд хүрлээ

Их Британи улс нэг жилийн өмнө Европын холбооноос гарах үйл явцыг албан ёсоор эхлүүлсэн билээ. Энэхүү үйл явцыг “Brexit” хэмээн нэрлэж байгаа ба “Brexit”-ийн дараах талууд хоорондын эдийн засгийн харилцааг зохицуулах гэрээг байгуулах тохиролцоонд амжилттай хүрсэн талаар өчигдөр /2020.12.24/ Лондон, Брюсселийн удирдагчид зарлалаа.

Энэ талаар Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон “Бид өөрийн хууль ёс, хувь заяаг гартаа буцааж авлаа. Энэ бол Нэгдсэн Вант Улсын өнцөг булан бүрт амьдарч буй хүмүүсийн хувьд гайхамшигтай мэдээ. Бид түүхэндээ анх удаа тариф, квотгүй зарчим дээр суурилсан худалдааг Европын холбоотой хийх боломжтой боллоо” хэмээн ярьжээ.

Харин Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен “Саад бэрхшээл ихтэй урт замыг туулсан ч бид сайн тохиролцоонд хүрч чадлаа. Бидний байгуулах гэрээ харилцан ашигтай, шударга болсон. Түүхийн хуудсыг эргүүлж, ирээдүй рүү харах цаг ирж байна. Их Британи бидний хувьд итгэж болох түнш хэвээр байх болно. Европын холбоо болон Нэгдсэн вант улс нийтлэг зорилгууддаа хүрэхийн тулд цаашид мөр зэрэгцэн алхана” хэмээн ярьсан байна.

Энэ оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Их Британи улс нь нийт 27 гишүүнтэй Европын Холбооноос албан ёсоор гарах бөгөөд үүнээс өмнө талууд амжиж цаашдын харилцаагаа зохицуулах худалдааны гэрээг байгуулах нь ёстой байв. Нийт 2000 хуудас худалдааны гэрээг Их Британийн парламент арванхоёрдугаар сарын 30-нд батлах бол Европын парламент мөн ойрын хугацаанд батлахаар төлөвлөжээ.

Их Британичууд 2016 онд Европын Холбооноос гарахыг ард нийтээрээ дэмжсэн ч худалдааны гэрээ хэлцэл байгуулах асуудал өнөөг хүртэл сунжирсан юм. Хэрэв ямар нэг гэрээ байгуулалгүйгээр гишүүнчлэлээсээ татгалзвал Их Британи эдийн засгийн хувьд хүнд байдалд орох байсан.

Гэрээний хувьд жилийн 668 тэрбум паундын дүнтэй бөгөөд уг гэрээний үр дүнд ажлын байрууд хадгалагдаж, Британийн бараа бүтээгдэхүүн татваргүйгээр Европын зах зээлд гарах боломж бүрдэж байна.

Гэхдээ Британийн эдийн засгийн чухал хэсэг болсон банк, санхүүгийн салбарын харилцаан дээр зарим нэг буулт хийх шаардлагатай байсныг Борис Жонсон онцолжээ. Гэсэн ч Лондон хот илүү хүчирхэг санхүүгийн төв болж хөгжих зам нээгдэж байгааг мөн тэр дурдсан байна. Түүнчлэн загас агнуурын салбарын харилцаан дээр буулт хийхээс өөр аргагүй байсныг талууд онцлов.

Европын холбоо, Их Британи тохиролцоонд хүрсэн мэдээллийн дараа хөрөнгийн зах зээл донсолж эхэлжээ. Фунт стерлингийн ам.доллартай харьцах ханш сүүлийн 30 сард тохиогоогүй дээд хэмжээнд хүрсэнийг хэвлэлүүд онцолж байна.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж