Улаанбаатар аюулгүй хот уу?

Хуучирсан мэдээ: 2016.03.22-нд нийтлэгдсэн

Улаанбаатар аюулгүй хот уу?

Зүрх зүсэж, өр өвдөм сурвалжлага өчигдөржин интернэтээр цацагдав. Эхийнхээ мөөмнөөс ч гараагүй өөдөсхөн үрийг  гэрийн тэжээвэр нохой барьжээ. Хэрэг явдал өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт /2016.03.16/ Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Цээлийн задгайд гарчээ.  Хүүг хүүлж хаясан дундад ази үүлдрийн зодоонч нохой эзэнтэй, хүний гараас хооллодог нохой байж. Эзэн нь нохойгоо бусадтай нь зодолдуулж мөнгө олох гэж биш хулгайчаас сэргийлэх гэж л тэжээсэн гэдгээ хэлжээ. Бяцхан хүү тэр өдөр эмээгийнхээсээ гэр рүүгээ анх удаа гүйгээгүй нь магад. Урьд нь гүйж л явсан, ноход ч дайрч л байсан болоод хүү айдсаа мартсан. Харин аюул тохиосон тэр өдөр нохойг уяагүй, сул байжээ. Талийгч хүү айлын дунд хүү. Хүүгийн ах, дүү хоёр хэрэг явдлаас болж хэсэгтээ л айж ширвээтэн гэртээ бүгэх ч хүүхэд юм хойно дахиад л гэрийнхээ гадаа тоглоно, эмээ рүүгээ зөнгөөрөө гүйнэ. Хамар хашаанд нь ч хүүхдүүд тоглож л байгаа. Харин тэдэнд амьд явах баталгаа алга.  

Нэг гэрээс нөгөө рүү орох зуураа  эндсэн хүүгийн эмгэнэлт түүхийг уншихаас халширч суутал Хан-Уул дүүрэгт утсаар ярьж явсан жолооч бага насны хүүхдийг дайрч, амийг нь бүрэлгэсэн хар мэдээ /2016.03.21/ дахиад цацагдав. Хүүхэд ганцаар явсан бөгөөд хэргийн шалтгаан жолоочийн хайхрамжгүй, утсаар ярьж анхаарал сарнисантай холбоотой гэдгийг хэрэг явдлыг нүдээр харсан хүмүүс гэрчилжээ.  Хэдхэн жилийн өмнө сургуульд ороод баярлаж дэрвэсэн жаахан охин кранд даруулан амиа алдсан бол ноднин жил гарцаар зам хөндлөн гарч явсан сурагч охиныг урсгал сөрөн давхисан цагдаа дайрч бүрэлгэсэн аймшигт хэргүүд гарч байсан.

Харамсалтай. Бас түгшүүртэй. Бид чинь ямархан хотод аж төрж байна вэ. Дөнгөж саяхан дэргэд дэрвэж байсан бяцхан үрс маань ёс бусаар хорвоог орхисоор байна. Хүүхдүүд маань  эсэн энх, эрүүл саруул өсөж торнино гэсэн ээж аав нарын итгэл алдарч эхэллээ. Хүүхдийн халуу дүүгсэн бяцхан гар атганаас  алдуурах төдийд л хүүхдүүд эндэх боллоо. Энэ бүх хэргийн буруутнууд хуулийн дагуу ял шийтгэл хүлээсэн, хүлээх  нь тодорхой. Гэвч буруутанг яллахаас илүүтэй амар амгалан хотод аж төрөх нь таны, миний зорилго билээ. Улаанбаатар уг нь түгшүүрт хот биш. Хүн амын тоогоороо дэлхийн нийслэлүүдтэй уралдахаар болсон ч амар амгалан, эрүүл энх амьдрах орчин бүрдсэн үү гэвэл эргэлзээтэй. Адаглаад л аав ээж нар арагшаа санаа зовохгүйгээр хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт хамруулдаг байсан бол айл гэрийн хоймор эзгүйрч, эцэг эхчүүдийн гол харлахгүй байсан. Нохой тэжээх, машин барих тусгай дүрэм журмыг томчууд ягштал дагаж мөрддөг сөн бол, хүүхдүүдийн эцэг, эхийн авдаг цалин хөлс амьдралд хүрэлцдэг байсан бол хөөрхий хүүхдүүд өнөөдөр ч инээд цалгиагаад л гүйж явах байсан.  

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж