Оюутолгой ажил, үйлчилгээгээ оффшорт хамааруулжээ

Хуучирсан мэдээ: 2020.12.25-нд нийтлэгдсэн

Оюутолгой ажил, үйлчилгээгээ оффшорт хамааруулжээ

Оюутолгой ажил, үйлчилгээгээ оффшорт хамааруулжээ

“Turquoise Hill Resources” компани Оюутолгой төслийн санхүүжилтийг бүрдүүлэх хувилбаруудыг судалж, зах зээлийн судалгаа хийснээ уржигдар (2020.12.23) танилцуулсан. Түүний дараа тус компанийн хувьцааны ханш Нью-Йоркийн биржид 5.8 хувиар, Торонтогийн биржид 5.4 хувиар тус тус өсч, өнгөрсөн Лхагва гаригт сүүлийн 52 долоо хоногийн оргил түвшинд хүрсэн байна.

Блүүмбергийн мэдээлснээр, арилжаа хаагдсаны дараа “Turquoise Hill Resources” татвартай холбоотой мэдэгдэл гаргаж, Монгол Улсын Татварын ерөнхий газар “Оюутолгой" ХХК-ийн 2016-2018 онд төлсөн татварт аудит хийж, 228 сая ам.долларын татварын акт тавьсныг дурджээ.

Төгсгөлд нь, “Turquoise Hill Resources” компани Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ болон Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу “Оюутолгой” ХХК бүх татвар, хураамжаа төлсөн гэсэн байр сууриндаа хэвээр байгаагаа илэрхийлжээ. “Оюутолгой” ХХК энэхүү татварын актыг судалж буй бөгөөд Монгол Улсын хуулийн хугацаанд буцааж хариу хүргүүлэхээ мэдэгдсэн байна.

Тус компанийн 66 хувийг Нью-Йоркийн биржид бүртгэлтэй “Turquoise Hill Resources” эзэмшдэг бөгөөд хувьцааны ханш нь сүүлийн сар орчмын хугацаанд 50 хувиар өсчээ.

МОНГОЛ УЛСАД ТӨЛӨХ ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ БУУРУУЛЖЭЭ

Татварын ерөнхий газар (ТЕГ) “Оюутолгой” ХХК-д дөрөв дэх удаагийн хяналт шалгалтаа хийжээ. Энэ удаагийн хяналт шалгалт нь олон улсын татварын асуудлыг хөндөж, зөрчил илрүүлснээрээ онцлог болж, нийт 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулж, ирээдүйд шилжүүлэх алдагдлын дүнг 3.4 их наяд төгрөгөөр бууруулахаар шийдвэрлэсэн акт үйлдсэн байна.

Томоохон үнийн дүнтэй зөрчлөөс дурдвал, үнэ шилжилтийн хүрээнд хийсэн хяналт шалгалт болон эх үүсвэрийн дүрмийг зөрчиж, Монгол Улсад төлөх татварын хэмжээг бууруулжээ.

Үндэстэн дамнасан групп компаниуд татварын ашиг хүртэх зорилгоор хийдэг үнэ шилжилтийг “Оюутолгой” ХХК нь “Рио Тинто” групп, тэдгээрийн харилцан хамаарал бүхий талуудтайгаа хийсэн байна. Энэ нь харилцан хамааралтай этгээдүүдийн хоорондын ажил гүйлгээ (хяналтад байгаа ажил гүйлгээ)-ний нөхцөл нь харилцан хамааралгүй этгээдүүдийн хоорондын ажил гүйлгээ (бие даасан ажил гүйлгээ)-ний нөхцөлөөс ялгаатай, үүний үр дүнд төлөх татварын дүн буурсан бол тухайн буурсан дүнгээр төлөх татварыг нөхөн ногдуулдаг олон улсын зарчимд нийцэж байгаа аж. Үнэ шилжилтийн хяналт шалгалтын хүрээнд харилцан хамаарал бүхий компани хооронд хийсэн хэд хэдэн төрлийн ажил гүйлгээнд томоохон хэмжээний тохируулга хийгджээ.

Өнөөдрийн байдлаар Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтад дэлхийд өндөр зэрэглэлд тооцогддог инженеринг, угсралт, суурилуулалт, техник, зөвлөх үйлчилгээ, мэдээлэл, технологийн гэх мэт 250 гаруй компани ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажиллаж байгаа аж. Эдгээр компаниудад олон улсад баримталдаг эх үүсвэрийн дүрэм буюу Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлогод Монгол Улс татвар ногдуулах зарчмыг баримтлан, татварын хяналт шалгалт хийж гүйцэтгэжээ.

Хамгийн ноцтой нь, “Оюутолгой” ХХК нь Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгээгүй ажил, үзүүлээгүй үйлчилгээ гэж үзэн, тодорхой ажил, үйлчилгээг оффшор гэрээнд хамааруулан, холбогдох татварыг суутган авч төлөхгүй байгаа нь Монгол Улсын татварын хууль тогтоомжид тусгасан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эх үүсвэрийн дүрмийг зөрчсөн байна.

Цаашид "Оюутолгой" ХХК нь 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын татварын багц хуулийн хүрээнд олон улсын стандарт жишигт нийцсэн үнэ шилжилтийн тайланг гарган тайлагнах, Хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтворжуулсан татварын хувь хэмжээгээр татвараа үнэн зөв ногдуулан тайлагнаж, төлөх үүрэгтэй гэж ТЕГ-ын Татварын хяналт шалгалт, арга зүйн газар тэмдэглэжээ.

Одоогоос гурав орчим жилийн өмнө Татварын ерөнхий газар мөн "Оюутолгой" ХХК-д 2013-2015 оны үйл ажиллагаатай холбогдуулан 155 сая ам.долларын татварын акт тавьж байв.

Үүнээс таван сая орчим ам.долларыг нь тус компани хүлээн зөвшөөрч, бусад хэсгийг нь хүлээн зөвшөөрөөгүй. “Turquoise Hill Resources” компани энэ оны хоёрдугаар сард Лондоны арбитрт хандаж байгаагаа мэдэгдсэн.

ДАЛД УУРХАЙН САНХҮҮЖИЛТИЙГ ДУНД ХУГАЦААНЫ БОНД БОСГОЖ, ШИЙДВЭРЛЭХ САНАЛАА ДУРДЖЭЭ

"Rio Tinto” компани Монголын Оюутолгой зэс-алтны уурхайн олборлолт 2022 оны аравдугаар сард эхлэх төлөвтэй, төслийн бүтээн байгуулалтын зардал 6.75 тэрбум ам.доллар болно гэж мэдээлсэн билээ. Тус компани Монголын Засгийн газартай өрнүүлж буй харилцаа болон төслийн санхүүжилтийн асуудлыг тодруулахаар “Turquoise Hill Resources” компанийн арваннэгдүгээр сард эхлүүлсэн арбитрын ажиллагааны талаар тодорхой дурдаагүй байна.

Тус компани далд уурхайн нэмэлт санхүүжилтийг алтны урьдчилгаа төлбөр бүхий худалдаа болон зах зээлээс дунд хугацааны бонд босгох байдлаар шийдвэрлэх саналаа дурджээ. Үүний дүнд төслийн үнэ цэнийг өсгөөд зогсохгүй төслийн санхүүжилтэд зориулж нэмэлт хувьцааны арилжаа хийх шаардлагагүй болно гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.

“Turquoise Hill Resources”-ийн суурь буюу дундаж тооцооллоор төсөлд 3 тэрбум хүртэлх ам.доллар нэмэлтээр шаардагдана. Гэхдээ алтны арилжааг урьдчилж хийн, бонд босгох тохиолдолд нэмэлт санхүүжилтийн хэмжээ буурах боломжтой гэжээ.

Алтны урьдчилгаа төлбөр бүхий худалдаа нь шууд худалдааны үнээр хийгдэх төдийгүй ил уурхайгаас олборлох алтанд хамаарахыг “Turquoise Hill Resources” тайлбарласан байна. Бондын хувьд 10 жилээс багагүй хугацаатайгаар гаргах төлөвтэй бөгөөд үндсэн төлбөрийг хэсэгчлэн бус, бондын хугацаа дуусах үед бүтнээр нь төлөх нөхцөлтэй байхыг илүүд үзэж байгаа аж. Тус компани нарийвчилсан төлөвлөгөөгөө төслийн хувь эзэмшигчдэд хүргүүлэх юм байна.

“Turquoise Hill Resources” бэлэн мөнгөний нөөц есдүгээр сарын 30-ны байдлаар 1.3 тэрбум ам.доллар байсан нь 2022 оны хоёрдугаар улирал хүртэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд хангалттай хүрэлцэнэ гэж тэмдэглэжээ. Сүүлд шинэчилсэн тооцооллоор далд уурхайн тогтвортой горим бүхий хүдэр олборлолт 2022 оны аравдугаар сард эхлэх бөгөөд гүний уурхайн төслийн нийт зардал 6.75 тэрбум ам.доллар байхаар байгаа аж.

 “ДУБАЙН ГЭРЭЭ, САНХҮҮЖИЛТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ЦУЦЛАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГА БИЙ”

УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн төлөөлөл, “Рио Тинто” компанийн шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмтай 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр цахимаар уулзаж, үүсээд буй шаардлага, нөхцөл байдлын талаар ярилцсан. Дээрх тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Оюутолгой төслийн Монгол Улсад ногдох үр ашгийг нэмэгдүүлэх, уг төслийн өмнө байгуулсан гэрээнүүдийг засч сайжруулах тодорхой саналыг Засгийн газрын ажлын хэсгээс гаргаж, зохих яриа хэлэлцээг эхлүүлээд байв. Гэвч Австрали дахь “Рио Тинто” компанийн төмрийн хүдрийн уурхайг өргөтгөх явцад 46 мянган жилийн түүхтэй соёлын өвийг сүйтгэсэн үйл явдалтай холбоотойгоор талуудын яриа хэлэлцээ зогсонги байдалд ороод байсан юм.

Цахим уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсэг Оюутолгой төслийн яриаг хэлэлцээг улам эрчимжүүлэн ажиллахаа мэдэгдэв. Ажлын хэсгийн дарга Л.Оюун-Эрдэнэ Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр нэмэгдсэнийг онцлов.

Төслөөс Монгол Улсад ногдох үр ашгийг эрс нэмэгдүүлэх, холбогдох гэрээнүүдийг засч сайжруулах, шаардлагатай бол Дубайн гэрээ буюу Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах зайлшгүй шаардлагатай байгааг тэрбээр “Рио Тинто” компанид мэдэгдсэн.

Ажлын хэсгээс өмнө нь Оюутолгой төслийн гэрээний хэрэгжилтийг дүгнэх саналыг хөрөнгө оруулагч талд тавьж, үүний дагуу уг төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал ихээхэн нэмэгдсэн асуудлыг судалж, тогтоох үүрэг бүхий хөндлөнгийн шинжээч томилж ажиллуулах тусгай хороог “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс байгуулахаар шийдвэрлэжээ. Энэхүү цахим уулзалтын үр дүнд “Рио Тинто” компани аль болох зөвшилцөх замаар асуудлыг шийдвэрлэж, төслөөс Монгол Улсад ногдох үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой саналыг гаргаж, харилцан ашигтай хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

ОЮУТОЛГОЙН ОЛБОРЛОЛТ 2051 ОН ХҮРТЭЛ ҮРГЭЛЖЛЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

Оюутолгой төслөөр дамжаад далд уурхайн шинэ технологи, тоног төхөөрөмж нэвтэрч байгаа бол ашигт малтмал олборлолтын салбарт үнэ өндөр ч бүтээмж сайтай хүнд машин механизмын ашиглалт нэмэгдэх хандлагатай байгаа аж. Мөн ашигт малтмал баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдэд автоматжуулалтын хувьд дорвитой дэвшил гарч, говийн бүсийн уурхай болон баяжуулах үйлдвэрүүдэд усны хэмнэлттэй технологи нэвтэрч байгааг “Монгол Улсын уул уурхайн салбар дахь шинэ технологи, түүний хандлага, үр нөлөөлөл” судалгааны тайланд онцолжээ.

“Turquoise Hill Resources”, “AMC Consultants” хамтран техникийн тайланг бэлтгэхдээ цар тахлын нөлөөллийг оруулаагүй бөгөөд Оюутолгойн 2020 оны шинэчилсэн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) болон бусад холбогдох судалгаа тайланг ашиглажээ. 2020 оны тайлан нь далд уурхайн зураг төслийг шинэчлэн боловсруулж буй үетэй давхцаж байгаагаараа онцлогтой, өмнөх 2016 оны тайлангийн тоо баримтуудтай харьцуулахад тодорхой өөрчлөлтүүд гарчээ.

Шинэ тайлангаас үзэхэд Оюутолгой уурхайн олборлолтын үйл ажиллагаа 2051 он хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа аж. Уурхайн үйл ажиллагаа нь үндсэндээ Оюутолгойн одоо ажиллаж байгаа Оюут ил уурхай болон далд уурхай (Хойд Хюго Лифт 1)-н үйл ажиллагааг хамарч буй юм.

Өмнөх 2016 оны техникийн тайланд дурдсанаар ил болон далд уурхайг нийлээд 40 жил ашиглах буюу 2057 он хүртэл ашиглахаар байсан бол одоо 2020 оны шинэ техникийн тайланд 2051 он хүртэл ашиглахаар ийнхүү тусгажээ. Далд уурхайн тухайд 2023 оны хоёрдугаар сард үйлдвэрлэлийн тогтвортой ажиллагаанд шилжиж, ашиглалтад орох төлөвтэй байгаа бол 2029 оны эхний хагаст далд уурхайн олборлолт бүрэн хүчин чадалдаа хүрнэ. Тодруулбал жилдээ 33 сая тонн хүдэр буюу өдөрт 95 мянган тонныг олборлоно гэсэн үг. Далд уурхайгаас хүдэр олборлох үйл явц 2023 оноос эхэлж, 2043 оноор тасалбар болох бөгөөд нийт 440 сая тонн хүдэр олборлоно гэж тооцжээ.

2021-2051 онд Оюутолгойн уурхайгаас нийтдээ 1.23 тэрбум тонн хүдэр олборлон боловсруулж, нийт 31 сая тонн баяжмал үйлдвэрлэх аж. Энэхүү баяжмалд үндсэндээ 8.8 сая тонн зэс, 8.5 сая унц алт (264 тонн алт), 52 сая унц мөнгө (1600 тонн) агуулагдана.

Оюутолгойн зэсийн үйлдвэрлэл 2028 онд оргилдоо хүрч, 580 мянган тонн баяжмал дахь зэс болж нэмэгдэхээр байгаа бөгөөд энэ нь тус ордын одоогийн үйлдвэрлэлээс даруй 314 хувиар өсөх нь. Мөн баяжмал дахь алтны агуулга ч 2028 онд 570 мянган унц (~18 тонн) болж, Оюутолгойн борлуулалт оргил цэгтээ очно гэж тооцжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж