“Амгалан хотхоны байрны хаалгыг СӨХ дур мэдэж, гагнасан"

Хуучирсан мэдээ: 2020.12.25-нд нийтлэгдсэн

“Амгалан хотхоны байрны хаалгыг СӨХ дур мэдэж, гагнасан"

“Амгалан хотхоны байрны хаалгыг СӨХ дур мэдэж, гагнасан"

Баянзүрх дүүрэгт байрлах "Амгалан" хотхоны 13 дугаар байрны хаалгыг гагнасан" талаарх зураг бүхий мэдээлэл өчигдөр /2020.12.24/ олон нийтийн сүлжээнд цацагдсан. Энэ мэдээлэл худал болохыг Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдэгдэж, залруулга гаргасан юм. Харин оршин суугчдын зүгээс “Худал мэдээлэл байгаагүй. Энэ бол үнэн” гэж байв. Ингээд тус хотхоны 13 дугаар байрны оршин суугчаас /нэрээ нууцлахыг хүссэн/ зарим зүйлийг тодрууллаа.


-“Амгалан" хотхоны 13 дугаар байрны хаалгыг гаднаас нь гагнасан талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавигдаж, нийгмийн багагүй бухимдууллаа. Албаныхан худал мэдээлэл гэх тайлбарыг өгсөн. Яг тийм явдал болсон уу. Оршин суугчийн хувьд бодит үнэнг нь хэлэх боломж байна уу?

Би 13 дугаар байрны оршин суугч байна. Манай байрны нэгдүгээр давхарын дотор талын төмөр хаалгыг гагнаж байсныг хогоо асгаж явсан зарим хүмүүс хараад зургийг нь дарж, олон нийтийн сүлжээнд тавьсан юм билээ.

Гадна талдаа давхар хаалгатай учир хүмүүс хараад мэдэхгүй. Оршин суугчдад харагдах хэсгийг гагнасан байсан. Тиймээс оршин суугчид өглөөнөөс хойш хэл ам гаргасан.

-Хаалга цоожлох шийдвэрийг хэн гаргасан юм бол. Хороо, дүүргийн Засаг дарга нар уу. Эсвэл СӨХ юу?

-Манай хорооны Засаг дарга дүүрэг дээр очиж тодруулахад “Бидэнд дээрээс ямар ч заавар өгөөгүй. Шинжилгээний хариугаа хүлээж байна. Тус байранд сэжигтэй тохиолдол илэрсэн болохоор цагдаа нар хамгаалалтад авсан” гэж хэлсэн гэсэн. Гэтэл 13 дугаар байрны СӨХ дур мэдэж, хаалга гагнасан байсан. Биднийг блокоосоо гарах ямар ч боломжгүй болгосон байсан.

Байрны СӨХ-ноос хаалга гагнасны дараа оршин суугчдын группт “Бүх хүний шинжилгээний хариу гартал хаалга гагнасан” гэж бичсэн. Удалгүй өөрсдийн бичсэн постоо устгасан ч зарим иргэд зургийг нь хадгалсан авсан.

Сэтгүүлчид байрны гадна ирэхэд “Иргэд грашийн хаалгаар гарч, орж байна” гэж худлаа мэдээлсэн. Мөн “Хаалганы түгжээ зассан” гэсэн байна лээ. Дэлгэдэг хоёр хаалгыг гагнаж, завсар хийнэ гэж байхгүй шүү дээ. Бид өчигдөр шинжилгээ өгснөөсөө хойш хэл ам хийж, байрнаасаа гараагүй.

-Одоо байрны хаалгыг нээчихсэн үү?          

-Хэвлэлийнхэн ирэхээс өмнө хаалгыг нээсэн. Хорооны дарга үнэнийг мэдээд “СӨХ-г буруу юм хийсэн учраас оршин суугчдаас уучлалт гуйх хэрэгтэй” гэсэн байна лээ. Тэдний үйлдэл оршин суугчдын сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж, нэлээд бухимдуулсан.

-Танай байранд /13 дугаар байр/ хэзээ сэжигтэй тохиолдол илэрсэн юм бол?

-Манай байрны оршин суугчдыг өчигдөр /2020.12.23/яаралтай шинжилгээнд хамруулсан. Бүх оршин суугчдаас гэрт нь ирж, шинжилгээ авсан. Цагдаагийн байгууллагаас сэжигтэй тохиолдол арванхоёрдугаар сарын 21-нд илэрсэн гэсэн. Байрны нэг оршин суугч Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан гэдэг мэдээлэлтэй байна.

-Танай байранд хэчнээн айл байдаг вэ?      

-Манай байранд 94 айл байдаг. Өглөө гаргаж тавьсан хог хаягдал нь бөөгнөрсөн хэвээрээ байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж