АНУ бүх иргэдээ вакцинжуулахын тулд дайны байдалд "шилжинэ"

Хуучирсан мэдээ: 2020.12.25-нд нийтлэгдсэн

АНУ бүх иргэдээ вакцинжуулахын тулд дайны байдалд "шилжинэ"

АНУ бүх иргэдээ вакцинжуулахын тулд дайны байдалд "шилжинэ"

Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч Жо Байдены цар тахлын эсрэг зөвлөх баг вакцины үйлдвэрлэлийг хурдасгах зорилгоор дайны үеийн үйлдвэрлэлийн тухай хууль батлах эсэх талаар эрдэмтэдтэй зөвлөлдсөн хэмээн эх сурвалжууд мэдээлжээ. Харин Ерөнхийлөгч Трамп өдгөө ард иргэдийг оношлох болон эрүүл мэндийн шаардлагатай бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэлийг өргөжүүлэхийн тулд аль хэдийнэ Батлан хамгаалахын үйлдвэрлэлийн хуулийг батлан ажиллаж байгаа билээ. Улмаар цаашид ч вакцинжуулалтын асуудал дээр хуулийг батлан хэрэгжүүлэх магадлал өндөр болж байгаа юм.

Гэвч үйлдвэрлэгчид вакцины орц, түүхий эд хомсдолд орж магадгүй хэмээн санаа зовж байгаа аж.

Батлан хамгаалахын үйлдвэрлэлийн хуулийг анх Солонгосын дайны үед холбооны засгийн газар үндэсний аюулгүй байдлаа батлан хамгаалах тоног төхөөрөмж богино хугацаанд ихийг үйлдвэрлэхийн тулд баталж байсан гэнэ. Харин ирэх сард Жо Байден Ерөнхийлөгчийн суудалд суумагцаа 2021 оны зун дуусахаас өмнө бүх иргэдээ вакцинжуулах зорилгодоо хүрэхийн тулд дээрх хуулийг дахин батлах талаар зөвлөхүүд нь судалж байгаа аж.

Трампын зүгээс ирэх хавар гэхэд бүх иргэдийг вакцинжуулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бол Байдены зөвлөхүүд тус төлөвлөгөөг бүтэшгүй хэмээн үзэж, ирээдүйд Байденд гай болох аюултай хэмээн анхааруулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тэд Трампын дээрх төлөвлөгөө нь Жо Байденг суудалдаа суусны дараа удаан ажиллаж байгаа мэт харагдуулах эрсдэлтэй аж. Үгүй байлаа ч Батлан хамгаалахын үйлдвэрлэлийн хууль батлах эсэх нь Байденд тулгарч буй эхний том шалгууруудын нэг болж байгаа юм.

Харин вакцин үйлдвэрлэгч Pfizer компани АНУ-д дахин 100 сая тун худалдах хэлэлцээрийнхээ үеэр Трампын Засгийн газарт Батлан хамгаалахын үйлдвэрлэлийн хууль батлахыг зөвлөсөн байна.

Учир нь, АНУ-ын эрх баригчид одоогийн байдлаар зөвхөн Pfizer/BioNtech, Moderna компаниудын вакцинуудад албан ёсны зөвшөөрөл олгож вакцинжуулалтыг эхлүүлээд байгаа билээ. Гэвч зөвшөөрөл олгох ажил сунжирснаас болж бусад орнууд дээрх компаниудын вакциныг ихээр захиалж авсан бөгөөд улмаар өдгөө америкчуудад тарих вакцины нөөц тун хомс байгаа юм. Pfizer компанийн төлөөлөгчдийн хэлснээр засгийн газар цаашид хамтран ажиллаж, батлан хамгаалахын үйлдвэрлэлийн тухай хуулиа батлах юм бол вакцины үйлдвэрлэлтэд тулгарах элдэв саад бэрхшээлээс зайлсхийж чадах аж.

Мөн Цагаан ордны харилцаа холбооны ахлах зөвлөх Тереза Дэвисийн хэлснээр Трампын Засгийн газар тус асуудалд аль хэдийн анхаарал хандуулж, Pfizer компанитай идэвхтэй хамтран ажиллаж, хэлэлцэж байгаа гэнэ. Тэрбээр “Бид Pfizer болон бусад үйлдвэрлэгч нартай нягт хамтран ажиллаж, америкчуудыг аль болох түргэн вакцинжуулахын тулд үйлдвэрлэлд тулгарах бүх саад тотгорыг зайлуулахын төлөө хичээн ажиллаж байна. Ингэхдээ Warp Speed хөтөлбөрийн дагуу үйлдвэрлэлийн талбай 23-ыг шинээр нэмж байгуулсан” хэмээн тайлбарласан байна.

Гэхдээ ажиглагчдын үзэж буйгаар Байдены зөвлөхүүд шууд дээрх хуулийг батлах талаар ярилцахаас өмнө өөр хэд хэдэн ноцтой асуудлыг авч үзэх шаардлагатай аж. Жишээлбэл, хамгийн түрүүнд бодох ёстой чухал асуудал бол нэг үйлдвэрлэгчийг нөгөөгөөс нь давуу эрхтэй байлгахгүйн тулд чухам ямар зохицуулалт хийж, дээрх хуулийг батлах талаарх асуудал юм.

Johnson& Johnson, AstraZeneca компаниуд хоёрдугаар сард эцсийн туршилтаа дуусгаж, эрх баригчдаас зөвшөөрөл хүсэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа билээ.

Эх сурвалж: NBC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж