"ДЦС-уудад өдөрт 230 вагон нүүрс нийлүүлж байна"

Хуучирсан мэдээ: 2020.12.25-нд нийтлэгдсэн

"ДЦС-уудад өдөрт 230 вагон нүүрс нийлүүлж байна"

"ДЦС-уудад өдөрт 230 вагон нүүрс нийлүүлж байна"

"Багануур" компанийн тэргүүн дэд захирал Д.Түвшинжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр “Ирэх 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл хэрэглэгчдийн ус, цахилгаан, дулааны төлбөрийг тэглэх болсонтой холбоотойгоор цахилгаан, дулааны хэрэглээ нэмэгдэж, станцуудад нэмэлтээр эрчим хүчний нүүрс нийлүүлэхээр ажиллаж байгаа” талаар ярьсан юм. Ингээд түүний яриаг хүргэе.


-Засгийн газраас арванхоёрдугаар сараас эхлэн 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл хэрэглэгчдийн ус, цахилгаан, дулааны төлбөрийг чөлөөлөх шийдвэр гаргасан. Энэ шийдвэр Багануурын уурхайн нүүрсний гаралт борлуултад хэрхэн нөлөөлж байна вэ?

-Багануурын уурхай цахилгаан станцуудын түлшний ихэнх хэсгийг хангадаг. Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор цахилгаан, дулааны ачаалал нэмэгдэж байна. Бид өмнө нь өдөрт 204 вагон эрчим хүчний нүүрс цахилгаан дулааны станцуудад нийлүүлдэг байсан бол одоо 230 вагон нүүрсийг гарган нийлүүлж байна. Зөвхөн энэ арванхоёрдугаар сард гэхэд 20 мянга тонн нүүрсийг нэмэлтээр нийлүүлэх захиалга орж ирсэн. Мөн ирэх нэгдүгээр сард 40 орчим мянган тонн эрчим хүчний нүүрсний захиалга нэмэгдсэн.

-Багануурын уурхайн хувьд өвөлжилтийн бэлтгэлийг хэрхэн хангав. Өвлийн их ачааллын үед уурхайчид хэрхэн ажиллаж байна вэ?

-Хүмүүс нүүрсийг зөвхөн өвөл гаргаж өвөл түлдэг гэж ойлгодог. Манай уурхайн хувьд жилийн дөрвөн улирал 24 цагаар тасралтгүй ажиллаж байж  Монгол Улс, Улаанбаатар хотоо цахилгаан, дулаантай байлгах түлшийг нийлүүлдэг  юм. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хавар дөрөвдүгээр сараас эхлэн график төлөвлөгөөний дагуу гурван бүлэг 50 зүйл ажлыг хийж хангаад байна.

Өнгөрсөн зун цаг агаарын хувьд усархаг үргэлжилсэн бороо ихтэй байж уурхай долоо, найм, есдүгээр саруудад 29 хоног зогссон ч олон жилийн туршлагатай хамт олныхоо хүчээр өвлийн өндөр ачааллын үеийг даван гарах нөөцөө бүрдүүлэн хэвийн ажиллаж байна. Мэргэжлийн туршлагатай, сэтгэлтэй зүтгэлтэй, ур чадвартай хамт олноо сайн менежментээр аваад явахад энэ цаг үеийг даваад гарна даа. Энэ цаг үе шалтаг шалтгаан тоочоод суух биш урагш харж зүтгэх үе.

Нүүрсний зах зээлийн дийлэнхийг Багануурын уурхай хангадаг. Нүүрсний нөөц хэр байна вэ?

-"Багануур" компани нь Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний 70 хувь, нийт нүүрсний 60 орчим хувийг дангаараа хангадаг юм. Бид 2020 онд нийт 20 сая м3 хөрс хуулж дөрвөн сая тонн нүүрс олборлон борлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Үүнээс 3.7 сая гаруй тонн нүүрсийг ДЦС-3,4,2, Дархан-Уул, Орхон аймгийн дулааны цахилгаан станц, “Амгалан” дулааны станцуудад нийлүүлж байна. Товчхондоо байнгын найдвартай хариуцлагатай компани юм. Өнөөдрийн байдлаар уурхайд 357 мянган тонн нүүрсний нөөцтэй байгаа. Цахилгаан станцуудад нийлүүлдэг нүүрсийг газар доороос гаргаж, шууд ачихгүй. Тодорхой технологийн шат дамжлагатай. Ер нь цаашид техникийн саатал гарахгүй бол нүүрсний нөөцийг хэвийн хэмжээнд барих боломжтой.

Уурхайчдын хүний нөөцийг нэмэгдүүлэх болон тоног төхөөрөмжийн хэдэн хувийг шинэчлээд байна вэ?

-Манай ажилчдын хувьд тогтвор сууршилтай ажилладаг. Нийт 1100 гаруй ажилтантай. "Багануур" компанийн хувьд хотыг бий болгож яваа уурхай. Багануур дүүрэгт гэр бүлээрээ амьдардаг нь уурхайчин хувь хүний болоод байгууллагын хүний нөөцийн хувьд давуу тал юм. Бүх нийтийн бэлэн байдлын үед ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдолгүй ажилласан нь манай хамт олны соёл хариуцлагыг илтгэх болов уу. Энэ жилийн уурхайчдын баярыг баярын өдөр гэхээсээ цар тахлын хүнд цаг үед сахилга баттай байж улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх өндөр хариуцлагын өдөр болж байна. Цаашид судалгаа шинжилгээнд суурилсан бодлого, шийдвэр гаргах, хүний нөөцийг чадавхижуулах, мэргэшүүлэх сургалт хийх, туршилт судалгааны ажилд татан оролцуулах ажлаа эрчимжүүлэх шаардлага байгаа.

Өнгөрсөн 2019 онд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Багануурын уурхайн үйл ажиллагаатай танилцах үеэрээ техникийн шинэчлэлийн асуудлыг шийдсэн. Эхний удаад технологийн 13 автомашиныг шинэчилнэ. Өчигдөр Сангийн сайд гэрээнд гарын үсэг зурсан.

Манай хамт олон зөвхөн ажлаасаа гадна спорт, урлаг, нийгмийн сайн сайхны төлөөх ажил үйлсээрээ манлайлан ажилладаг. Энэ онд манай уурхайчдын хөлбөмбөгийн баг маань Улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, гар бөмбөгийн өсвөрийн баг олон тэмцээнд амжилтай оролцлоо.

-Удахгүй шинэ он гарах гэж байна. Өнгөрч буй 2020 онд "Багануур" компанийн зүгээс томоохон ямар ажлуудыг хэрэгжүүлсэн талаар танилцуулахгүй юу?

-Цар тахлын үед нүүрсний нөөцөө хэвийн хэмжээнд барьж цахилгаан станцуудаа түлшээр найдвартай ханган ажиллаа. Мөн OHSAS 18001:2012 стандартад гүйцэтгэлийн хяналт мониторнгийн ажил, геотехникийн судалгааг анх удаа хийлээ.  Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу нөхөн сэргээлтийн дүйцүүлэн хамгаалах ажлын хүрээнд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумыг аварга тосон нуур, Төв аймгийн Баяндэлгэр сумын гүний нуурыг хамгаалах гурван жилийн ажлаа амжилттай эхлүүллээ. Багануур дүүргийнхээ 40-н жилийн ойд бүтээлч ажлаар дэмжлэг үзүүллээ. Нийслэл хотоо эрүүл аюулгүй орчинтой болгох Засгийн газрын зорилтыг биелүүлэхэд чухал үүрэг хүлээн ажиллаж байна. Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахгүй байхын тулд бүхий л ажлыг амжилттай зохион байгуулж, алдсан борлуулалтаа нөхөн ажиллаж байна. Мөн Налайхын дулааны станц, Төв аймгийн Зуунмод, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Хөтөл хотууд болон Хэнтий, Төв, Сэлэнгэ, Дорноговь зэрэг аймгийн сум, суурин газрын нүүрсний хэрэглээг хангаж байна.

Уурхай бол улсын онцгой объект. Тиймээс ажлын хариуцлага маш өндөр байх ёстой. Хөрөнгө, орлогын хувьд шилэн байж чаддаг уу?

-Энэ асуудлын хувьд өмнө нь мөрдөгдөж байсан хуулийн дагуу тодорхой мөнгөн дүнтэй худалдан авалтыг мэдллэх үүрэг хүлээгүй ч гэлээ энэ нь санхүүгийн хуьд сахилга баттгүй бай гэсэн үг биш.

Ирэх 2021 онд  ямар ямар ажил амжуулахаар төлөвлөж байна вэ?

-“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт судалгаа хөгжүүлэлт, инновацын санхүүжилтийн олон эх үүсвэрт тогтолцоо бүхий төр, шинжлэх ухаан, үйлдвэрлэл, бизнесийн түншлэлийн таатай орчин бүрдүүлэх, үндэсний үйлдвэрлэлд дэвшилтэт болон шинэ технологи, бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжин хөгжүүлэх зэрэг дэвшүүлсэн тодорхой зорилтуудыг тавиад буй.

Үүнтэйгээ уялдуулан Ардын хувьсгалын 100 жилийн түүхэн ойгоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг хичээн улс орон, ард иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж цахилгаан дулааны эх үүсвэрээ найдвартай хангаж айл өрх, албан газар бүрт илч гэрэл дулаанаар ханган ажиллах болно.

Мөн төр сайн менежер хийж чаддагийг харуулахыг зорьж санхүүгийн сахилга бат, худалдан авах ажиллагаагаа илүү ухаалаг зөв болгохын зорин ажиллана. Засгийн газраас дэвшүүлж байгаа эрчим хүчээр дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангах, мэргэжилтэй ажиллах хүч бэлтгэх зорилгыг биелүүлэхэд манай хамт олны хувь нэмэр их болов уу. Хамтран ажилладаг хэрэглэгч цахилгаан станцууд, Улаанбаатар төмөр зам, хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүстээ талархал илэрхийлж, 2021 онд ажлын амжилт бүтээлээр дүүрэн, эрүүл энх байхыг дахин хүсэн ерөөе.

А.СҮРЭН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж