"Хоол, хүнснээс бусад хүргэлт дээр хатуу хяналт тавихгүй"

Хуучирсан мэдээ: 2020.12.25-нд нийтлэгдсэн

"Хоол, хүнснээс бусад хүргэлт дээр хатуу хяналт тавихгүй"

"Хоол, хүнснээс бусад хүргэлт дээр хатуу хяналт тавихгүй"

Засгийн газрын хуралдаанаас Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих хугацааг арванхоёрдугаар сарын 23-ны 06.00 цагаас эхлүүлж, 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06.00 цаг хүртэл 14 хоног хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргасан билээ. Энэ хугацаанд аль болох олны бөөгнөрөл үүсгэхгүй байхыг илүүд үзэж, 15 чиглэлийн үйл ажиллагаанд хязгаар тогтоогоогүй ч хүргэлтийн үйлчилгээг хязгаарласан нь олны дургүйцлийг хүргэлээ.

Иргэдийн дунд "Цар тахлын үед дэлгүүр, худалдааны төвүүдээр олноор чихэлдэж,  олон хүнтэй хавьталд орсноос гэрээсээ онлайнаар хэрэгцээт хүнс, хоол, бараагаа худалдан авч хүргэлтийн үйлчилгээгээр хүргүүлэн авах нь эрсдэл багатай баймаар юм" гэсэн яриа их гарч байв.

"БАРААНЫ ХҮРГЭЛТЭН ДЭЭР ХЯЗГААРЛАЛТ ТАВИХГҮЙ, ЯВУУЛАХ БОДЛОГО БАРИМТАЛЖ БАЙГАа"

Монгол Улсын Шадар Сайд Я.Содбаатар өчигдрийн (2020.12.24) УИХ-ын чуулганы хуралдаанаар хүргэлтийн бизнесийн үйл ажиллагааны талаар ярихдаа “Хүргэлтийн бизнесийн үйл ажиллагааг хөл хорионы 14 хоногийн хугацаанд зогсоосон. Бид нар ч ингээд байгаа юм биш. Та бүхэн харж байгаа байх. Олон улсын байгууллагууд, Европын холбоо, АНУ зэрэг улсуудын өвчний хяналт сэргийлэлтийн төвүүдээс гаргаж буй зөвлөмжүүд дээр эдгээр бизнесийн үйл ажиллагаануудыг халдвар хамгаалалтай холбоотой зэрэглэчихсэн, ангилчихсан байгаа. Энэ хүрээнд хоолны хүргэлтийн бизнес дээр хүргэлт хийж буй хүн халдвартай байж таарвал олон хүнд халдвар тараах эрсдэлтэй гэж үздэг. Манай улсын хувьд бид онлайн худалдааг дэмжиж байгаа. Аль болох барааны хүргэлтэн дээр хязгаарлалт тавихгүй, явуулах бодлого баримталж байгаа. Харин хоол, хүнстэй холбоотой хүргэлт дээр хязгаарлалт хийхээс өөр аргагүй. Учир нь вирус хатуу бие дээр хамгийн дээд тал нь долоо хоног, 72 цаг, 48 цаг гээд хугацаатай оршиж байгаа. Жишээ нь, сүүлийн үед л гэхэд БНХАУ-д гадаргуугаас халдвар авсан тохиолдол нэмэгдэж байна гээд энэ чиглэлээр тодорхой зөвлөмжүүдийг гаргаж байна. Ийм учраас бид ч гэсэн олон улсад гарч буй эдгээр зөвлөмжүүдийг дагаж, тодорхой шийдвэр гаргахдаа харгалзан үзэж байгаа” хэмээжээ.

ОНЛАЙН ХУДАЛДААНЫ САЙТУУДЫН ОРЛОГО ӨСЧ, ХҮРГЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ НЭМЭГДЭВ

Цар тахлын өнөө үед олон улсад онлайн дэлгүүр, хүргэлтийн үйлчилгээний компани, байгууллагуудын орлого, ачаалал тогтмол өссөөр байна. Дэлхийн алдарт онлайн худалдаа, хүргэлтийн “Amazon” компани цар тахлын үеэр ачааллаа дийлэхгүй 175 мянган хүнийг савлагаа, хүргэлтийн сүлжээндээ ажилд аван, цалингийн доод хэмжээг нь 2 ам.доллараар нэмж, илүү цагийг нь 34 ам.доллараар тооцож эхэлжээ. Мөн тэдний энэ оны гуравдугаар улирлын орлого нь 96.1 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 37 хувиар өсжээ. Тэгвэл Хятадын алдарт Алибаба компанийн гуравдугаар улирлын орлого 23.4 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 30 хувиар өсчээ. Алибаба интернет худалдааны сайтад нэг өдөрт л гэхэд 800 сая хандалт дэлхийн өнцөг булан бүрээс орж ирдэг аж.

 

Мөн Uber Eats хоол хүргэлтийн үйчилгээний борлуулалт хөл хорионы үед 30 хувиар өссөн бол адилхан үйл ажиллагаа явуулдаг Deliveroo, GrabFood зэрэг компаниудын өдрийн хүргэлтийн тоо 20 хувиар өсчээ.

Google сайт дээр “Онлайн хоол хүргэлт” гэсэн хайлт өнгөрсөн жилийн мөн үеийнхэээсээ 300 хувиар өссөн гэнэ.

"Amazon" компани ажилчдынхаа халдвар хамгаалалд 800 сая ам.доллар төсөвлөж, 100 сая амны хаалтыг худалдан авч, хүргэлтийн ажичид, савлагчид гэх мэт халдвар авах, тараах өндөр магадлалтай ажилчдаа тогтмол коронавирусийн түргэвчилсэн шинжилгээнд хамруулж байгаа ажээ.

Мэдээж олон хүн нэг дор цулуулахгүй, гараас гарт хүрэхгүй, хоорондын зай барихыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа учир олон улсын жишгийн дагуу хүргэлтийн үйлчилгээг үзүүлэх боломжууд бий. Ялангуяа хөл хориотой энэ үед хүний хэрэгцээт зүйлсийг хүргэж өгөх, авах үйлчилгээ ч мөн манайд нээгдсэн байна. Тодруулбал, Монгол улсын хувьд гараас гарт хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг Mydelivery.mn сайт л гэхэд цар тахалтай холбоотойгоор замын хөдөлгөөн, тээврийн хуваарьт өөрчлөлт орсны улмаас таны илгээмжийг захиалга өгсөн хаяган дээрээс очиж хүлээн авч, хаягийн дагуу Улаанбаатар хотод 24 цагийн дотор, орон нутагт 3-7 хоногийн дотор гараас гарт хүргэж өгдөг байна. Тиймээс иргэд аль болох хүргэлтийн үйлчилгээг сонгож, хүн хоорондын зай барьж, халдвар хамгааллын дэглэмээ сахих, хүргэлтийн компаниуд ч мөн халдвар хамгааллын дэглэмээ маш сайн сахиж чадвал, хүргэлтийн үйлчилгээг заавал хорихгүй гэдгийг албаныхан тодотгожээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж