V цахилгаан станцаа барьж, утаанаасаа салъя!

Хуучирсан мэдээ: 2020.12.24-нд нийтлэгдсэн

V цахилгаан станцаа барьж, утаанаасаа салъя!

V цахилгаан станцаа барьж, утаанаасаа салъя!

Улаанбаатар хотын гэр хорооллын 220 мянга гаруй өрх сайжруулсан түлш хэрэглэн хоёр дахь өвөлтэйгээ золгож, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэр нийслэлийн баруун, зүүн цэгт ажиллан, нийлүүлэлт хийж буй ч сайд нарын хэлсэнчлэн агаарын бохирдол 70-80 хувь буурсангүй.

Агаарын бохирдол 70-80 хувь буурах амлалтыг Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Ц.Даваасүрэн тэргүүтнүүд найман сарын өмнө Налайхад хоёр дахь түлшний үйлдвэрийн шав тавихдаа өгсөн.

Гэтэл өнөөдөр нийслэлийг хар… Толгойт, Таваншар, МҮОНРТ, Баянхошуу, Зуун айл, Шар хад, Дарь-Эх, Нэгдүгээр хорооллын иргэд нэлэнхүйдээ утаан дундаа амьдарч байна.

Covid-19 цар тахал гарч, хөл хорио тогтоогоогүй бол автомашины яндангаас ялгарах утаа агаарын бохирдлыг улам нэмэгдүүлэх байсан биз. Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу 15 чиглэлийн байгууллага, ажиллагсад нь албаны болон хувийн автомашинаараа зорчих боломжтой байхаар хязгаарласны хүчинд өдөр тутамд 600 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог байсан нь эрс багассан.

Харин албаныхан агаарын бохирдол буураагүй шалтгааныг “Хөл хорионы улмаас гэр хорооллынхон өдөр шөнөгүй гал түлж, түлшний хэрэглээ нь эрс нэмэгдсэнтэй холбоотой” гэж тайлбарлав.

Уг нь чанартай бүтээгдэхүүнийг олуулаа хэрэглэх тусам үр дүн нь өндөр гардаг болохоос биш буурдаггүй байх аа.

Гэтэл албаныхан анх ярьснаасаа буцчихсан  хэрэглээ рүү “чихэж” сууна.

Тэр бүү хэл, жилийн өмнө “Сайжруулсан түлш хоргүй, гагцхүү түлэхдээ алдаа гаргаад иргэд угаартаж, амь насаа алдаад байна. Бид хоруу чанарыг нь шинжлүүлсэн, асуудал гараагүй” гэж тайлбарлаж суусан атал өнөөдөр “Агаар дахь хүхрийн агууламж ихэссэн шалтгааныг шахмал түлшнээс болж буй эсэхэд анхаарч хяналт шалгалт хийж байна. Гадаад харилцааны яамны шугамаар бусад улсын сайжруулсан түлшний стандартыг татан авч, харьцуулан шинжилж эхэлсэн. Одоогоор Хятадын стандарт ирсэн. Тус улсад мөрдөгддөг стандарт нь манай улсын сайжруулсан түлшнийхтэй адил хэмжээнд нэг ба түүнээс доош байна” гэдэг зүйл ярьж сууна.

Гэтэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мэдээллээр агаарын бохирдол дахь хүхрийн хэмжээ 2019 оныхоос гурав дахин, мөн Налайх, Багануурын нүүрснээс хоёр дахин өндөр үзүүлэлттэй гарсан байгаа юм.

Хүхэрлэг хий (SO2) нь нүдэнд үл үзэгдэх, хурц үнэртэй хий бөгөөд бусад бодисуудтай амархан урвалд орж хүхрийн хүчил, сульфатын тоосонцор зэрэг хортой нэгдлүүдийг үүсгэдэг. Нэг ёсны хүний эрүүл мэндэд маш хортой болж таарч байгаа юм.

Одоо Улаанбаатарын агаар цэвэр болсон, хоруу чанар нь түүхий нүүрс хэрэглэж байснаас хэд дахин буурсан гэж биенээ хуурч, хэдэн жил явах вэ. Шинээр эрчим хүчний эх үүсвэр барихад анхаарч, яаралтай л хөдлөх шаардлага байна.

2011 оны үед Сү.Батболдын Засгийн газраас баталж байсан V цахилгаан станц барих төслөө хэрэгжүүлье.

Энэ төсөл Ардчилсан намын үед нэлээд урагшилж, цахилгаан, дулаан гэсэн холимог эх үүсвэрийг үйлдвэрлэхээр төлөвлөгдсөн. Гэвч өнгөрсөн наймдугаар сард Эрчим хүчний сайдын зөвлөлийн хуралдаанаар асуудлыг хэлэлцээд зогсоосон байдаг. Шалтгаанаа V цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхэд ус, нүүрс, төмөр замын асуудлыг шийдэхэд хүндрэлтэй гэж үзсэн. Судалгаанд үндэслэж шийдвэр гардаг уу, эсвэл сайдын үзэмжээр асуудал явдаг уу. Монголд улс оронд хэрэгтэй нэг төсөл хэрэгжих болоход заавал нэг саад гарч ирж, зогсдог, эцэст нь нийтээрээ хохирдог нь жишиг болсон. Тэр дундаа эрчим хүчтэй холбоотой төслүүд цаасан дээр зураг нь зурагдсанаас цааш хэтрээгүй нь олон. Эгийн гол, Шүрэнгийн станц гээд нэрлэвэл 20 жилийн нүүр үзсэн төслүүд ч байна.

Цаг алдах тусам л улам их үнээр хохирдог.

Сая юу болсныг бүгд мэднэ. Засгийн газраас иргэд, аж ахуй нэгжийн цахилгаан, дулааны төлбөрийг төрөөс даах шийдвэр гарангуут эрчим хүчний нэгдсэн систем ачааллаа даахгүйд хүрсэн. Ямар аргатайдаа салбарын сайд нь Шадар сайдтайгаа нийлээд “Нүхтийнхэн амьдардаггүй байшин, гадаа хонуулж байгаа автомашинаа цахилгаанаар халаахаа зогсоо” гэж хэлэх билээ.

Эрчим хүчний хэрэглээ 200 мВт-аар өсөхөд л хот харанхуйлж мэдэх аюул нүүрлэсэн.

Иймээс жил ирэх тусам өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангах, мөн нийслэлийн агаарын бохирдлыг бууруулъя гэвэл V цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулах л зам байна.

Учир нь гэр хорооллыг дахин төлөвлөж, дулаанаа шийдэхэд шинэ эх үүсвэр л шаардаж таарна. Одоогийн хүчин чадлаар зүтгүүлнэ гэвэл бүтэхгүй. Хэдийгээр энэ нь нийслэлийн асуудал мэт харагдаж болох ч эцсийн дүндээ эрчим хүч бол  үндэсний аюулгүй байдлын нэг баталгаа.

Шинэ станц барихад шаардагдах хөрөнгө оруулалтын зардлыг уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрээс гаргая гэхэд үгүй гэж хэлэх хүн гарахгүй л болов уу.

Сумдын сургуулийн 00-ын асуудлыг шийдвэрлэхэд тус үйлдвэр 100 гаруй тэрбум төгрөг, эрчим хүч, дулаан, усны төлбөрийг төрөөс даах шийдвэр гаргахад зардалд нь шаардагдах  650 тэрбум төгрөгийг мөн л “Эрдэнэт” үйлдвэр гаргах болж байгаа.

Хэдэн жил агаарын бохирдлыг бууруулах нэрийн дор утаагүй зуух, утаагүй яндан, сайжруулсан түлш ярьж цаг алдан, хордож суух юм бэ?

Г.ХОРОЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж