Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан зарлагдсантай холбогдуулан хуульч Б.Баяраатай ярилцлаа.
– Сайн байна уу, Үндсэн хуулийн цэцийн хурлаар ямар асуудал хэлэлцэхээр болов?
– УИХ-аас 2020.01.10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн нэг хэсгээр Эрүүгийн хуульд Худал мэдээлэл тараах гэсэн зүйл шинээр нэмж оруулсан нь иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл хайх, хүлээн авах үндсэн эрхийг зөрчсөн гэсэн шүүмжлэл өнөөдөр ид өрнөж байна. Үүнээс илүү ноцтой нь Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлахдаа Үндсэн хууль, хүний эрхийн илэрхий зөрчил гаргасан гэж нэр бүхий иргэд Цэцэд мэдээлэл гаргасны дагуу дунд суудлын хуралдаан зарлагдсан.
– Тухайлбал, хуулийн ямар зохицуулалтыг ямар үндэслэлээр Үндсэн хууль зөрчсөн гэж мэдээлэл гаргасан бэ?
– УИХ-аас албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх нэрийн дор шүүхээр нэгэнт шийдвэрлэгдэж дууссан хэргийг сэргээн шалгах хууль баталсан. Өөрөөр хэлбэл тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу шүүх, хуулийн байгууллагаар нэгэнт эцэслэн шийдвэрлэгдэж дууссан хэргийг архиваас ухаж сэргээн шалгаж, нэхэн ял шийтгэл оногдуулах тухай хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн дэлхийн жишигт байхгүй муу хууль баталсан. УИХ-аас хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь хүчин төгөлдөр болсон цагаас мөрдөгдөж эхлэх байтал урьд болоод өнгөрсөн өөр хуулийн үйлчлэл бүхий цаг хугацаа руу урагшлан нөхөн үйлчлэх үндэслэл байдаггүй. Эрүүгийн хуулийг эрх зүйн байдлыг дордуулах замаар буцаан хэрэглэх нь хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмд хүлээн зөвшөөрөгддөггүй шалтгаан нь хэнийг ч эрүүгийн гэмт хэрэгт эргэн шүүж, дахин шийтгэх хэлмэгдүүлэлт үүсэхээс сэргийлэх зорилгоос үүдэлтэй.
– Шүүх нэг хэргээ хоёр удаа шийднэ гэсэн үг үү?
– Харамсалтай нь тийм. Үндсэн хуульд заасан шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ, шүүхийн эцсийн хүчин төгөлдөр шийдвэр зайлшгүй биелэгдэнэ, хэн боловч шүүхэд хөндлөнгөөс нөлөөлж болохгүй гэсэн хуулийн суурь зарчмыг хууль тогтоогч илэрхий зөрчсөн. Төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг зөрчиж шүүхийн эрх хэмжээнд халдаж буй нэг хэлбэр юм. Өөрөөр хэлбэл хууль, шүүхийн байгууллагаас тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн хүрээнд хэрэг маргааныг шийдвэрлэсэн атал хууль тогтоох байгууллагаас одоо шинэ хуулиар дахин хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээн шалгаж заавал нэхэн ял шийтгэл оногдуул гэж тулгаж болохгүй.
– Дэлхий нийтэд ийм жишиг бий юу?
– Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар манай улс түүхэндээ анх удаа Эрүүгийн хуулийг эрх зүйн байдлыг дордуулах замаар буцаан хэрэглэх хууль баталсан. Коммунист СССР-ийн үед Н.Хрушевийн даалгавраар Зөвлөлтийн хууль тогтоогчид Эрүүгийн хуулийг 2 ч удаа буцаан хэрэглэсэн хууль баталсан гашуун сургамж байдаг. Тухайн үед СССР улсад валютын арилжаа, үнэт эдлэлийн наймаа эрхэлсэн залуусыг дамын наймаа хийсэн гэж буруутган 8 жилийн ял өгч шоронд хоригдох хугацаанд нь Н.Хрушевийн даалгавраар “онцгой тохиолдлоор” гэж тодотгон Эрүүгийн хууль буцаан хэрэглэж 15 жилийн ял өгөөд дараа нь хэсэг хугацааны дараа хуулиа дахин чангатгаж буцаан хэрэглэх замаар цаазаар авч байсан жишээ бий. 1990 онд коммунизм нуран унахад эрүүгийн хуулийг дордуулан буцаан хэрэглэсэн жишээ нь дэлхийн шившиг болж, харин цаазын ялаар шийтгүүлж, хэлмэгдсэн залуус чөлөөт эдийн засгийн бэлэг тэмдэг болж үлдсэн. Үүнээс өөр жишээ дэлхийд байхгүй л болов уу. Харамсалтай нь Монгол Улс Эрүүгийн хуулийг эрх зүйн байдлыг дордуулах замаар буцаан хэрэглэх хуулийг 2020 онд баталсан нь өнөөдөр ч гэсэн парламентын төлөвшил, эрх зүйн судалгаа, хүний эрхийн мэдрэмж ямархуу сул байгааг харуулж байна. НҮБ-ын гишүүн орнуудын дагаж мөрддөг олон улсын хэд хэдэн гэрээгээр Эрүүгийн хуулийг дордуулан буцаан хэрэглэхийг хориглодог. Зарим улс шууд Үндсэн хуулиараа хориглохоос гадна иргэний шударгаар шүүлгэх үндсэн эрхийн хүрээнд “Эрүүгийн хууль буцаан хэрэглэхээс хамгаалуулах эрх-nullem crimen sine lege” гэсэн хуулийн шинжлэх ухааны ойлголт байдаг. Энэ эрхийг ямар ч үед тэр бүү хэл онц байдлын үед хязгаарлахыг хориглодог олон улсын нийтлэг жишиг бий.
– Таны ярианаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэргийг дахин шалгаж байна гэж ойлголоо. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргээс мултарсан гэсэн шүүмжлэл их гардаг талаар?
– Зарчмын хувьд эрүүгийн хуулийг эрх зүйн байдлыг дордуулах замаар буцаан хэрэглэхийг манай улс зөвшөөрвөл цаашид шинээр гэмт хэрэгт тооцон ял шийтгэх, ял шийтгэлийг хүндрүүлэх зэрэг нөхцлийг зөвшөөрсөнөөс ялгаагүй болно. Үндсэн хуулийн цэц бол тухайлсан маргааныг шийдвэрлэхгүйгээр хууль тогтоомжийн хөгжилд зарчмын шийдвэр гаргаж, эрх зүйг хөгжүүлж, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг тогтоож байдаг онцлогтой байгууллага юм.
– Хөөн хэлэлцэх хугацааны ач холбогдлын талаар товч тайлбарлахгүй юу?
– Хөөн хэлэлцэх хугацаа нь дэлхий нийтэд хэрэглэгддэг хуулиар олгосон боломж юм. Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж тодорхой хугацаанд үгүйсгэгдэж байдагтай холбогдуулан гэмт хэргийн ангиллаас шалтгаалан харилцан адилгүй хөөн хэлэлцэх хугацаа тоолдог. Хууль хяналтын байгууллагаас хүн хүч, техник хэрэгсэл, эрх мэдэл, эдийн засгийн давуу тал зэрэг төрийн механизмаа ашиглан цаг наргүй хэдэн жилээр хүч тэнцвэргүй иргэдийг хэрэгт холбогдуулан шалгаж залхаахгүй байх үүднээс хуулиар хэрэг шалгах тодорхой хугацаа тогтоож өгсөнөөрөө хөөн хэлэлцэх хугацаа нь хүний эрхийн ач холбогдолтой. Тиймээс хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулиараа хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол хэргийг дахин сэргээн шалгуулахаар шүүхийн эрх хэмжээнд хууль тогтоогч халдах үндэслэл байхгүй. Хэрэв хууль тогтоох байгууллага тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулиасаа эргэж буцаад байвал хууль дээдлэх зарчим алдагдаж, хэн хуулийг дагаж мөрдөх вэ гэдэг асуулт урган гарна. Хөөн хэлэлцэх хугацаа байхгүй бол насаараа хэрэгт шалгагдаж байна гэх шошготой хилээр гарахгүй, ажилд орохгүй, өдөр бүр цагаа бүртгүүлээд цагдаагийн байгууллага манадаг ажилтай болно, үүнд ямар нэгэн хязгаарлалт хэрэгтэй. Хүний эрх, эрх чөлөөнөөс гадна нөгөө талаар төрийн байгууллага гэмт хэрэг илрүүлэх, шалгах үүрэгтээ назгай хандахгүй, тасралтгүй явуулах, хариуцлагажуулах үүднээс дэлхийн бүх улс оронд хэрэглэгддэг хуулийн ойлголт юм.
– Хөөн хэлэлцэх хугацааны талаар ойлголт өгсөн баярлалаа. Манай Эрүүгийн хуулиар хууль буцаан хэрэглэх асуудлыг хэрхэн зохицуулдаг вэ?
– Манай Эрүүгийн хуульд зөвхөн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр хуульчилсан. Гэтэл Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар өөрөөр хэлбэл хууль үйлчлэх бэлтгэл хангадаг хуулиар суурь Эрүүгийн хуулийн үндсэн зарчмаа үгүйсгэсэн зөрчилтэй зохицуулалт оруулсан нь хууль дээдлэх зарчимд нийцэхгүй юм. Хууль тогтоомжийн тухай хуульд зааснаар аливаа хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зорилго нь хууль тогтоомжийн өөрчлөлтийн нөлөөлөлд өртөж байгаа этгээдийн эрхийг хамгаалах зорилгоор батлагддаг юм. Түүнээс биш эрхийг дордуулж батлагддаггүй.
– УИХ баталсан хуулиасаа ухарч няцаж, тоглоомын дүрмээ өөрчлөөд байна гэсэн үг үү?
– Тэгж ойлгож болно. Энгийнээр тайлбарлавал иргэд тухайн үед хүчин төгөлдөр хуулийн хүрээнд ажиллаж амьдардаг бөгөөд ирээдүйд хууль яаж өөрчлөгдөхийг хэн нэгэн урьдчилан мэдэх боломжгүй. Гэтэл шинэ хуулийн дагуу таны өмнө хийсэн үйлдэл буруу байна, хууль зөрчиж байна гэж буруутгавал танд шударга санагдах уу? Яг л үүнтэй адилаар хүчин төгөлдөр хуулийн хүрээнд хэрэг шийдвэрлэсэн шүүхийг шинэ хуулиар дахин хэрэг шийдвэрлэхийг ингэхдээ бүр эрх зүйн байдлыг дордуулсан хуулиар нэхэн шийтгэх шаардлага тавьж байгааг зөвтгөх арга байхгүй. Эрх мэдэл хуваарилах зарчмыг харилцан тэнцэл хяналттай байх заагийг хууль тогтоогч шууд зөрчиж шүүх эрх мэдэлд халдаж байгаа нь Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцэхгүй юм.
– Хууль буцаан хэрэглэх гэдгийг уншигчдад энгийн үгээр тайлбарлаж өгч болох уу?
– Өнөөдрийн замын хөдөлгөөний дүрмээр зөв, буруу жолоодлоготой автомашиныг хориогүй. За хийсвэр жишээ авч 2021 оноос эхлээд буруу жолоодлоготой автомашиныг хөдөлгөөн оролцохыг хориглож, зөрчлийн хуулиар арга хэмжээ авна гэвэл тухайн дүрэм батлагдсан үеэсээ хүчин төгөлдөр болноо доо. Түүнээс биш 2021 оноос мөрдөгдөх дүрмийг 2020 он руу буцаан үйлчлүүлж, жолооч та шинэ дүрмийн дагуу өнгөрсөн 2020 онд өмнө нь зөрчил аль хэдийнэ гаргасан байна гэж үзээд зөрчлийн арга хэмжээ авбал шударга санагдаж байна уу? Үүнтэй л адилхан юм. Бид бүгдээрээ хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хүрээнд ажиллаж амьдардаг, харин маргааш хууль яаж өөрчлөгдөхийг хэн ч мэдэхгүй тул маргаашийн хуулиар өнөөдрийг шүүж болохгүй ээ гэсэн үг.
– Монголчууд ам алдвал барьж болдоггүй гэж хэлэлцдэг ард түмний хувьд амьдрал нийцэхгүй хууль баталсан гэж үзэхээр байна?
– УИХ маань баталсан хуулиасаа ухарч няцаж буцаж байна. Ер нь Монголын төрт ёсны түүхэн уламжлал, бичмэл эрх зүй үүссэнээс хойш эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхдээ эрх зүйн байдлыг дордуулсан хууль баталж байгаагүй гэдэгтэй судлаачид санал нийлдэг. Гэтэл 21 дүгээр зуунд 2020 онд ардчиллын 30 жилийн ойгоор ийм муу хууль баталсан нь манай парламентат ёсны түүхэнд байгаагүй муу жишиг болсон. Сурах бичигт сургамж авууштай муу жишээ болж үлдэх биз. Хууль баталсан нөхцөл байдлыг судалж үзэхэд хөөн хэлэлцэх хугацаан дээр гарсан хуулийн хийдлээ залруулж гэмт хэрэгтэй тэмцэх нэрийн дор нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохын үлгэр болсон байсан. Үр дагаварт нь Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдаж, орчин цагийн ардчилсан парламент бүрэлдсэнээс хойшхи түүхэн дэх хамгийн ноцтойгоор иргэний Үндсэн хуульд заасан үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн муу хууль төрсөн байна.
– Сүүлчийн асуултыг танд үлдээе?
– Хүчин төгөлдөр хуулийн дагуу хэрэг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эрх хэнд ч түүний дотор хууль тогтоох байгууллагад байхгүй. Бидний нийгмээр амьдрах үндсэн дүрэм болсон хуулийг хууль тогтоогч хаврын тэнгэр шиг байнга өөрчлөөд ингэхдээ эргэж буцаж үйлчлүүлээд байж болохгүй. Хууль буцаан үйлчлэх ганцхан тохиолдол нь эрүү, иргэн, захиргааны салбар эрх зүй харгалзахгүйгээр зөвхөн хуулийн үйлчлэлд өртөж байгаа этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх тохиолдолд хэрэглэгддэг. Хууль дагаж мөрдөх журмын тухай хуулийн зорилго ч мөн адил.
Монгол Улсын Үндсэн хуульд заасан “Эх орондоо хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх зорилго”, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх зарчим, Эрүүгийн хуульд заасан энэрэнгүй ёсны зарчим бүхий зохицуулалт, дэлхий нийтийн сайн жишиг гээд аль талаас аваад үзсэн Эрүүгийн хуулийг зөвхөн эрх зүйн байдлыг дээрдүүлэх замаар буцаан хэрэглэхээс өөр сонголт байхгүй.
Үндсэн хуулийн хүрээнд төрөө хянах хуулийн боломж олгодог Үндсэн хуулийн чандлан сахиулах баталгаа болсон Үндсэн хуулийн цэцэд иргэд итгэл хүлээлгэн энэ талаар мэдээлэл гаргасан гэж бодож байна. Хэрэв Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзвэл цаашид парламент эрүүгийн архив ухаж хүссэн хүндээ, эсхүл хэсэг бүлэгт зориулан хууль батлах замаар хэрэг сэргээж, нэхэн ял шийтгэдэг үүд хаалга нээгдэж парламентын дарангуйлал үүснэ гэсэн үг.
Сэтгүүлч Ц.Баасансүрэн