Хятадад ирэх 2021 онд эмнэлгийн бүтээгдэхүүн, хүүхдийн цацлаганы түүхий эд, дэвшилтэт технологи гэх мэт дотооддоо эрэлттэй байгаа олон барааны импортын татварыг бууруулна хэмээн тус улсын Сангийн яам өчигдөр/2020.12.23/ мэдэгджээ.
Тухайлбал, Хятад улс импортын бага татвар тогтоох барааны тоог энэ жил 859 байгааг ирэх жил 883 болгон нэмэгдүүлэх аж. Ийнхүү татварт өөрчлөлт оруулж байгаа нь дотоодын эрэлтийг хангах, аж үйлдвэрийн технологийн хөгжлийг нэмэх зорилготой бөгөөд улмаар дотоодын эдийн засагт “агуу эргэлт” бий болно хэмээн яам мэдэгдсэн байна.
АНУ-тай эдийн засаг болон улс төрийн хувьд зөрчилдөөнтэй байгаа энэ үед Хятад дотоодын эргэлтдээ тулгуурласан эдийн засгийн хөгжлийн стратеги танилцуулсан юм. Ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэхийн тулд Бээжин хорт хавдрын болон зарим ховор өвчний эсрэг эмийн түүхий эд, зүрхний хавхлага, сонсголын аппарат төдийгүй хүүхдийн цацлагын түүхий эдийн татварт хөнгөлөлт үзүүлэхээр болжээ.
Түүнээс гадна дотоодын хэрэгцээгээ бүрэн ханган, шинэ дэд бүтэц, технологийн дэвшлийг дэмжихийн төлөө шаардлагатай тоног төхөөрөмжийн эд анги, түүхий эд, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж зэргийн татварыг бууруулах гэнэ. Мөн Засгийн газрын байгаль хамгаалах ажлын хүрээнд дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн утаа шүүгчийн татварыг мөн бууруулах аж.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ