Хүн төрөлхтөн нэгэн арваныг элээж дуусаад, шинэхэн арваныг баяртайгаар хүлээн авах гэсэн ч 2020 он биднийг тийм ч таатай мэдээтэй угтсангүй. Таагүй үйл явдлууд ар араасаа тохиолдсон хүндхэн бас урт удаан жилийг туулж өнгөрөөлөө.
ХАГАС ТЭРБУМ АМЬТАН АМЬДААРАА ХУЙХЛАГДСАН АВСТРАЛИЙН ТҮЙМЭР
Австрали улс 2019 оны есдүгээр сараас хойш ой хээрийн түймрийн гамшигт нэрвэгдээд байгаа билээ. Тус улс шинэ оноо түймрийн гамшигтай угтсан. Дэгдсэн түймрийн улмаас хагас тэрбум амьтан үхэж үрэгдсэн талаарх мэдээ дэлхий нийтийг цочроож, хүмүүсийн анхаарал сая л Австрали улс руу чиглэв. Гал түймэр, их халалтын улмаас тус улс ган гачигт нэрвэгдэн, амьтад хоол хүнс, усны дутагдалд орж, түймрийн сэтгэл өвтгөм зургууд цахим сүлжээгээр тарсан. Ингээд олны танил эрхмүүд, улс орнууд дор бүрнээ хандив тусламж цуглуулж, Австрали улсыг байгалийн гамшигтайгаа тэмцэхэд гараа сунгасан юм. Ер нь 2020 онд зөвхөн Австралид ч бус дэлхийн өнцөг булан бүрт томоохон түймрүүд гарсан билээ.
АНУ, ИРАНЫ ХООРОНД ДЭЛХИЙН III ДАЙН ДЭГДЭХ ШАХАВ
Австралийн түймрийн араас АНУ, Ираны хурцадмал байдал даамжирч, бараг л дэлхийн III дайн эхлэхээ шахсан. Нэгдүгээр сарын 3-ны өдөр АНУ-ын арми Иракт тусгай ажиллагаа явуулж, энэ үеэр Ираны хамгийн хүндтэй хүмүүсийн нэг, тус улсын тусгай хүчний генерал Касем Сулеймани амь үрэгдсэн явдал иранчуудын цөсийг хөөргөж орхив. Хэд хоног гашуудацгаасан иранчууд удалгүй хариуг нь барьж, АНУ-ын цэргийн баазууд руу пуужин харвасан юм. Энэ хооронд АНУ-ын Ерөнхийлөгчийн толгойг авчирсан хүнд 80 сая ам.доллар амлаад амжсан. Ираны цохилтын дараагаар АНУ мэдэгдэл хийж, Ираны зүгээс дахин цохилт өгвөл тус улсын түүх, соёлын өвүүдийг бөмбөгдөнө хэмээн сүрдүүлсэн билээ.
УКРАИНЫ 176 ХҮНТЭЙ ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ОНГОЦЫГ ИРАН АНДУУРЧ СӨНӨӨВ
АНУ, Ираны нөхцөл байдал түгшүүртэй байх зуур буюу Иран АНУ-ын цэргийн бааз руу цохилт өгснөөс ганцхан цагийн дараа нийслэл Тегеранаас 167 зорчигч, нислэгийн багийн есөн гишүүнтэй хөөрсөн “Boeing 737” онгоц нууцлаг байдлаар осолдож, ослоос нэг ч хүн амьд үлдээгүй харамсалтай мэдээ дуулдав. Эхэндээ уг онгоцыг техникийн асуудлаас болж осолдсон гэж байсан ч хожим Иран улс онгоцыг АНУ-ын пуужинтай андуурч сөнөөснөө хүлээн зөвшөөрсөн билээ. Ийнхүү 176 хүний амь үрэгдэн байж хоёр улсын байдал намжсан юм.
ХАНХҮҮ ХАРРИГИЙН ГЭР БҮЛ ОРДНЫ АМЬДРАЛААС ТАТГАЛЗАВ
АНУ, Ираны асуудлын дараа болсон өөр нэг дуулиан шуугиан бол энэ дэлхий дээрх хамгийн том хаант улсын гэр бүлийн дотоодын зөрчилдөөн байв. Их Британийн ханхүү Харри болон түүний эхнэр Меган Маркл нар хатан хааны гэр бүлээс өрх тусгаарлан, цол хэргэмээсээ татгалзсан нь түүхэн гэж хэлж болох үйл явдал байлаа. Энэхүү үйл явдлыг хүмүүс өөр өөрийн өнцгөөс харж байсан бөгөөд ерөнхийдөө Африк-Америк гаралтай жүжигчин бүсгүй Их Британийн язгууртны амьдралд дасч чадаагүй учир нь ийм шийдвэр гаргалаа гэсэн хандлага давамгайлж байлаа. Тэд шийдвэрээ олны нүднээс хол байж, амар тайван, өөрсдийнхөөрөө амьдрахын тулд гаргасан хэмээн тайлбарласан юм.
COVID-19 ЦАР ТАХАЛ
Өдгөө дэлхий даяар 79 сая хүн өвчилж, 1.7 сая хүний амийг авч одоод буй covid-19 цар тахал анх Хятадын Үхань хотод арванхоёрдугаар сарын 31-нд бүртгэгдсэн гэж үздэг. Харин 10 хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 10-ны өдөр анхны өвчтөн нас барснаар сая нэг дэлхий нийт энэ аймшигт өвчин рүү анхаарлаа хандуулж эхэлсэн юм. Ингээд гуравдугаар сараас байдал бүр хүндэрч, ДЭМБ энэхүү өвчнийг "цар тахал" хэмээн зарласан билээ. Дэлхийн бүхий л улс орнууд хил гаалиа хаах, хөл хорио тогтоох зэрэг арга хэмжээ авч, аялал жуулчлал, агаарын тээврийн салбар тэр чигтээ бүрэн зогсч, дэлхийн эдийн засаг бүхэлдээ уналтад орсон юм. Одоо ч энэ цар тахал хэзээ дуусч, хүн төрөлхтөн хэзээ хэвийн амьдралдаа орох нь тодорхойгүй хэвээр байна. Магадгүй энэхүү халдварт өвчин хүн төрөлхтний амьдралын хэв маягийг бүр мөсөн өөрчилж болох юм.
ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ОГЦОРЧ, ПУТИН 2036 ОН ХҮРТЭЛ ОРОСЫГ УДИРДАХ БОЛОВ
Нэгдүгээр сарын 15-ны орой дэлхийн бас нэг хүчирхэг гүрний талаар мэдээ дэлхийн улс төрийн амьдралд тохиож, ОХУ-ын Ерөнхий сайд асан Дмитрий Медведев тус улсын Засгийн газар огцорч буйг дэлхий нийтэд зарласан юм. Энэхүү үйл явдал нь тус улсын Ерөнхийлөгч Владимир Путины санаачилгаар Үндсэн хуулинд оруулж буй нэмэлт өөрчлөлтийн хүрээнд болсон билээ. Ингээд Холбооны татварын албаны даргаар ажиллаж байсан Михаил Мишустин Ерөнхий сайдаар томилогдов. Зургадугаар сард явуулсан бүх нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг иргэд нь дэмжсэн. Нэмэлт өөрчлөлтийн хүрээнд саяхан баталсан хуулиар Владимир Путин 2036 он хүртэл улсаа удирдах боломжтой болж, тус улсын Ерөнхийлөгч нарын халдашгүй эрхийг баталгаажуулсан юм.
ИХ БРИТАНИ ЕВРОПЫН ХОЛБООГ ОРХИВ
Их Британи улс даяар олон нийтийн санал асуулга явуулснаас хойш 3.5 жилийн дараа Европын холбооноос нэгдүгээр сарын 31-ний өдөр албан ёсоор гарсан. 2016 оны зургадугаар сарын 23-нд Их Британичуудын 51.89 хувь нь “Brexit”-ийн төлөө саналаа өгсөн билээ.Тус улс нь Европын холбоонд 47 жил байсан бөгөөд энэ хугацаанд Европт бүрэн интеграцид ороогүй байсан юм. Тодруулбал, Их Британи өөрсдийн мөнгөн тэмдэгтээ хадгалж, Шенгений орнуудад нэгдээгүй.
ТОКИО 2020 ХОЙШЛОГДОВ
“Токио 2020” 32 дахь удаагийн Зуны олимп болон Паралимпийн наадам цар тахлын улмаас нэг жилээр хойшиллоо. 2020 оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний өдрийн хооронд болох байсан наадам 2021 оны зун хүртэл хойшилсон юм. Япон улсын тухайн үеийн Ерөнхий сайд Абэ Шинзо Олимпийн наадмыг хойшлуулах саналыг дэмжиж, Олон улсын Олимпийн хорооны Ерөнхийлөгч Томас Бахтай зуун хувь санал нийлж буйгаа илэрхийлсэн. Олон улсын Олимпийн хороо дөрвөн долоо хоног буюу сарын хугацаанд Олимпийн наадмыг хойшлуулах эсэх болон хойшлуулах хугацааг шийдвэрлэхээр төлөвлөсөн ч дэлхийн хэмжээнд цар тахлын тархалт хурдацтай нэмэгдсээр байсан учир улс орнуудын Олимпийн хороод, тамирчид нэн даруй шийдвэр гаргахыг шаардаж эхэлсэн юм.
АРЬС ӨНГӨӨР ЯЛГАВАРЛАХ ҮЗЛИЙН ЭСРЭГ ХӨДӨЛГӨӨН ӨРНӨВ
АНУ-ын Миннеаполис хотын иргэн Жорж Флойд тавдугаар сарын сүүлчээр цагаан арьст цагдаагийн харгис үйлдлийн улмаас амиа алдаж, түүний үхэл тус улсад арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг маш том эсэргүүцлийг өдөөсөн юм. Флойдын үхэлтэй холбоотойгоор арьс өнгөний үзлийг эсэргүүцсэн хөдөлгөөн дэлхийн бусад улс орнуудад ч өрнөж эхэлсэн билээ.
КОБИ БРАЙАНТ, ЧАДВИК БОСЕМАН, ДИЕГО МАРАДОНА НАРЫН ҮХЭЛ
Хамгийн сүүлийн дуулиан бол сагсан бөмбөгийн домогт тамирчин, “Los Angeles Lakers” багийн тоглогч байсан Коби Брайант нэгдүгээр сарын 26-ны өдөр 41 насандаа нисдэг тэрэгний ослоор амиа алдсан хэрэг байв. Хамгийн харамсалтай нь тэр өөрийн залгамжлагч, 13 настай дунд охин Жианнатайгаа хамт нисч байсан. Аав, охин хоёул тэнгэрт хальсан нь сагсан бөмбөгийн спорт дэлхийн хүмүүсийн зүрх сэтгэлийг өвтгөсөн мэдээ байв.
Марвелийн “Хар ирвэс” киноны гол дүр болон өөр олон алдартай кинонд тоглож, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин Чадвик Босеман наймдугаар сарын 28-нд 43 насандаа хорт хавдраар нас барав. Тэрээр Лос Анжелес дахь гэртээ эхнэр болон гэр бүлийнхэнтэйгээ хамт байж байгаад хорвоог орхисон бөгөөд дөрвөн жилийн өмнө бүдүүн гэдэсний хорт хавдартай хэмээн оношлогдож байжээ.
Аргентины шигшээ багийн тамирчин асан, домогт хөлбөмбөгч Диего Марадона арваннэгдүгээр сарын 25-ны өдөр 60 насандаа таалал төгссөн нь хөлбөмбөг сонирхогчдыг гунигт автуулсан мэдээ байв. Домогт хөлбөмбөгч тархины мэс засал хийлгэснээсээ хойш хоёр долоо хоногийн дараа гэртээ зүрхний шигдээс болсон юм. Түүний үхэлтэй холбогдуулан Аргентины ерөнхийлөгч Алберто Фернандез орон даяар гурав хоногийн гашуудал зарласан юм.
ЛИВАНИЙН ДЭЛБЭРЭЛТ
Ливанийн нийслэл Бейрут хотноо наймдугаар сарын эхээр аймшигт дэлбэрэлт болж, дэлбэрэлтийн улмаас хотын барилга байгууламжийн бараг тэн хагас нь сүйдэж гэмтэн, хотын боомт тэр чигтээ үнсэн товрого болж, 200 гаруй хүн амь үрэгдэж, 5000 гаруй хүн гэмтэж бэртэн, 200 гаруй мянган хүн гэр оронгүй болсон юм. Бейрут хотын боомтод долоон жилийн өмнө ирж зогссон Оросын хөлөгт хадгалагдаж байсан 2700 гаруй тонн аммонийн нитрат гэх тэсрэх бодис хийхэд ашигладаг бодис дэлбэрч энэ их гарз, гамшгийг дагуулсан нь энэ. Харин ийм их хэмжээний тэсрэх бодистой хөлгийг боомтод зөвшөөрөлгүй зогсоосон, аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчин, хараа хяналтгүй энэ олон жилийн турш хадгалж байсан нь эрх баригчдын алдаа байсан. Энэхүү харамсалтай явдлын дараа Ливаны ард иргэд эрх баригчдын хайхрамжгүй байдал, авлига хээл хахуульд автагдсан төрдөө уурсан бухимдаж эсэргүүцэн жагсч эхэлсэн бөгөөд авлигад идэгдсэн Засгийн газраа огцруулж чадсан.
ТРАМПЫН УНАЛТ
Дэлхийн тэргүүлэгч гүрний Ерөнхийлөгчийн сонгууль арваннэгдүгээр сарын 3-ны өдөр зохион байгуулагдсан. Энэхүү сонгуулийн үр дүнг дэлхий нийтээрээ чих тавин хүлээж байсан юм. Одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь тус улсын дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жо Байденд ялагдсан юм. Сонгуулийн үр дүнг нэгтгэх явцад хэн хэн нь магадлалтай байсан ч эцсийн мөчид Ардчилал ялсан билээ. Харин Дональд Трампын хувьд сонгууль шударга бус болсон гэж үзэж байгаа.
ХЯТАД УЛС САРАН ДЭЭР ДАЛБААГАА МАНДУУЛСАН ХОЁР ДАХЬ УЛС БОЛОВ
Хятад улс арванхоёрдугаар сарын 3-ны өдөр саран дээр төрийн далбаагаа мандуулсан хоёр дахь улс болж түүхэнд бичигдсэн. Сарнаас дээж авахаар хөөрсөн Хятадын “Chang’e-5” хөлөг зорилгоо биелүүлээд, энэ сарын 3-нд дэлхий рүү буцсан. “Chang’e-5” хөлөг Хятадын төрийн далбааг сарны гадаргууд зоож, гэрэл зургийг нь аван дэлхий рүү илгээсэн юм. Үүнээс өмнө 51 жилийн өмнө буюу 1969 онд АНУ-ын “Apollo 11” хөлгийн баг саран дээр газардахдаа төрийн далбаагаа сарны гадаргуу дээр зоож байв. “Chang’e-5” хөлөг нь сарнаас хоёр кг орчим хөрсийг авч чадсан ба арванхоёрдугаар сарын 17-нд Өвөрмонголын газар нутагт амжилттай газардаж, Хятад улс нь сарнаас дэлхийд дээж авчирсан гурав дахь улс болж, АНУ, ЗХУ-ын дараа түүхэнд бичигдэв. Хамгийн сүүлд 1976 онд ЗХУ-ын “Луна 24” хөлөг сарнаас 170 гр орчим дээж авчирч байв. Хятад улс 1970 онд анхны хиймэл дагуулаа сансарт хөөргөж, 2003 онд анхны сансрын нисгэгчээ тойрог замд илгээн, 2019 оны нэгдүгээр сард саран дээр өөрийн станцаа буулгасан билээ.
COVID-19-ИЙН ЭСРЭГ ВАКЦИНУУД ГАРЧ ЭХЛЭВ
Олон сарын турш цар тахлын сүүдэрт нөмрүүлж буй дэлхий ертөнц саяхнаас хонгилын үзүүрээс гэрэл олж харсан нь covid-19 цар тахлын эсрэг вакцинууд эхнээсээ бэлэн болж эхэлсэн гэх мэдээлэл байв. “Pfizer/BioNTech”, “Moderna”, “Sputnik V”, “AstraZeneca” зэрэг компаниудын бүтээсэн вакцинууд 70-95 хувийн үр дүн үзүүлж буйг зарлацгааж, одоогоор дэлхийн хэд хэдэн улс орон вакцинжуулалтаа эхлүүлээд байна.
Холбоотой мэдээ