Зэн Буддизмыг орчин үеийн урлаг болгосон Ёгэцү Акасака

Хуучирсан мэдээ: 2020.12.24-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Зэн Буддизмыг орчин үеийн урлаг болгосон Ёгэцү Акасака

Зэн Буддизмыг орчин үеийн урлаг болгосон Ёгэцү Акасака

Ньюс агентлаг энэ удаагийн ХҮМҮҮС дугаартаа Японы Зэн Буддист лам Ёгэцү Акасакаг онцолж байна. Тэрбээр  шашны судар ном, маани мэгзмүүдийг гайхалтай тайвширмаар, сэтгэл хөдлөм хөгжим болгож, битбокс нэмэн баяжуулж орчин үеийн залуусын таашаалд нийцсэн бүтээл болгон туурвидгаараа хэдийн алдартай, маш олон шүтэн бишрэгчтэй болжээ.

Тэрбээр хөгжмийнхөө хөг, чимээ болгоныг нэг бүрчлэн өөрөө бүтээдэг нь гайхалтай. Тухайлбал, түүнд ямар нэг хөгжмийн зэмсэг үгүй бөгөөд бүх цохилт, аялгуу зэргийг өөрийн амаар дуугарч, түүнийгээ дуу хураан авч, давтамжтайгаар дахин тоглуулдаг төхөөрөмж дээрээ бичин тоглуулах аргаар уран бүтээлээ хийдэг байна. Үр дүнд нь бүтсэн бүтээл үнэхээр гайхам аж.

Мэдээж энэ бол лам хуврагуудын байнга хийгээд байдаг зүйл биш. Гэхдээ өдгөө 37 настай Акасака зүгээр нэг лам биш гэнэ. 2015 онд сахил хүртэхээсээ өмнө тэрбээр 2011 оны Тохокугийн газар хөдлөлт, цунамигийн улмаас сүйдсэн Японы зүүн хойд хэсгийн Фүкүшима дахь театрт ажиллаж байжээ. Мөн түүнээс өмнө Акасака АНУ, Австрали зэрэг орнуудад ажил хийж байсан гэнэ.

Өдгөө Токиод амьдардаг Акасака анх өсвөр насандаа гитар тоглож сурж сурснаар хөгжмийн урлагт сонирхолтой болжээ. Удалгүй тэрбээр 20 насандаа битбокс хийж сурсан аж. Тэрбээр 2009 онд анхныхаа дуу хураан авч, давтамжтайгаар дахин тоглуулдаг төхөөрөмжийг худалдан авч байжээ. Шинэхэн төхөөрөмж дээрээ Акасака битбоксыг өөр дуу чимээтэй нийлүүлэн туршиж үзэж байгаад удалгүй Буддын маанийг хөгжим болгох санаагаа олсон байна.

Тэрбээр “Би хийдэд сууж байгаад гэртээ ирмэгцээ хөгжим хийхийг маш их хүссэн. Гэхдээ хөгжим хийхдээ лам хүнийхээ онцлогийг алдахгүй байхыг, өөрөөр хэлбэл хагас лам, хагас уран бүтээлч болохыг хүссэн юм. Тэгээд л би хөгжим дээр маань уншиж болох юм байна гэж бодсон доо. Гэхдээ өмнө нь хэний ч хийж байгаагүй зүйл туршиж байгаадаа би эхлээд бага зэрэг айсан. Учир нь энэ шинэ зүйл миний өнөөг хүртэл сурч ирсэн уламжлал, ёс жаягаас гадуурх зүйл шүү дээ. Гэхдээ би оролдоод л үзсэн. Надад бол их л гоё сонсогдож байлаа. Тэгээд бусад хүмүүст ямар байхыг харах гэж олон хүнд сонсгож үзтэл тэдэнд ч гэсэн таалагдсан” хэмээн дурсчээ.

Тэр цагаас хойш Акасака шашин номын газраас хальж, хөгжмийн наадам, корпорацийн арга хэмжээ, бага хурал зэрэг олон янзын орчинд олон төрлийн хүмүүсийн өмнө уран бүтээлүүдээ туурвих болсон байна.

Гэвч энэ жил тэрбээр цар тахлаас болж Японы Никонико Чокайги тэргүүтэй хэд хэдэн тоглолтод оролцож чадаагүй гэнэ. Акасака “Би өдөр болгон хөгжмөө хийж байгаа. Гэхдээ одоо бол бусад үетэй харьцуулахад илүү чухал сүнслэг үүрэг хариуцлага миний өмнө тулгарсан үе болж байна. Мэдээж, миний хувьд хөгжим гэдэг бол ердийн нэг зугаа биш. Гэхдээ миний хийх ёстой гол чухал зүйл одоохондоо хөгжим биш юм” хэмээн тайлбарлажээ.

Тиймдээ ч тэрбээр хамгийн сүүлд нэлээд хэдэн сарын өмнө олонд толилуулсан “Зүрхэн судар” бүтээлээсээ хойш чимээгүй байгаа бололтой. Гэхдээ түүнийг эзгүй хойшуур ч “Зүрхэн тарни” тэргүүтэй уран бүтээлүүд нь цахим орчинд илүү олон хүний анхаарлыг татаж, амнаас ам, дэлгэцнээс дэлгэц дамжин яригдсаар байна.

“Хамгийн сүүлд хийсэн “Зүрхэн тарни” дээрээ би нэг том шийдвэр гаргасан юм. Ажиглавал бичлэг дээрээ би маш энгийн бараан дээл өмссөн байгаа. Тэр бол бидний оршуулганд өмсдөг дээл юм. Өдгөө цар тахал дэлхийг айдаст автуулсан маш хүнд өдөр хоногууд үргэлжилж байна. Тиймээс би зовж шаналж буй бүх хүнд зориулан тэр бичлэгийг хийсэн билээ. Цаашид ч хэрвээ хүмүүс зөвшөөрвөл “Зүрхэн тарни” хөгжмөө оршуулган дээр тоглож байх санаа надад бий” хэмээн Акасака ярьжээ.

Акасака ийнхүү олон хүний анхаарлын төвд орсондоо бага зэрэг эмээсэн ч баяртай байгаа гэнэ. тэрбээр “Би үнэндээ ийм зүйл болно гэж төсөөлөөгүй. Миний хөгжим Азийн орнуудад маш хурдтай тархаж, дараад нь АНУ- Европт хүрсэн. Би эхэндээ япон хэл дээр маани уншдаг байсан ч одоо бол бүгдэд нь ойлгомжтой байхын тулд англи хэл дээр бичлэг хийж байгаа. Чухамдаа намайг дагадаг хүмүүсийн ердөө 20 хувь нь л япончууд байдгийг би анзаарсан учраас тэр юм” хэмээсэн байна.

Тэрбээр сүүлийн үед ийнхүү алдартай болж байгаагийн нэг том шалтгаан бол яах аргагүй цар тахал билээ. Учир нь сүүлийн нэг жилийн турш хүмүүс гэрээс гарах нь багасч, сэтгэлээ амар байлгахын тулд тайвшруулах намуун зөөлөн бүхнийг хайж, олж, сонирхох болсон юм.

Эх сурвалж: SCMP.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж