Хуучирсан мэдээ: 2020.12.24-нд нийтлэгдсэн

Сонгон шалгаруулалт

Сонгон шалгаруулалт

Өмнөх үдэш

Манай хотод хүмүүсийг ажилд авахын тулд сонгон шалгаруулалт зарладаг юм. Нэг орой шүдээ цэвэрлэж байтал утас донхийж, малын эмчийн орон тоо гарсан тухай чимээ ирэв. Миний мэргэжил. Мэргэжлээрээ ажиллах боломж хэмээх дэврүүн бодолтой зэрэгцэн дотор нэг юм огшино. Гэвч би хашир суусан нэгэн тул хөөрлөө дарж, сураг ажгийг эхлээд магадлах учиртайг андахгүй. Юун түрүүн хэн хэнээс, хэрхэн, яаж магадлах тухай нарийн төлөвлөгөө боловсруулах чухал. Алив санал санаачилгын хувь заяа сайтар бодож тунгаасан төлөвлөлттэй шууд хамааралтай. Бодлоо. Орондоо нааш цааш хөрвөөсөөр үүр цайхын алдад төлөвлөгөө маань эцэслэх өнгөндөө оров. Жаал тайвширч багахан дугхийв.

Өглөө

Усанд орж, сахлаа хусав. Үзмэр болтлоо өлгүүрт тохогдсон хослолоо гаргаж өмсөв. Бэлхүүсээрээ тас бариад бүр дэлбэ татах нь ээ. Тэр яахав, ажилд орж цалинтай залгатал таарсан хослолын тухай санахын ч хэрэггүй. Гутлаа тослов. Үсээ самнав. Ажил хэрэгч төлөвлөгөөгөө гэгээн оюундаа дахин нэг тунгааж аваад, ургах нарыг тосон гарлаа. Багын найзынхаа ажлаар санаангүй хүн болж зочлов. Тэр маань мөнөөх ажлын байранд тэнцэх этгээдийг тодруулах ажлын даалгавар бэлтгэх багт ажилладаг юм. Тийм ээ, хамгийн сайхан нь манай хотынхон бие биенээ андахгүй танина. Ам дамжсан мэдээ гэрлийн хурдаар тархдаг нь ч ийм учиртай. Дээрх малын эмчийн ажилд мэргэжлийн хүн биш харин долоон жил найман сар хагас бага сургуулийн хичээлийн эрхлэгчээр ажилласан туршлагатай, хожим хуульч мэргэжил давхар эзэмшсэн хүн таарах юм гэнэ. Ажлын даалгаврын болзлыг яв цав хангасан хүн л сонгон шалгаруулалтад бүртгүүлэх эрхтэй. Найзад маань үүнийг өөрчлөх эрх мэдээж үгүй. Ажлын даалгаврыг дээрээс өгсөн зааврын дагуу жин тан бэлтгэх л үүрэгтэй. За тийм байж. Асуудал тодорхой. Гэвч би ингээд хаячхаж түвдсэнгүй. Дараагийн найзынхаа ажил руу таваргав. Б төлөвлөгөө.

Бага үд

Төрийн ордон. Сүр жавхлантай сайхан газар байна лээ. Хамгийн гоё нь юу гээч, реалити шоуны бүх алдартай одууд тэнд цуглачихаж. Би ч азтай азгүй нь дүүрч, шинэ дугаарынх нь зочин дүр болвол ч болог гээд шийдчихсэн яваа. Хурган дарга найз маань кофегоор дайлав. Сайхан ааштай дээр нь хэрэг зоригоо хэллээ. Намын гишүүн биш байж ажилд орох ий, намын төлөө сүүлчийн цамцаа салбартал амь хайргүй зүтгэсэн цөөнгүй журмын нөхөд өнөө хэр гудамжинд яваа гээд толгой сэгсэрч байна. Үл бүтэх, бүдүүлэг санаа тээж яваадаа битүүхэн гэмшив. Олон жил хамт ажилласан, хэр хэмжээг минь мэдэх итгэлт найзын хувиар томоохон даргатай уулзуулж өгөхөөр болов. Туслах руу нь утас цохиж, нарийн тавилттай муур хулганы яриа өрнүүлснээр уулзах цаг авч өглөө. Намайг замчлан даргын үүдэнд жимбийтэл суулгаад, өөрөө урт хонгилоор эргэж ч харалгүй алхаж одов. Даргатай цаг болзоно гэдэг маш нарийн урлаг юм билээ. Тэрийг ойр орчимд нь ажилладаг учир мэдэх хүмүүс л найруулж чадна. Муу найзынхаа хичээл зүтгэлийг талаар нэг тараачихгүй юмсаан.

Өдөр

Дарга орж гараад тун завгүй. Ахмадуудыг хүлээн авч уулзан баяр хүргэв. Хэсэг дэмжигчдээ хоолонд оруулав. Эдийн засагчдын ч бил үү цуглаанд үг хэлэв. Журмын нөхөд нь дараалал гэлгүй орцгоох. Бидний хэдэн хүн үүдэнд нь сахиастай. Үд хэвийж удалгүй гэгээ тасрав. Сураггүй л. Одоо яахав, хэрэг учир байгаа хойно, суугаад л байлаа. Цаашдаа даргын үүд сахих зайлшгүй хэрэг гарсан хүмүүст нэг зүйл захъя. Унших ном, хийх ажлаа аваад очоорой. Тэгсэн цагт асуудалгүй. Дарга өрөөндөө, чи үүдэнд нь ажлаа зэрэг сүнгэнүүлээд байна гэсэн үг. Орж гарахад нь бас хүсэн хүлээсэн царайгаа харуулаад байхаа мартав. Гуталт муурын муурын царайг мэднэ биз.

Орой

Сар мэлтийж харанхуй нөмөрсөн хойно даргын барааг харав. Дарга миний гарыг чанга чанга атгаад, алгаа дэлгэн ширээнд урилаа. “Юу хүсч байна?” “Малын эмчээрээ ажиллахыг. Би улаан дипломтой төгссөнөөсөө хойш чамгүй туршлага хуримтлуулсан”. “Боломжгүй. Тэр ажлыг хийх хүнийг тогтсон. Өөр санал байна уу?”. “Алга”. “Тэгвэл амжилт хүсье… Ус сувагт нэг инженер хэрэгтэй болж магад. Чамд дуулгана аа”.  Ийм сайхан шулуун, яв цав хариулттай суух даргын өрөөнөөс бишрэн бахдсаар гарлаа. Би аргагүй хоцрогджээ. Малын эмчийн дипломтой ч ус сувгийн инженерийн ажил хөөцөлдөхийн оронд мэргэжлээрээ ажиллах тухай бодож явдаг. Над шиг ийм орчны мэдрэмжээ алдчихсан, хоцрогдсон хүмүүс эртхэн санаад авахад гэмгүй. Бас аливаа зарласан сонгон шалгаруулалтыг хэрхэн ойлгох зааварчилгаа маань хэн нэгэнд тус болох болтугай. Бас нэг зүйл. Ус сувгийн инженерүүдэд хэлэхэд удахгүй сонгон шалгаруулалт зарлагдана. Гэхдээ та нар тайван бай. Энэ ажилд арван таван жил малын эмчээр ажилласан, эрх баригч намын бяцхан дэмжигч яв цав таарч тохирох учиртай. Үүний төлөө би дараагийн супер төлөвлөгөөгөө бодож эхэлсэн байгаа. Хослолоо ус шүршиж байгаад индүүдээд өлгөчихсөн. Нэгэнт хоол ундны мөнгөгүй тул байнгын мацагчин болсон. Хослол маань өөлөх юмгүй таараад ирэхийн цагт ганц сайхан мэдээ дуулгамз. Өөр ч юмгүй дээ.

С.ЭНХЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж