Арсеналын чөлөөт уналт хаа хүрэх вэ?

Хуучирсан мэдээ: 2020.12.24-нд нийтлэгдсэн

Арсеналын чөлөөт уналт хаа хүрэх вэ?

Арсеналын чөлөөт уналт хаа хүрэх вэ?

Цагтаа Английн Премьер лигт нэг ч хожигдолгүй түрүүлж, аваргын алтан цомын эзэн болж байсан Лондон хотын Арсенал баг сүүлийн жилүүдэд уналтанд ороод байна. Энэ улирал ч мөн адил тааруу амжилт үзүүлж буй тус багийн хувьд сүүлд гарсан мэдээллээр доод лиг рүү унавал яах вэ гэсэн төлөвлөгөөгөө боловсруулаад эхэлсэн гэнэ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Арсенал баг Премьер лигээс унавал тоглогчдынхоо цалингийн 25 хувийг хасахаар болсон аж.

Арсенал баг одоогоор Английн Премьер лигт 14 тоглолт хийхдээ дөрөв хожиж, хоёр тэнцэж, найм хожигдоод байна. Мөн тэд унах бүсээс ердөө дөрвөн оноо илүү 20 багаас 15-р байранд бичигдэж байна.

Чөлөөт уналтын эхлэл

2017-2018 оны улирлын төгсгөлд Франц мэргэжилтэн Арсен Венгер 22 жил удирдсан багаасаа явах шийдвэрийг гаргав. Энэ үеэс л Арсеналын бүтэлгүйтэл, уналт эхэлсэн гэж хэлж болно. Арсен Венгерийг багаас явсны дараа Севилья болон ПСЖ багуудыг амжилттай удирдсан Испани мэргэжилтэн Унай Эмери багийг дасгалжуулахаар болов. 2018-2019 оны шинэ улирал эхлэхээс өмнө Арсенал Бернд Лено, Лукас Торрейра, Сократис тэргүүтэй тоглогчдыг худалдан авч багтаа хөрөнгө оруулалтыг хийв. Гэвч Премьер лигийн нээлтийн хоёр тоглолтондоо дараалан хожигдож, тааруу эхлэлийг тавьжээ. Улирлын дундуур гайгүй учраа олж, дараалсан хожлуудыг байгуулж байсан ч энэ нь УЕФА Аваргуудын лигийн эрхийг хүртэхэд хангалтгүй байлаа. Улирлын төгсгөлд Европа лигийн финалд шалгарч Лондон хотын өөр нэг баг болох Челситэй тааран тоглосон ч 4-1 харьцаатай хожигдож, цомгүй улирлыг үдэв.

2018 оны наймдугаар сарын 7-нд Оросын тэрбумтан Алишер Усманов багийнхаа 30 хувийг Америк бизнесмен Стэн Кронкед 550 сая ам.доллараар зарж буйгаа мөн багийнхаа удирдлагыг бүхэлд нь шилжүүлснээ зарласан юм.

Хонгилын үзүүрт гэрэл асав

Цомгүй улирлыг үдсэн, УЕФА Аваргуудын лигийн эрхийг авч чадаагүй Арсенал баг 2019-2020 оны шинэ улирлын өмнө багтаа эрс шинэчлэлтийг хийсэн. Их буучид нийтдээ 138 сая фунтыг солилцоо наймаанд зарцуулж, Николас Пепе, Уиллиам Салиба, Киеран Тирни, Давид Луйз, Габриэл Мартинелли тэргүүтэй тоглогчдыг багтаа элсүүлэв. Мөн багтаа цэвэрлэгээ хийж, Аарон Рамси, Лоран Косельни, Алекс Ивоби зэрэг тоглогчдоо явуулсан. Шинэ өнгө төрхтэй болсон Арсенал Унай Эмеригийн удирдлага дор шинэ улирлаа орон гаран эхлүүлсэн. Лигтээ дараалсан хожил байгуулж чадалгүй Арсенал баг 2019 оны арваннэгдүгээр сард ахлах дасгалжуулагч Унай Эмериг ажлаас нь халж, түүний туслахаар ажиллаж байсан, багийнхаа домог Фредрик Юнгбергийг түр ахлах дасгалжуулагчаар томилов.

Юнгберг ч багийг олигтой удирдаж чадахгүй байсан учир Арсеналын удирдлагууд эрсдэлтэй шийдвэр гаргахаас өөр аргагүйд хүрсэн. Тэд Пеп Гвардиолагийн хажууд боловсорч байсан Микел Артетаг багийнхаа шинэ ахлах дасгалжуулагчаар томилов. Артета ч багт ирснээр Пеп Гвардиолагийн хажууд сурсан мэдсэн зүйлсээ харуулж, Букаёо Сака, Габриэл Мартинелли, Жо Уиллок, Рейсс Нелсон зэрэг залуучууд боломж олгож эхэлсэн. Хэдийгээр Арсенал Премьер лигийн наймдугаар байраар улирлыг дуусгасан ч ФА капд түрүүлж, лигийн цомд аман хүзүүдэв.

Төсөөлсөн шиг байсангүй

Микел Артетаг дараагийн Арсен Венгер байгаасай гэж хүссэн Арсеналын удирдлагууд 2020-2021 оны улиралд багаасаа их зүйлийг хүсч байлаа. Өмнөх улиралд нь хагас жил багийг дасгалжуулсан ч цом хүртсэн Микел Артетад хүссэн багийг нь бүрдүүлэхийг удирдлагууд зорьсон. Уиллиан, Габриэл, Томас Парти, Седрик Соарес нарыг багтаа нэгтгэж, Дани Себаллосыг дахин нэг улиралд багтаа үлдээхээр болсон Арсенал улирлыг эхэнд холбооны цомын төлөөх тоглолтонд Ливерпүүлийг хожиж, шинэхэн улирлыг цомтой эхлүүлэв.

Гэвч бүх зүйл төсөөлсөн шиг сайхан байсангүй. Багийн дотоод асуудлууд эхэлсэн. Цар тахлын улмаас багийн санхүүгийн нөхцөл байдал муудаж, 27 жилийн турш багийнхаа бэлгэ тэмдэг болгож байсан Ганнерсаурусыг ажлаас нь халах болов. Харин азаар Герман хагас хамгаалагч Месут Өзил түүнийг аварч, цалинг нь хувиасаа төлөхөөр болсон. Энэ бол Месут Өзилтэй эхний шуугиан байсан юм.

2020 оны аравдугаар сарын 20-ны өдөр Арсенал баг Премьер лигт тоглох 25 тоглогчийн бүрэлдэхүүндээ Месут Өзил болон Сократис нарыг багтаасангүй. Европын аль ч том багт очсон гарааны эрхийн төлөө хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж, тоглолтонд томоохон нөлөө үзүүлэх чадвартай Месут Өзилд энэ нь хүнд туссан. Тэрбээр багтайгаа хэвлэлээр дайтаж, “Үнэнч байдлыг бий болгоход хэцүү байх юм” гэж ярьжээ. Дотоод асуудал нь багийнхаа тоглолтонд хүртэл нөлөөлж, Арсенал багийн чөлөөт уналт бүрэн утгаараа дахин сэргэв.

Их буучид Премьер лигийн сүүлийн долоон тоглолтынхоо тавд нь хожигдож, хоёрт нь тэнцжээ.

Өнгөрөгч Мягмар гаригт л гэхэд лигийн цомын хүрээнд Манчестер Сити багийг талбайдаа хүлээн аван тоглож, 4-1 гэсэн харьцаатай хожигдов. Ситид хожигдсон тоглолтын дараа Арсеналын уурссан хөгжөөн дэмжигчид дөрвөн гоол алдсан багийнхаа залуу хаалгач Рунар Алекс Рунарссоныг твиттерээр сүрдүүлж, эцэст нь залуу Исланд хаалгач твиттерээ хаажээ.

Ингээд бүх зүйл дуусаагүй. Арсенал багийн төлөө хүчин зүтгэсэн улирал бүртээ 20-оос дээш гоол оруулж байсан Габон довтлогч Пьер-Эмерик Обамеянг энэ улиралд гоол нь оруулах нь цөөрч багийнх нь хамгаалалт шүүрэн шанага болов. Довтлогчид, хамгаалагчид, дасгалжуулагч гээд Арсеналынхан бүхэлдээ хэвлэл мэдээллийн шүүмжлэлийн бай болсоор байна.

Арсенал багийн домогт довтлогч Тьери Анри хайртай багийг нь Гранит Шака ахлан талбайд гарахыг нь зурагтаар хараад Патрис Эврад хандан “Багийг минь Гранит Шака ахлан талбайд гарч байхыг харж чадахгүйнэ” хэмээгээд зурагтаа унтраажээ.

Сүүлд л гэхэд Премьер лигийн 19-р байр буюу унах бүст бичигдэж буй Вест Бромвич Албион багийн ахлах дасгалжуулагчаар саяхан томилогдсон Сэм Аллардайс Арсенал багийг доод лиг рүү унах багуудын нэг хэмээжээ. Түүнээс сэтгүүлч Арсенал багийг доош унах боломжтой уу? гэж асуухад Сэм Аллардайс “Мэдээж шүү дээ. Тэд хоёр оронтой хожил аваагүй явж байна. Өчигдөр л гэхэд хожигдсон Арсеналын залуучуудад Премьер лигт үлдэнэ гэсэн ямар ч найдлага алга. Арсеналын залуучууд ямар асуудалд орсон гэдгээ ухаарахгүй явж байна” хэмээн ярьжээ.

Арсенал баг арваннэгдүгээр сарын 1-нээс хойш Премьер лигт хожил авч амжаагүй явна.

Өнгөрөгч Мягмар гаригт Манчестер Сити багт 4-1 гэсэн харьцаатай хожигдсоныхоо дараа Микел Артета хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Юмс өөрчлөгдөнө. Одоогоор бид төвөгтэй нөхцөл байдалд байгаа хэдий ч ирэх амралтын өдөр сайн тоглолтоо үзүүлэх хэрэгтэй. Манчестер Ситигийн эсрэг алдсан эхний хоёр гоол биднийг хүнд байдалд оруулсан. Эхний гоолыг дэндүү амархан, дэндүү эрт алдчихсан. Тэр гоол л биднийг эвгүйтүүлж, жинхэнэ сорилтонд оруулсан. Гоол алдсаныхаа дараа баг маань сэргэж, чанартай нэг гоолыг оруулсан. Тоглолтын тооны харьцааг тэнцүүлснийхээ дараа баг маань 25 минут сайн тоглосон. Гэвч бүх зүйл төлөвлөгөөний дагуу болсонгүй. Тоглолтын тооны харьцаа 3-1 болсны дараа би хувь заяатайгаа эвлэрсэн” хэмээжээ.

Арсенал ирэх Бямба гаригт Английн Премьер лигийн хүрээнд Челси багтай тоглоно.

Арсен Венгерийн эрин үед нэг ч хожигдолгүй Английн Премьер лигт түрүүлж, тус лигийн түүхэн дэх цорын ганц аваргын алтан цомыг хүртсэн Арсенал баг улирлын төгсгөлд доод лиг рүү унахад гайхах зүйлгүй. Нэг хэсэг дөрөвдүгээр байрнаас салдаггүй ч УЕФА Аваргуудын лигийн эрхтэй улирлыг дуусгадаг байсан Арсенал багийн чөлөөт уналт хаа хүрэх вэ?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж