Цагаан давааны хогийн цэгт Covid-19 халдварын тохиолдол батлагдсан талаар өчигдөр /2020.12.24/ Баянзүрх дүүргийн Онцгой комиссын шуурхай штабаас мэдээлсэн. Тодруулбал, тус хогийн цэгийн ажилчнаас PCR шинжилгээгээр халдвар илэрсэн байна. Тухайн хогийн цэг дээр ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, тандалт шинжилгээ явуулах болсон учраас хогийн цэгийг тодорхойгүй хугацаагаар хаажээ. Тиймээс тухайн хогийн цэг дээр хог хаягдлаа төвлөрүүлдэг иргэд, ААН-үүдийн хог хаягдлыг Сонгинохайрхан дүүргийн Нарангийн энгэр, Хан-Уул дүүргийн Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгүүд дээр хүлээн авахаар болсон байна.
Дашрамд дурдахад, Улаанчулуут хогийн цэгт Covid-19 илрүүлэхэд ашигласан түргэвчилсэн болон PCR шинжилгээний оношлуурууд, амны хаалт, халдвар хамгааллын хувцас хэрэглэлүүд ил задгай байна гэх мэдээллээр Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас /МХЕГ/ энэ сарын 17-нд шалгалт хийсэн. МХЕГ-аас Улаанчулуут хогийн цэгт эмнэлгийн аюултай хог хаягдал устгадаг “Элемент медикал” компанийн жолооч 196.3 кг хог хаягдлыг арванхоёрдугаар сарын 9-ний өглөө ариутгал хийлгүүлэлгүй ил задгай хаясныг тогтоосон. Улмаар дээрх хог хаягдлыг Covid-19-тэй холбоогүй, эд мөрийн баримтан дээрээс нь харахад 2013-2014 онуудад Говийн аймгуудаар шинжилгээнд ашиглаж байсан сорьц дээжүүд байсан хэмээн мэдэгдсэн билээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ