ААН 30 тэрбум төгрөгийн торгох шийтгэл, алдангиас чөлөөлөгдөнө

Хуучирсан мэдээ: 2020.12.24-нд нийтлэгдсэн

LiveААН 30 тэрбум төгрөгийн торгох шийтгэл, алдангиас чөлөөлөгдөнө

 

 

18 : 57
2020-12-24

ААН 30 тэрбум төгрөгийн торгох шийтгэл, алдангиас чөлөөлөгдөнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Нийгмийн даатгалын шимтгэлийн ногдуулж, тайлагнасан боловч төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлд тооцох алданги, торгуулиас хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагыг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд чөлөөлөх хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд нэн яаралтай өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсний дагуу уг хуулийн төслийг боловсруулсан байна.

Үүгээр өнөөдрийн чуулганы хуралдаан дууслаа.

18 : 21
2020-12-24

Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийг дэмжлээ

УИХ-ын чуулганаар хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/-ийг хэлэлцэхийг гишүүдийн олонх нь дэмжлээ.

Хуулийн төсөлд Засгийн газраас санаачилж Улсын Их Хурлаас 2020 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуулийн холбогдох заалтуудад өөрчлөлт оруулж 2020 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зах, худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь гэрээ болон төлбөрийн баримтаар нотлогдсон тохиолдолд бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлүүлэхээр тусгасан байна. Энэ арга хэмжээг өмнө нь 2020 оны дөрөвдүгээр сарын 01-нээс есдүгээр сар хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлсэн. Ингэхэд нийтдээ 3400 түрээслэгчийн 18,7 тэрбум төгрөгөөр түрээсийн төлбөрийг бууруулсан байдаг. Нийт 53 түрээслүүлэгч энэ хөнгөлөлтийг эдлэхээр татварын байгууллагад ханджээ. 

Дараа нь үргэлжлүүлэн Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 2020 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгасан байна. 

 

 

 

 

16 : 54
2020-12-24

АТГ-ын дарга дэд даргаа томилдог болох хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Авлигын эсрэг хуульд  өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төсөлд зарчмын зөрүүтэй байнгын хорооноос гаргасан зургаан саналаар санал хураалт явуулснаар гишүүдийн олонх дэмжсэн тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хуульзүйн байнгын хороонд шилжүүллээ. Энэхүү хуулийн гол зорилго нь АТГ-ын дарга дэд даргаа томилдог байх зохицуулалтыг тусгасан. Төрийн албаны тухай хуулиар, УИХ-ын шийдвэрээр удирдлагыг нь томилдог байгууллагын дэд даргыг тухайн байгууллагын дарга томилж байгаа. Гэтэл Авлигатай тэмцэх газрын дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ-аас 6 жилийн хугацаагаар томилохоор заасан байна. Тиймээс Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн зохицуулалтыг өөрчилж, дэд даргыг Авлигатай тэмцэх газрын дарга томилдог байхаар хуулийн төслийг боловсруулсныг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулгадаа онцолсон. 

Хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд 1 дүгээр зүйлд Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийг бүхэлд нь өөрчлөн найруулжээ. Тухайлбал, Авлигатай тэмцэх газрын даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ 6 жилийн хугацаагаар томилохоор, дэд даргыг Авлигатай тэмцэх газрын дарга томилж байхаар тус тус тусгажээ. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

16 : 11
2020-12-24

Орон нутагт төсөв, эдийн засгийн эрх мэдэл шилжлээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Ганбаатар нар 2019.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцэслэн баталлаа.

Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 8 гишүүн 2020.04.22-ны өдөр өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн эцэслэн баталлаа.

Энэхүү хууль нь орон нутгийн барих бага үндсэн хууль гэж хэлж болно. Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчим дээр суурилсан нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай орон нутагт хослуулах үндсэн дээр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага тогтоно гэсэн энэхүү суурь зарчмыг үндэслэн уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлав. Мөн энэ хуулиар ААНОАТ-ын орлогыг аймаг, нийслэл рүү шилжүүлж байгаа. Түүнчлэн аймаг, нийслэлийн ХАОАТ-ыг сум руу нь өгч байгаа. Газрын төлбөрийг 60:40 хуваадаг байсныг өөрчилж 100 хувь дүүрэг рүү шилжүүлнэ. Мөн үл хөдлөх хөрөнгийн татвар дүүрэгт очно. Өөрөөр хэлбэл, орон нутагт төсөв, эдийн засгийн эрх мэдэд шилжиж байгаа юм.

 

 

 

15 : 58
2020-12-24

PCR-ын аппаратын үнийг шалгах ажлын хэсэг байгуулна

УИХ-ын чуулганы өнөөдрийн 2020.12.24 нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар (КОВИД-9)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг нь гишүүдийн олонх дэмжлээ. Ингэснээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

14 : 14
2020-12-24

Б.Пүрэвдорж: Замын-Үүдэд 20 мянган юанийн авлига авч байна

УИХ-ын үдээс хойших чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэлж байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

Covid-19 цар тахлын эсрэг улс орнууд тодорхой арга хэмжээнүүдийг авч байгаа. Авлига хамгийн багатай Англид гэхэд цар тахлын зэрэгцээ авлига өссөн байна. Манай улсын хувьд таван их наяд төгрөгийг зарцуулсан. Хүрэх ёстой хүмүүстээ хүрсэн эсэх нь тодорхой бус. 1000 гаруй хүнийг эмчлэхэд наймхан тэрбум төгрөг зарцуулсан. Цаана нь 600 дахин их мөнгө нь хаана байна. Шууд болон шууд бус авлига газар авч байна. Замын-Үүдэд гэхэд өмнө нь 2.5 сая төгрөгөөр хил хооронд тээвэр хийдэг байсан бол одоо 20 мянган юанийн авлига авч байж машин явуулж байна. Есөн сая төгрөгөөр явж байна гэсэн үг. Үүний үр дүнд авлигын мөнгийг ард түмэн төлж байна. 20 тонн мах экспортод гаргахад кг тутамд нь 500 төгрөгийн авлига Зам-Үүдэд төлж байна. Энэ асуудлаар Замын-Үүдэд холбогдох байгууллагууд нь очиж ажиллаач.

Шадар сайд Я.Содбаатар:

Замын-Үүдийн нөхцөл амаргүй байгаа. Дотоодод халдвар гарснаас хойш хөрш орны зүгээс бидэнд шаардлага тавьсан. Бид  Өвөрмонголын удирдлагууд, Элчин сайдын яам, ГХЯ гэх мэт Хятадын талтай  10 гаруй цахим уулзалт хийсэн. Мөн ажлын хэсэгт очиж ажилласан. Үүний өмнө хоёр ч удаа Шуурхай штаб Замын-Үүдэд ажилласан. Хоёр талын гэрээ хэлцэлээр явах учраас нөхцөл байдал бидний санаснаар бүтэхгүй байгаа. Тохирсон ганц зүйл бол 50 жолоочийг PCR шинжилгээ хийгээд Монголын талд 14 хоног, Хятадын талд 14 хоног PCR хийгээд нийт 28 хоногийн карантинд байж байгаад ачаа зөөж байна. Өмнө нь өдрийн 25-30 машин хөдөлсөн. Эхний ээлжид эрүүл мэнд, хүнс, түлшний барьцалдуулагчтай ачаа орсон. Эхний удаад 30 машин оруулж байсан бол дараа нь 60 машин, өнөөдрийн байдлаар 100 машин орж байна. Ирэх Ням гаригт 32 жолооч хөдөлгөөнд оролцоно. 50 жолоочоор өдөрт гурван рейс хийж, 150 машиныг оруулж, гаргана. Өмнө нь өвөлдөө 200 орчим машин гардаг байсан. Авлигын асуудал байгаа бол шалгуулсан нь дээр. Аудитын газар хөрөнгө мөнгөний зарцуулалтыг шалгасан нь зөв.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

Хүүхдийн мөнгө үр дүнгээ өгсөн гэж үзэж байгаа. Цахилгаан, дулааны мөнгийг мөн төрөөс шийдэхээр боллоо. Одоо ажлын байрны дэмжлэг дутагдаж байна. Энэ чиглэл хуульд тусгагдсан уу. Хоёрт, ЭМЯ PCR аппаратыг хэдэн төгрөгөөр авч байна вэ. Захиалгын үнэ болоод аль улсаас худалдан авалтыг хийж байгаа вэ. Хятадаас 647 сая төгрөгөөр PCR тоног төхөөрөмжийг авч байна. Зах зээлд 230 сая төгрөгийн үнэтэй байна. Германы чанартай нь 350 сая төгрөгийн үнэтэй байна. Ийм байдлаар онцгой үед 2-3 дахин нугалсан худалдан авалт хийж байна гэсэн мэдээлэл надад ирж байна. Үүн дээр бид хяналт тавихгүй бол болохгүй нь ээ. Covid-19 түр хороо ажиллаад иймэрхүү зүйл дээр хяналт тавихгүй зүгээр асуулт асуугаад өнгөрдөг байж болохгүй.

Шадар сайд Я.Содбаатар:

Т.Доржханд гишүүн та өөрөө түр хороонд харъяалагддаг юм чинь PCR аппарат хэдээр авсныг шалгах ажлын хэсэг гаргаад ахлаад үзсэн нь дээр. Бид юу гэж ийм цаг үед 2-3 дахин өндөр үнээр авах вэ дээ. Ихэнх нь олон улсын байгууллагууд цаанаасаа өөрсдөө нийлүүлж байна. ДЭМБ шугамаар ирж байгаа. Би таны мэдээллийг ташаа мэдээлэл байна гэж ойлгож байна. Та Түр хорооны гишүүн нь юм чинь энэ мэдээллийг нягтлаад нийгэмд нэг мөр болгосон нь дээр.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

PCR-ын аппаратын үнийг шалгах ажлын хэсэг гаргая гэсэн бодол төрлөө. PCR-ын тоног төхөөрөмжийн үнэ нь тусдаа хажуудаа мөн урвалж гээд бодисуудтай юм билээ. Тэдгээрийг тусад нь үнээр яривал үнэ нь арай бага, нийлүүлээд яривал үнэ нь өндөр байдаг тал байгаа шүү. Шалгалт хийгээд хариуг нь нийгэмд мэдэгдье.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал:

PCR-ын тоног төхөөрөмж хэд хэдэн эд ангиас бүрдэж байгаа. PCR-ын үндсэн аппарат, экстракшин, дагалдах урвалж оношлуур авч байна. Энэ нь нийлээд янз бүрийн үнэтэй гарч байгаа юм. Машин нь дангаараа нэг үнэтэй, давхар бусад эд ангиуд нэмэгдээд өөр үнэтэй болж байна. Бид ДЭМБ болон тухайн компанийн тавьсан үнийн саналын дагуу худалдаж авч байна. Саяхан зургаан аймагт өөрсдөө худалдаж авах эрхийг нь шилжүүлсэн. ЭМЯ-наас шинжилгээний тоног төхөөрөмжүүдэд илүү мөнгө зарцуулж авсан зүйл байхгүй. Аль болох чанартай бөгөөд боломжийн үнээр авахыг илүүд үзэж байгаа.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

Цар тахал биднээс шалгалт авч байна. Бидэнд урьдчилан сэргийлэх нөөц байгаагүй. Энэ бүхэн дан ганц УОК хийж байгаа асуудал биш. Засгийн газар бэлэн бус байгаатай холбоотой асуудал юм.Бид томоороо харах боломжгүй бол асуудлаа жижиглэж харах шаардлага байна. Жижиглэж гэдэг нь шийдэж болох асуудал нь юу вэ? Илүү их эсвэл бага цар тахалд өртөж байгаа салбар аль вэ гэдгийг шийдэх хэрэгтэй.  Яагаад гэхээр бидний авч байгаа арга хэмжээ өнгөрсөн хугацаанд онц шаардлагатай үгүйгээс хамаараад бүх хүүхдэд 100.000-ыг өгнө, эсвэл бүх айл өрх, бизнесийн байгууллагын эрчим хүчийг хэмнэнэ. Ердөөсөө хавтгайруулсан, ажиллагаа шаардахгүй ийм бодлогууд гаргаад байна. Бид ялгаатай бодлого явуулахын тулд тооцоо судалгаа байх ёстой. Жишээ нь хүнсний үйлдвэрүүд хэвийн ажиллаж байна. Банкууд хадгаламж, зээлийнхээ хүүг аваад ажиллаж байна. Төрийн байгууллагын ажилтнууд 100 хувь цалингаа авч байна. Хөдөө аж ахуйн салбар харьцангуй гайгүй байгаа.Мэдээллүүдийн технологийн байгууллагууд илүү их дата зарж байгааг үзвэл яг хүн дээр өртөж байгаа салбар аль вэ гэдэг дээр илүү тодорхойлж, түүн рүүгээ чиглэж ажиллахгүй бол асуудлыг томоор тавьчихаад бүгдийг нь шийднэ эсвэл бидэнд мөнгө байхгүй. Аль эсвэл үүний дараа орж ирэх гэж байгаа 20-30 тэрбумээр түрээс хөнгөлнө, алданги татвар хойшлуулна гэсэн арга хэмжээ гэхэд хэцүү. Тэгэхээр ийм зүйл хийх тооцоо, судалгаа бидэнд байна уу? Ялгаатай бодлого явуулахын тулд энэ салбаруудад, тэр тусмаа нэгдсэн Засгийн газар дээр салбар хоорондын баланс гээд маш том тоонууд байх ёстой.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

Бидний өнгөрсөн хугацаанд авч байгаа арга хэмжээ бол ихэнх нь нийтэд зориулж авч хэрэглэж байгаа. Үр дүнгээ өгч байгаа арга хэмжээнүүд гэж бид үзэж байна. Эдийн засагт үзүүлж байгаа сөрөг үр нөлөөг тооцож үзээд олон улсын банк санхүүгийн байгууллагууд үндэслэхдээ Монгол Улсад авч байгаа арга хэмжээнүүд зөв зүйтэй байна гэж томъёолж байгаа. 

 

12 : 29
2020-12-24

Я.Содбаатар: Хөнгөн ялтай хүмүүст өршөөл үзүүлэх талаар хуульд ороогүй

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газраас арванхоёрдугаар сарын 17-нд өргөн мэдүүлсэн Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Цар тахлыг  амжилттай даван туулж байгаа улс орнуудын туршлагаас Шинэ-Зеланд улсыг харахад иргэдэд  мэдээлэл маш чухал байдаг юм байна. Мэдээллийг сайн горимд нь оруулах тал дээр АН-ын бүлэг өргөн барьсан хуульдаа тусгасан байгаа. Гадаадад байгаа монголчуудын эрхийг хамгаалах талаар Засгийн газраас өргөн барьсан хуульд ямар асуудал оруулсан бэ. Тусгай үүргийн нислэгийг гэнэт цуцалсан. Энэ тохиолдолд иргэд маш хүнд байдалд орж байна. Солонгос улсаас 4000 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтэй байна гэсэн. Мөн тус улс дахь монголчуудыг түр байлгаж байгаа байранд 12 иргэн өлсгөлөн зарласан гэдэг мэдээлэл байна. Тэдний дунд хоёр сартай жирэмсэн эмэгтэй байна. ХЭҮК-оос маш мундаг шаардлага гаргасан байна. Гадаадад байгаа монголчуудыг авчрах нислэгийг гэнэт цуцалж байгаа нь буруу, хүний эрхийг зөрчиж байгаа хэрэг гэдэг шаардлага хүргүүлсэнд талархаж байна. Нислэг нь цуцлагдсан иргэдийн хохирлыг барагдуулах тухай асуудал энэ хуульд орсон уу. Мөн хорих газарт ял эдэж байгаа хөнгөн ялтай хүмүүст өршөөл үзүүлэх  асуудал энэ хуульд орсон уу. Эдгээр хүмүүс ажилчдаараа дамжуулж халдвар авах эрсдэлтэй. Хэрэв халдвар авсан тохиолдолд тусгаарлах, мөн эмчилгээ хийхэд хамгийн хүнд бүлэг. Дархлаа сул хүмүүс халдварт өртөж байна. Ял эдэлж байгаа хүмүүсийн дархлаа муу байгаа.  Энэ асуудалд НҮБ-ын Хүний эрхийн комиссоос ял эдэлж байгаа хүмүүсийн эрхийг зөрчихгүй байхыг уриалсан. Энэ чиглэлд юу хийж байна вэ.

Шадар сайд Я.Содбаатар: 

Нэгдсэн нэг мэдээллийн урсгалтай байх нь хамгийн чухал байгаа. Манайд мэдээллийн урсгал задгай байгаагаас худал мэдээлэл түгэх явдал элбэг байна. Хуулийн заалтад хязгаарласан заалт бий. Гэхдээ өмнөх хуульд нэгдсэн мэдээллийн урсгал гэж ороогүй.  УОК өвчний голомт руу илүү анхаараад мэдээллээ орхигдуулсан тал бий. Хоёрдугаарт дотоодын халдвараа хумьж байж гадаадад байгаа иргэдээ татахгүй бол болохгүй байна. Дулааны улиралд 110 орчим тусгаарлах байр ажиллуулж байсан. Хяналт шалгалт хийгээд үндсэндээ арваннэгдүгээр сар хүртэл 71 тусгаарлах байр ажилласан. Өнөөдрийн байдлаар 49 тусгаарлах байр ажиллаж байна. Тусгаарлах байртай холбоотой Баянзүрх дүүргийн голомтлон гарсан халдварын зөвхөн ойрын хавьтал 1131 болоод байна. Гадаадад байгаа иргэдийг татан авах ажиллагааг дотоодын халдварын нөхцөл байдлыг харгалзан зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Тэгэхгүй бол тусгаарлах байрны хүрэлцээний асуудал тулгарна.

Covid-19 халдвараас сэргийлж хөнгөн ялтай хүмүүст өршөөл үзүүлэхтэй холбоотой судалгааг Засгийн газар гаргасан. Энэ хуулийн төсөлд оруулаагүй. Ял эдэлж буй 1300 гаруй хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй, суурь өвчтэй, 65-аас дээш настай хүмүүсийн судалгааг гаргасан. Ер нь асрамжийн газар, хорих, эрүүл мэндийн байгууллага хамгийн их эрсдэлтэй гэж олон улсад үзэж байгаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: 

ШШГЕГ-ны харьяа хорих ангиудад 4500 орчим ялтан хоригдож байгаа. Мөн цагдан хорих байруудад албадан саатуулагдсан 1000 гаруй хүн мөн шүүхийн шийдвэрээр баривчлагдсан хүмүүсийн нэмээд нийт 6300 гаруй хүн цагдан хорих, хорих байруудад хоригдож байна. Эдгээрээс архаг хууч өвчтэй, 60-аас дээш насны 700 гаруй хүний судалгааг ШШГЕГ-аас гаргасан. Өнгөрсөн долоо хоногт БГД-ийн цагдаагийн 1-р хэлстээс хүн амины хэрэгт сэжиглэгдсэн нэг иргэнийг саатуулж, хорих байгууллагад хүргэх явцад түргэвчилсэн оношлуураар эерэг хариу гарсан. Дүүргийн эрүүл мэндийн байгууллагын тусламжаар PCR шинжилгээ хийхэд сөрөг болох нь батлагдсан. Цаашид хорих анги болон саатуулах байранд ийм хүндрэл гарах эрсдэлтэй байна. Тиймээс ШШГЕГ-ын харьяа байгууллагуудад PCR шинжилгээний цэгүүдийг ажиллуулахаар төлөвлөж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

Цар тахлын хатуу нөхцөлд бид хүний эрхийн зөрчлийг сайтар анхаарах хэрэгтэй. Хэдийгээр хөл хорионд байгаа ч гэсэн хүний эрхийг зөрчлийг дордуулж болохгүй. Үндсэн хуульд болон Цар тахлын тухай хуульд эрүүл мэндээ иргэн бүр хамгаалуулах эрхтэй. Гэтэл Архангайгаас хот руу орж ирэх гэж байсан иргэн 22-ын товчоон дээр нас барсан. Мөн Сэлэнгэ аймгаас ирсэн 10 настай хүүхэд  хангалттай эмнэлгийн авч чадалгүй амь насаа алдсан. Энэ бүхнээс харахад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тэгш, хүртээмжтэй байж чадахгүй байна. Тусгаарлалтын байрны журмыг зөрчсөн иргэнийг олон нийтэд зарлана гэж оруулсан нь хүний эрхийн гадуурхалт биш үү. Хүний эрхийг хангаж бид цар тахлыг даван туулах ёстой. Мөн гадаадад суугаа иргэддээ Элчин сайдын яамд хэр анхаарч ажиллаж байгаа вэ. Сүүлд  Франкфуртын нислэгээр шинжилгээний хариу нь эерэг гарсан иргэнийг чартер нислэгт суулгаагүй асуудал нэлээд шүүмжлэл дагууллаа. Эндээс харахад Элчин сайдын яамд иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж чадахгүй байгаа юм биш үү. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, вакцин, эм хэрэгслээр иргэдийг тэгш хүртээмжтэй хангана гэж хуульд тусгасан байна. Вакциныг эхний ээлжид нийт хүн амынхаа хэдэн хувьд хийхээр төлөвлөж байна вэ. Бусад орныг харахад эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдаа хамгийн эхэнд вакцинжуулах бодлого барьж байна. Манайд ямар бодлого барих вэ.  Голомтод ажиллаж байгаа төрийн албан хаагчид, эмч, эмнэлгийн ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөл,ээлжийн амралтыг нь хэрхэн зохицуулж байгаа вэ.

Шадар сайд Я.Содбаатар:

Тодорхой эрхүүд хуулиар хязгаарлагдаж байгаа. Бусад оронд ч мөн адил хязгаарлаж байна. Гэхдээ аль болох хүний эрхийн суурь зарчмуудыг алдагдуулахгүй байх тал дээр ажиллаж байна. Хуульд тодорхой хязгаарлалтуудыг хийх эрхийг өгсөн. Тэр хүрээнд ажиллаж байна. ХЭҮК-ын хоёр ч гишүүн ажиллаж байгаа. Эх хүүхдийн эрүүл мэндийн төв дээр очсон хүүхдийн тухайд эмнэлгээс гараад 10 гаруй хоногийн дараа амь нас нь эрсдсэн юм билээ. Зохих бүх үйлчилгээг үзүүлсэн гэж мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт нь гарсан. Франкфуртын нислэгээр авчраагүй үлдсээн эмэгтэйн хувьд өөрөө уучлалт гуйсаныг та цахим орчноос харсан байх. Тухайн эмэгтэйд ЭСЯ-ны ажилчид  нь дундаасаа мөнгө хүртэл өгч хэд хэдэн хүсэлт тавьсан байсан. Манайхан нэг зүйлийг анхаарах ёстой. Шинжилгээний хариуг сонссон, өвдсөн хүний сэтгэлзүйн нь тогтоворгүй үед хэвлэлийнхэн лайв хийж байна. Цэргийн төв эмнэлэгт мөн адил ийм үед нь лайв хийсэн. Тухайн хүн дараа нь эмч нараасаа уучлалт гуйсан байна лээ. Оношоо сонссон иргэд  2-3 цагийн хугацаанд маш стресстэй байгаа шүү дээ.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

Өргөн барьсан хуулийн төслийг дэмжиж байна.Дархан хотын авто замын хувьд ачаалал ихтэй зангилаа хот. Ердийн үеийнхээс буурсан байх. Гэхдээ Дарханы иргэд биш ч тэрүүгээр дамжин өнгөрөх шаардлагатай уул уурхайн ААН-ийн тээврийн хэрэгслүүд болон маш олон иргэн зорчиж байгаа. Энэ хүмүүсээс тусад нь PCR шинжилгээг авдаг байх тэр зохицуулалтыг хийх боломж байна уу?

Шадар сайд Я.Содбаатар:

Дархан-Уул аймагт дахин халдвар гараагүй 20 гаруй хонож байна. 28 хоног болоход халдвар илрэхгүй бол голомтыг бүрэн хумилаа гэж үзээд PCR шинжилгээ авахгүйгээр энгийн горим руу шилжинэ.Асуумж  бөглөнө гэсэн үг. Хоногийг нь хүлээж байна. Халдвар гарсан зургаан аймгаас үндсэндээ бид хумьсан. Сэлэнгээс сүүлд 11 хоногийн дараа хүүхдээс илэрсэн. Цаашид Дархан-Уул аймгийг хойд бүс нутгийн шинжилгээний төв болгохоор зорьж байна.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

Хуульд хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын талаар орсон боловч голомтод ажиллаж байгаа эмнэлгийн ажилчдын талаар төдийлөн тусгаагүй байна. Хэрэв ажлаа хийж байгаад халдвар авбал яах вэ гэдэг даатгалыг хөндөх ёстой. Дэлхий дахинд 500 мянга гаруй эмнэлгийн ажилчид халдвар авсан гэсэн тооцоо байна. ДЭМБ-аас эмнэлгийн ажилчдын 10 гаруй хувьд халдвар авсан гэсэн байна. Мөн дэлхийд 1500 орчим эмнэлгийн ажилчин нас барсан байна. Цар тахалтай тэмцэж ажиллаж байгаа алба хаагчдыг халдвар авахаас даатгуулах. Хэрэв халдвар авбал нөхөн төлбөр олгох талаар энэ хуульдаа тусгах шаардлагатай.

Шадар сайд Я.Содбаатар:

Санал нийлж байна. Байнгын хорооны үеэр мөн санал гарсан. Голомтод ажиллаж байгаа хүмүүс ажлын байрнаасаа халдвар авахтай холбоотой зохицуулалтыг хөндөх нь чухал. Шинэ заалт учраас УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын өргөн барих хуулийн төсөлд тусгаж өгөхийг гэж хүсч байна.

Үүгээр 13:00 цаг болсон тул чуулганы хуралдааныг түр завсарлууллаа. Эргээд 14:00 цагаас хуралдана.
11 : 18
2020-12-24

Ж.Ганбаатар: Өөрсдөө алдаа гаргачихаад хөл хорио тогтоолоо

УИХ-ын Пүрэв гаригийн чуулганы  хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Covid-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.

Засгийн газраас өргөн барьсан дээрх хуулийн төсөлтэй ижил хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Туваан мөн  Х.Булгантуяа Ж.Сүхбаатар,  Б.Баттөмөр, М.Оюунчимэг нарын өргөн барьсан нийт дөрвөн хуулийн төсөл бий. Дээрх хуулийн төслүүдийг Засгийн газрын өргөн барьсан Covid-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-тэй  нэгтгэн хэлэлцэх саналыг УИХ-ын гишүүн С.Одонтуяа горимын санал гаргав.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Хэлэлцэж байгаа хуулиудаас хамгийн чухал нь энэ хууль байгаа. Өнөөдрийн хэлэлцэх гэж байгаа хуулийг Засгийн газраас өргөн барьсан. Өчигдөр Ц.Туваан гишүүнээр ахлуулсан нэр бүхийг гишүүд  мөн Цар тахлын тухай хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтийг өргөн барьсан. Энд манай АН-ын бүлгийн гишүүдийн санал нэлээд тусгагдсан. Хоёр хоногийн өмнө Ж.Сүхбаатар гишүүн нэр бүхий гишүүдтэй хамтраад мөн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өргөн барьсан. Энд МАН-ын бүлгийн гишүүдийн санал нэлээд орж байгаа болов уу гэж бодож байна. Тэгэхээр энэ гурван хуулийг нэгтгээд хэлэлцэх нь  үр дүнтэй болов уу гэж бодож байна. Мэдээж яаралтай горимоор хэлэлцэх ёстой. Холбогдох байнгын хороодыг яаралтай зарлаад нэгтгэж хэлэлцэх нь зүйтэй байх. Тиймээс дэмжиж өгнө үү.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Өчигдөр Түр хороо хуралдсан. Монголбанк, Хүний эрхийн комисс Covid-19-ийн эсрэг хуульд өөрчлөлт оруулах саналууд байна гэж хэлж байсан. Энэ чиглэлээр нэр бүхий гишүүд хуулийн төсөл боловсруулж байгаа. Яаралтай шийдэх ёстой асуудлуудыг тусгасан. Энэ хуулийн төслийг өнөөдөр, маргаашдаа өргөн барина. Тэгэхээр энэ хуулиудыг нэгтгээд хэлэлцэх боломж байна уу.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

УИХ-ын дэгийн тухай хуульд ижил төстэй хоёроос дээш хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар өргөн барьсан бол хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсний дараа байнгын хороон дээр нэгтгэн хэлэлцэх асуудлыг санал хураалтаар шийдвэрлэж явна гэсэн дэгтэй. Засгийн газраас өргөн барьсан хуулийг нэн яаралтай горимоор батлах ёстой. Тиймээс энэ хуулийг батлаад байнгын хороогоор өнөөдөртөө эхний хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн. Ирэх долоо хоногийн хуваарьт оруулах бол даргын дэргэдэх зөвлөлөөр саналаа оруулаад УИХ-ын тамгын газар, даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцээд шийдвэрлэнэ. Ижил төстэй дөрвөн хуулийн төслийг өргөн бариад байна. Хамт хэлэлцэх эсэхийг чуулганаар бус байнгын хороогоор шийдэх дэгтэй юм байна.

Үүгээр хэлэлцэх асуудалдаа орлоо. Засгийн газраас өргөн барьсан Цар тахлын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

УИХ-ын даргын шийдвэрээр мөн адилхан зорилготой  гурван ч ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгүүдийн гол ярих зүйл бол ажлын байр, хөдөлмөр эрхлэх, бүтээмж сэтгэлээ гэсэн энэ гурван зүйл яригдсан. Гол асуудал бол Монголбанк ажил хиймээр байна. Мөн Засгийн газар нь дэмжмээр байна. Монголбанкны мөнгөний бодлогын хүү 11 байсан бол өнөөдөр зургаан хувь болж буурсан. Ингэж бууруулсан гол зорилго нь Монголбанканд байршуулсан банкуудын 3 их наяд төгрөгийн эх үүсвэрийг зах зээл рүү оруулах. Гэтэл энэ бодлого эсрэгээрээ хэрэгжиж өнөөдөр Монголбанканд 8 их наяд төгрөгийн эх үүсвэр байршиж байна. Хүний бүтээмж сэтгэлгээ өнөөдөр алга болох нь. Энэ тал дээр ямар бодлого барьж байна вэ. Сангийн сайд уг нь энэ талаар танилцуулгыг хийх ёстой. Одоо хүртэл хийсэнгүй. Ажлын хэсэг өчигдөр мөн хуралдаж чадсангүй. Сангийн сайд тодорхой хариулт өгнө үү.

Шадар сайд Я.Содбаатар:

Цар тахлын тухай хуульд өнгөрөгч дөрөвдүгээр сард батлагдсан. Энэ хууль өнөөдөр нийгэм, эдийн засгийн харилцлааг зохицуулахад нэлээд чухал үүрэгтэй. Энэ хуульд гишүүдийн хэлж байгаа заалтууд нь бий.  Шинээр өргөн барьсан Цар тахлын хуульд Засгийн газар холбогдох байгууллагуудын саналыг авч тусгасан. Энэ хуулийг албажуулж өргөн барих хооронд УИХ дээр хэд хэдэн ажлын хэсэг байгуулагдсан гэж ойлгосон. Эдгээр ажлын хэсгээс гарсан саналуудаар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтарсан саналууд гаргасан. Хууль өргөн барьсны дараа дээрх саналууд ирсэн. Тиймээс эдгээр саналыг өчигдөр Түр хорооны хуралдаан дээр ярьж, Монголбанкны гаргасан таван саналыг тусад нь нэр бүхий гишүүдээр өргөн барьж хэлэлцүүлье гэсэн ийм саналыг гаргасан. Үүнд, цар тахлын үед банкнаас харилцагчтай хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулах, хадгалуулагчтай байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болж гэрээний хугацааг сунгахад мөнгөн хадгаламжийн хүүгийн хэмжээ нь банкуудын нийтэд зарласан хугацаатай хадгаламжийн жигнэсэн дундаж хүүгээс хэтрэхгүй байна. Цар тахлын үед банкны хугацаагүй хадгаламж, харилцах дансанд хүү тооцохгүй. Банкны тусгай хадгаламжийн дансанд энгийн хадгаламжийн хүүгээр хүү тооцох зэрэг саналууд туссан. Засгийн газрын түвшинд аль болох л ажлын байрыг хамгаалах, хадгалах, бизнес эрхлэгчдийг дэмжих байр суурьтай ажиллаж байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Янз янзын хүүний талаар яриагүй ээ, Шадар сайдаа. Монголбанканд нийт хадгаламжийн 60-70 хувь нь өнөөдөр цугларчихсан. 13 их наядын 8 их наяд нь гэсэн үг. Гэтэл зах зээлд мөнгө алга. Хатуухан хэлэхэд, өөрсдөө алдаа гаргачихаад юм л болвол онцгой байдал тогтооно, хаана гэдгийг буруу гэж харж байна. Бусад улс аргаа бараад л хөл хааж байна. Ажлын байруудыг алдах, ядуурлаас айж байна. Миний санал бол зах зээлийг мөнгөжүүлэх. Хөдөлгөөнд оруулах хэрэгтэй. Сангийн сайд, Монголбанк хамтарч ажилламаар байна. Уг нь Монголбанк санаачлага гаргаж байгаа шүү.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

Монголбанкнаас гаргасан банк санхүүгийн зээл, ломбардтай холбоотой саналуудыг нь тусгасан хуулийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр өргөн барина. Монголбанк мөнгө хадгалаад байгаа юм биш. Монголбанканд арилжааны банкуудын эх үүсвэр бий.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

 Цаг үе нэлээн өөрчлөгдсөн учраас эргэж харах юм нэлээн байгаа байх. Зарим хэрэггүй арга хэмжээгээ больсон нь дээр. Цахилгаан, дулааны үнийг тэглэж байгаа нь асар их мөнгө. Энэ нь бидний барьж чадахгүй байгаа 200 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц байгуулах хэмжээний мөнгө. Мөнгөгүй гэж 10 жил явсан хэр нь энэ үед гаргаад ирж байна. Үүнийг бодох хэрэгтэй. Хамгийн гол нь одоо голомт нь эмнэлэг болчихоод байна. Хорино, цагдана гэдэг л хялбар юм ярих юм. Бусад орнууд бизнесээ зогсоохгүй байгаа юм билээ. Улаанбаатарыг хаагаад дотор нь бизнесийг нь явуул. Я.Содбаатар сайд аа, та жаахан ухаалаг бай л даа. Юм л бол хаана гэх юм. Тусгаарлалтад байгаа хүмүүсийнхээ хүний эрхийн асуудлыг анхаар.

Шадар сайд Я.Содбаатар: 

Би хаагаад байгаа зүйл биш л дээ. ДЭМБ болон мэргэжлийн эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хүмүүс нь хаахгүй бол халдвар дэлгэрнэ, жилийн эцэс болоход шинээр халдвар авсан хүний тоо 400-450 хүн болох нь, цагаан сар болоход 2,800 хүн болох нь гээд зөвлөсөн. Тиймээс дэлхий нийтийн жишгийн дагуу л манайх хөл хорионы арга хэмжээ авч байгаа. Анхны тохиолдол гарч байх үед халдвар хамгааллын дэглэм барихгүй бол нэг хүнээс найман хүнд халдварлах чадвартай гэж үзэж байсан. Харин хөл хорионы дэглэм барих үед нэгээс нэг хүнд болж буурсан. Сүүлийн голомт тогтоогдсон хугацаанд нэг хүний халдварлах чадвар 1.5 хувьд хүрч байна. Үүнийг нэг хувь руу буулгахын тулд хөл хориог авсан. Түүнээс биш би дээшээ харж байгаад гаргачихдаг шийдвэр биш. Бизнес эрхлэгчдийнхээ жаргал, зовлонг ойлгож байгаа. Засгийн газраас шат дараалан өөрийн хөрөнгө мөнгөндөө тааруулж тодорхой арга хэмжээнүүдийг авч байна. Цар тахал дэлхийн улс орнуудад хүнд тусч байгаа нь үнэн. Ялангуяа манайд бүр хүнд тусч байна.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

Энэ хуулиар бид болж бүтэхгүй байгаа алдаа, оноогоо засах ёстой. Хөрсөн дээрээ очоод, анхан шатандаа болж бүтдэггүй, алдаанууд гарч байна. Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр байгууллага хоорондын уялдаа холбоог сайтар тусгах шаардлагатай. Мөн сахилга бат, хариуцлагыг сайтар тусгах ёстой. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа хариуцлага алдагдсан. Энхсаран сувилал, мөн Архангай аймагт халдвар гарсан нь хотоос очсон хүнтэй холбоотой байсан. Хорио цээрийн дэглэмтэй үед тэр хүнийг хотоос гаргасан. Иргэдийн амь нас хохирсон. Архангайгаас хот руу орж ирэх гэсэн хүн нас барсан. Түргэн тусламж авч чадаагүйгээс амиа алдсан. Энэ мэт онцгой нөхцөлд хатуу хууль яриад байж бас болохгүй. УОК-ын Шуурхай штабт хариуцлага тооцсон уу. Хүний эрүүл мэнд, амьдрах эрх нь нэгдүгээрт тавигдах ёстой. Ийм алдаа гаргахгүйн тулд хариуцлагын асуудлыг хуульдаа оруулах хэрэгтэй. Ажлын уялдаа холбоо нь хэр байна вэ. Уялдаатай ажиллаж чадахгүй байна шүү.

Шадар сайд Я.Содбаатар:

Салбар хоорондын ажлын уялдаа холбоог хангах чиглэлээр холбогдох саналуудыг авч хуульд тусгасан. Архангайн иргэн амиа алдсан асуудалд хариуцлага тооцно. Эрүүл мэндийн шалтгаантай хүнийг нэвтрүүлэх зохицуулалттай байсан. Саяхан товчоодоор ажиллаад ирсэн. Тэнд ажиллаж байгаа төрийн албан хаагчид амаргүй нөхцөлд ажиллаж байгаа. Идэр есийн хүйтэнд ажиллаж байна. Халууны төхөөрөмж нь царцах зэрэг асуудал ч гарч байна.

 

 

 

 

 

 

10 : 45
2020-12-24

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын Пүрэв гаригийн чуулганы  хуралдаан 10:00 цагаас эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж