Ханиад томууг хэрхэн Covid-19 халдвараас ялгах талаар Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэлээс тодрууллаа.
-Хүйтэн сэрүүний улирал эхэлсэнтэй холбоотойгоор сүүлийн үед иргэдийн дунд хамар битүүрч, нус гоожих, гэдэс гүйлгэх, бөөлжих шинж тэмдэг бүхий өвчлөл нэмэгджээ. Хамгийн гол нь дээрх өвчлөл нь Covid-19 халдварын илрэх шинж тэмдэгтэй төстэй учраас иргэдийн дунд “Би халдвар авчихлаа” гэх айдас байх шиг байна. Тиймээс ханиад болон Covid-19 халдварыг хэрхэн өөр хооронд нь ялгах вэ?
-Томуу, томуу төст өвчин нь агаар дуслын замаар дамжин халдварладаг амьсгалын замын цочмог вирусийн халдвар. Томуу, томуу төст өвчин нь 200 гаруй төрлийн вирусээр үүсгэгддэг. Үүнд, коронавирус буюу Covid-19 ч багтдаг. 50 дахь долоо хоногийн тархвар судлалын тандалтаар хүн амын дунд томуу, томуу төст өвчний вирус буюу риновирус, адиновирус эргэлтэд байна. Риновирус нь хамар, залгиурын үрэвсэл үүсгэж, хамраас нус гарах, найтаах зэрэг шинж тод илэрдэг бол адиновирус нь нус гоожих, толгой өвдөх, гүйлгэж суулгах шинж илэрдэг. Эдгээр томуугийн вирусүүд нь томчуудад хөнгөн хэлбэрээр тусдаг бол хүүхдэд хүндээр өвчлүүлэх магадлалтай. Риновирус болон Covid-19 халдвар нь адилхан амьсгалийн замын вирус учраас төстэй шинж тэмдэгүүд байх ч риновирус нь хамар залгиурын үрэвсэл үүсгэдэг учраас толгой өвдөх, хамар битүүрэх, нусгайрах зэрэг харьцангүй хөнгөхөн шинж тэмдэг илэрдэг. Барагтаа бол өндөр халуурахгүй. Өндөр халуурч байвал Covid-19 биш өөр төрлийн вирус ч байж болно.
Covid-19 халдварын үед хамгийн ихээр илэрч байгаа эмнэлзүйн гол шинж тэмдэг нь хуурай ханиалгах хоолой хөндүүрлэх юм. Дээрх шинж тэмдэгээс гадна хамар битүүрэх, үнэр амт мэдрэхгүй байх, өндөр халуурах зэрэг шинж тэмдэгүүд илэрч байна. Ерөнхийдөө Covid-19 халдварын илрэх шинж тэмдэг нь амьсгалын замын бусад вирусүүдээс илүү хүчтэй явагддаг гэсэн үг. Риновирусийн үед хамар битүүрнэ гэхээс биш амт үнэр мэдрэгдэх чадвар алдагдахгүй.
-Өөр ямар төрлийн вирус өндөр халуурах шинж тэмдгээр илэрдэг вэ?
-Томуугийн улирал нь арваннэгдүгээр сараас дараа жилийн дөрөвдүгээр сар хүртэл буюу хүйтэн сэрүүнд тохиодог. Учир нь, томуу өвчин үүсгэгч нь А, В, С хүрээнийх гэж байдаг. А, B хүрээний томуу үүсгэгч вирус нь -70 хэм хүртэл тэсвэртэй байж чаддаг. Тиймээс хүйтэн сэрүүнд, агаар дуслаар дамжин хүнээс хүнд халдварладаг. Томуугийн А вирусийн үед маш өндөр халуурдаг. Үүний зэрэгцээ зогсоо зайгүй ханиалгана, толгой өвдөнө, бүх бие янгинана. Томуугийн А вирусээс гадна адиновирус гэхэд улирал харгалзахгүйгээр, дөрвөн улирлын туршид дэгддэг. Халуурч, хамар битүүрнэ, хоолой өвддөг.
-Ханиадны эдгэрэлтийг түргэсгэхийн тулд хэрхэх вэ?
-Халуун шингэн зүйл, тэр дундаа витамин С агуулсан зүйлүүд сайн уу. Витамын C нь хүний биеийн интерфероныг идэвхжүүлдэг, үрэвсэл, халдвар, хордлогын эсрэг үйлчилгээтэй гэж үздэг. Аньс, чацаргана зэрэгт витамин С-ийн агууламж өндөр байдаг. Үүнээс гадна өглөө оройдоо давс, сода, нимбэгний уусмалын аль нэгээр ам, хоолойгоо 3-5 удаа зайлах хэрэгтэй. Эхний тав хоногт сода, дараагийн тав хоногт давсны уусмал зэргээр ээлжлэх ёстой.
-Хэрэв ханиадтай хүн шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гэж оношлогдох боломжтой гэсэн үг үү?
-Түргэвчилсэн оношлуураас гадна PCR шинжилгээгээр хариуг баталгаажуулж байгаа. Түргэвчилсэн оношлуураар хариу нь эерэг гараад PCR шинжилгээгээр үгүйсгэгдэх тохиолдлууд бий. 1000 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 100 гаруй PCR үгүйгсэгдэж байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ