УИХ-ын гишүүн Ц.Туваан болон УИХ дахь Ардчилсан Намын гишүүдийн хамтран боловсруулсан Коронавируст халдварын (Ковид-19) цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Туваан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Монгол Улсын Их Хурлаас 2020 оны дөрөвдүгээр сард баталсан дээрх хуулийн үйлчлэлийг сунгаж, зарим зохицуулалтыг илүү тодорхой болгох, нарийвчлах, нэмж тусгах хэрэгцээ шаардлага байна гэж үзэж, энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.
Хуулийн төсөлд:
- Эх орондоо буцаж ирэх хүсэлт гаргасан Монгол Улсын иргэдийг тухайн улс дахь өвчлөлийн тархалт, эрсдэл, шууд нислэгийн боломж зэрэг бусад нөхцөл байдлыг үл харгалзан татан авах ажлыг шуурхай зохион байгуулах, гадаад улсад байгаа Монгол Улсын иргэний эх орондоо буцаж ирэх, улсын хилээр нэвтрэх (орох) үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх;
- Цар тахлын халдвараар өвчилсөн, өвчилсөн байж болзошгүй хүний хувийн мэдээллийн нууцлалыг хамгаалах, тухайн хүний хувийн болон гэр бүлийн нууц задрах, нийгмийн зүгээс ялгаварлан гадуурхалтад өртөх, гутаан доромжлуулах, цаашлаад тухайн хүний халдашгүй байдалд аюул учрах эрсдэл үүсгэхгүй байх зарчмыг баримталж ажиллах үүргийг хуульчлах;
- Монгол Улсын Засгийн газраас цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр гаргасан, Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, энэ хуульд нийцээгүй шийдвэр, арга хэмжээг УИХ-аас нэн даруй хүчингүй болгох, эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэр, арга хэмжээ нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй буюу хүчин төгөлдөр бус байх, хүчин төгөлдөр бус шийдвэр, арга хэмжээг нийтээр дагаж мөрдүүлснээс үүсэх үр дагаврыг тухайн шийдвэр, арга хэмжээг гаргасан байгууллага, албан тушаалтан хариуцан арилгах;
- Сонгуулийн тухай хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах үеийн олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээ нь Коронавируст халдварын (Ковид-19) цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй байх;
- Бүх шатны сургалтын байгууллагын оюутан, сурагчдын дотуур байрны төлбөрийг сургалтын төлбөрийн нэгэн адил өмчийн хэлбэр үл харгалзан хөнгөлөх, дараагийн төлбөрт шилжүүлэх;
- Цар тахлын үед хязгаарлагдаж болзошгүй иргэдийн өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах үндсэн эрхийг хөндөхгүй байх, уул эрхийг баталгаатай эдлүүлэх үүднээс цар тахлын үед өмгөөлөгчийн ажиллах журмыг батлах, иргэний эрх, эрх чөлөөний баталгааг дордуулахгүйгээр хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг цахимаар хүргэх;
- Иргэд цар тахлын үед шаардлагатай эмнэлгийн тусламж, үйлчилгээг үнэ төлбөргүй авах;
- Ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хойшлуулах, зээлийн гэрээний хугацааг сунгах асуудлыг Монголбанк, Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх;
- Коронавируст халдварын (Ковид-19) цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагааны санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлох, эх үүсвэрийг Засгийн газрын тусгай санд байршуулах, сангийн хөрөнгийг хуульд зааснаас өөр зориулалтаар зарцуулахыг хориглох;
- Коронавируст халдварын (Ковид-19) цар тахлын үндэсний цахим мэдээллийн сан ажиллуулах, уг цахим мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах журмыг Засгийн газар батлах зэрэг зохицуулалтуудыг тусгасан байна.
Холбоотой мэдээ