Цар тахлын хэмжээнд хүрээд байгаа COVID-19 халдвар ихэнх тохиолдолд хүнээс хүнд, агаар дуслын замаар халдаж байна. Иймээс эрүүл мэндийн байгууллагууд амны хаалт тогтмол зүүж, гараа ариутган, хүн хооронд 1-2 метрийн зай барихыг зөвлөж байгаа. Гэхдээ өдөр хоног өнгөрөх тусам хувьсан өөрчлөгдөж байгаа уг вирус маш их тэсвэртэйгээс гадна аливаа гадаргуу дээр олон хоног амьдрах чадвартай гэдгийг олон улсын эрдэмтэн судлаачид аль хэдийн нотолсон.
Жишээлбэл уг вирус:
- Зэс гадаргуу дээр 4 цаг
- Картон цаасан дээр 24 цаг
- Хуванцар болон зэвэрдэггүй ган гадаргуу дээр 2-3 өдөр
- Даавуун материал дээр 14 хоног хүртэл амьдрах чадвартай гэсэн судалгааг Австралийн эрдэмтэд нотолжээ.
Засгийн газраас 2020 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн 06:00 цаг хүртэл 14 хоног нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргасан.
Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн хүргэлтийн үйлчилгээг эрсдэлтэй бүлэгт тооцож, хүнсний тээвэрлэлт, түгээлтээс бусад үйлчилгээг зогсоох шийдвэр гаргаад байгаа тухай мэдэгдсэн. Гэхдээ хөл хорионд орсон иргэдийн хувьд хүнс хүргэлтийн үйлчилгээг түлхүү сонгох нь мэдээж. Тэр тусмаа он солигдох мөч хөл хорионы үед таарч байгаа учраас гэр бүлийн хүрээнд тэмдэглэхдээ ч баярын ширээгээ засч, бялуу, ундаа зэргийг хүргүүлэх эрэлт нэмэгдэх нь гарцаагүй. Энэхүү эрэлттэй үйлчилгээгээр COVID-19 вирусын халдвар тархахгүй гэх баталгаа байхгүй. Тэгвэл хүнс тээвэрлэлт, түгээлтийн үйлчилгээ явуулж байгаа томоохон компаниуд халдвар хамгааллын ямар дэглэм баримталж, хүнсний бүтээгдэхүүнээ хүргэж байгаа вэ?
Холбоотой мэдээ