Дотоодод Covid-19-ийн анхны тохиолдол арваннэгдүгээр сарын 10-нд бүртгэгдсэнээс хойш 45 хоногийн хугацаанд 600 хүн халдвар авчээ. Жолооч Д болон ХӨСҮТ, БЗД нэгдсэн эмнэлэг, төмөр замын том голомтууд бүртгэгдэж, одоогоор хамгийн их айдас төрүүлж буй нь Баянзүрхийн голомт. Учир нь, уг голомтыг хяналтдаа авч чадаагүй болохоо ЭМЯ, ХӨСҮТ-ийнхөн хүлээн зөвшөөрч, уг голомтоос нэг хоногт 55 тохиолдол бүртгэгдэж байна.
Угаасаа Монголын улсын эмнэлгүүдийн орчин нөхцөл, тоног төхөөрөмж, үйлчилгээ хангалтгүй, ачаалаа даахаа болиод олон жил болсон. Тэгээд ч дэлхийн бүх улс орнуудын хувьд эмнэлэг, эмнэлгийн байгууллагууд цар тахлын голомт болоод байна. Иймээс онцын шаардлагагүй бол эмнэлгээр аль болох явахгүй байхыг ДЭМБ, ЭМЯ сануулсаар байгаа билээ. Эмч, эмнэлгийн ажилтнууд халдвар авах, амь насаа алдах тохиодол дэлхий дээр хар мянгаараа бүртгэгдэж байна. Тэгэхээр эмнэлгээс Сovid алдчихлаа гэж буруутан хайж, хэрэлдэж, талцаж суудаг цаг биш. Монголчуудын "дайсан" одоо цар тахал болсон.
БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсэд дундаа ганц жорлонтой, халдвар хамгаалалт тааруухан, үйлчилгээ муу, орчин нөхцөл нь муухай байсан нь Монголын эрүүл мэндийн салбарын бодит төрх, бодит үнэн. Улсын бүх эмнэлгүүдийн орчин нөхцөл БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс нэг их дээрдэхгүй. Эмнэлгийн шалан дээр гудас дэвсээд хэвтэх нь энгийн үзэгдэл гэж хүлээж автлаа Монголын эрүүл мэндийн салбар доголдож, доройтсон.
Ямар сайндаа өнгөрсөн 30 жил Монголынхоо эмнэлгээр нэг удаа шагайж үзээгүй УИХ-ын гишүүн асан Л.Болд өнгөрсөн хавар ХӨСҮТ-д тусгаарлагдахдаа хэцүү, хүнд болсныг нь гайхаж, шоконд орсноо лайвдаж суусан. Иргэд нь ийм орчинд хэвтэж, эмчлүүлдэг гэдгийг мэдэхгүй болтлоо манай улстөрчид амьдралаас тасарсан нь үнэн. Л.Болд шиг улсын эмнэлгүүдийн орчин нөхцөлийг огт мэдэхгүй, олон жил үйлчлүүлээгүй улстөрч цөөнгүй. Ихэнх нь ээж, аав, эхнэр хүүхдээ аваад гадаадад эмчлүүлчихдэг байсан хэрэг. Харин Сovid-19 –ийн гайгаар ч гэх үү, ачаар юм уу Монголынхоо эмнэлгийн бодит байдлыг, эрүүл мэндийн салбар нь элгээрээ хэвтээд удаж байгааг олж харсан байх. Ханиад тусангуутаа л гадаадад очоод ямбалачихдаг байсан эрх мэдэлтнүүд цар тахал тусвал энгийн иргэдийн адил улсын эмнэлгээ бараадна гэдгийг арай л оройтож ойлгож байх шиг.
Өнгөрсөн жилүүдэд улсын эмнэлгүүдийн сэхээний тасгууд амьсгалын аппаратын хүрэлцээгүй байсан нь үнэн. Уушиг зүрхийг орлуулагч ECMO аппарат улсад ганц байхгүй гэж өнгөрсөн хавар ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү уйлан хэлээд сууж байсан. Гэтэл төрийн албаны нэр дээр тансаг зэрэглэлийн 800 жип машин байдаг гээд харьцуулаад бодохоор Монголын эрүүл мэндийн салбарт арай сэтгэлгүй хандаж иржээ.
Сovid-19-ийн “буян”-аар улсын хэмжээнд амьсгалын 300 гаруй аппараттай болж, аймаг сумын эмнэлгүүдэд тарааж байна. Бас олон жил царцсан, гацсан эмнэлгүүдээ ашиглалтад орууллаа. Цар тахал дэгдээгүй бол нөгөө л цаасан дээрх төсөл хэвээр байх байсныг хэн мэдлээ.
Үнэндээ манай эрүүл мэндийн бэлэн байдал, орчин нөхцөл цар тахалд бүдрээд байгаа юм биш. Үүнээс өмнө нэг сургуулийн 500 гаруй хүүхэд сүрьеэгийн халдвар авч байсныг хэн ч тоогоогүй болох, эрүүл мэндийн салбар бол аль эрт дампуурчихсан л даа. Ийм эмгэнэлт жишээ Монголын эрүүл мэндийн салбарт олон бий. Жишээ нь, хэдэн жилийн өмнө улаанбурханаар олон хүүхэд эндэж байсан.
Улсдаа хавдар судлал, халдвар судлалыг уртаашаа ганц, ганц эмнэлэгтэй. Гэтэл жил бүр 6000 хүн хорт хавдар тусдаг, тэдний 70-80 хувь нь хожуу, хүнд үедээ илэрч байна. Энэ нь эмнэлгийн хүрэлцээ муу, ачаалал хэт өндөр байгаатай холбоотой. Нөгөө талаар эртхэн шинжилгээ өгөхгүй гэж ард түмнээ буруутгаад суухаас илүү аймаг болгонд хавдрын эмчилгээ үйлчилгээ үзүүлэх эмнэлэг барьж, хүртээмж чанарыг нь сайжруулсан бол олон хүний амь аврагдаж болох байлаа. Өнгөрсөн арван сарын хугацаанд Хэнтийд шавар байшин барьж байхаар эмнэлгүүдийнхээ бэлэн байдлыг хангах ёстой байсан.
Тэгэхээр улстөрчдийн өлөн сэтгэлгээ, хүнийрхүү хандлага өөрчлөгдөхгүй бол эрүүл мэндийн салбар ийм өрөвдөлтэй хэвээрээ байна. Эмч нарын цалин хөлс, үйлчилгээ, чанар, мэдлэг, чадвар, эмнэлгийн байгууллагуудын хүртээмж, орчин нөхцөл, эрүүл мэндийн салбарын бодлогыг сууриар нь өөрчилж реформ хийхгүй бол цагаа тулахаар Монголын хэдэн эмнэлгээ бараадна гэдгээ улстөрчид ухаарсан биз.
Ж.ЭРХЭС