УИХ-ын Түр хорооны хуралдаанаар өнөөдөр /2020.12.20/ Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлт болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг холбогдох албаны хүмүүсээс сонслоо. Уг мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асуув.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТ-ЭРДЭНЭ:
-Сүүлийн үед цахим орчинд зөрүүтэй мэдээлэл их гарч байна. Нэгдсэн нэг мэдээллийг холбогдох албаныхан нь өгч баймаар байна. Нийслэлийн өрх бүрийн нэг хүнээс шинжилгээ авна гэсэн юу болсон бэ. Таг чиг болчихжээ. Энэ ажлаа хийхгүй бол иргэд халдвар авснаа мэдэхгүй тараагаад байх вий. Хоёрдугаарт, малчдын өвөлжилтөд анхаармаар байна. Засгийн газрын зүгээс өвөлжит хүндэрсэн аймгуудад зохих арга хэмжээнүүдийг авсан. Гэтэл цаана нь өвөлжит хүндэрээгүй ч гэсэн амаргүй нөхцөлд малчид өвөлжиж байна. Тэжээлийн үнийг зохиомлоор хөөргөж байгаа асуудалд ямар хяналт тавьж байна вэ.
ШАДАР САЙД Я.СОДБААТАР:
-Цар тахлын тухай хуульд мэдээллийн хязгаарлалт хийх талаар тодорхой хязгаарлалтууд бий. Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комисс, Эрүүл мэндийн яамны мэдээлэлд иргэдээ итгэж байхыг хүсч байна. Улсын онцгой комиссоос хэд хэдэн арга хэмжээг авч байгаа. Сэлэнгэ, Дархан зэрэг өрх багатай аймгуудад “Нэг өрх-нэг иргэн” шинжилгээг хийсэн. Үр дүнтэй ч болсон. Нийслэлийн хэмжээнд өмнөх хөл хорионы үеэр хамгийн эрсдэлтэй гэсэн 40 хорооны 70 мянган өрхөд “Нэг өрх-нэг иргэн" шинжилгээг хийсэн. Баянзүрх дүүргийн 80 мянган иргэнээс шинжилгээ авч эхэлсэн. Одоогоор 20 мянган иргэн шинжилгээнд хамрагдаад байна. Гэхдээ мэргэжлийн байгууллагууд болон Эрүүл мэндийн яам өрх бүрээс нэг иргэнээс шинжилгээ авах нь үр дүн тааруу гэж үзэж байгаа. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад байгууллага энэ шинжилгээг хамгийн үр дүн муутай, эмнэлгийн салбарын хүчийг тарамдуулна гэж үзэж байгаа. Манайд халдварын тархалт алаг цоог голомттой учраас ойрын хавьтлуудыг тогтоох, хүрээг хумих ажлуудыг хийж байна. Мөн “Нэг өрх-нэг иргэн” шинжилгээг ч авч байна. Хоёрдугаарт, өвөлжилттэй холбоотойгоор Засгийн газраас шийдвэрүүд гарсан. УИХ-аар зарим бараа бүтээгдэхүүнийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийг баталсан. Ингэснээр тэжээлийн нийлүүлэлт нэмэгдэж байна. ШӨХТГ зарим ААН-үүдийг шалгаж зохих торгуулийг ч тавьсан.
УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНХУЯГ:
-Ингэж хуралдсанаас хуралдаагүй нь дээр шүү. Та нар хуулиа барь. Өмнө нь зөндөө ярьсан. Одоо дахиад л яриад суух уу. Бид нар хоёрхон минут л үг хэлэх эрхтэй. Яагаад дөрвөн минут өгөхгүй байгаа юм. Хэрэв ингэх байсан юм бол энэ олон хуудас мэдээллээ бид нарт гурван хоногийн өмнө өгөхгүй яасан юм бэ. Халдварыг зогсоохын тулд юу хийв, цаашид юу хийх вэ гэдэг нь чухал болохоос та нарын хэдэн удаа хуралдсан нь ард түмэнд огтхон ч хамаагүй. Энд та нар шиг худлаа ярьж суумааргүй байна. 33 хуудас материлаа өмнө нь өгч байж, гишүүд асуултаа бэлдэх байсан. Та нарын хэрэгжүүлж байгаа ажлууд чинь болохгүй байна, халдвар нэмэгдээд байна. Иргэдээс халдвар гарсангүй, эмнэлэг, тусгаалалтын байрнаас халдвар гарлаа гэж нэг иргэний бичсэнтэй би санал нийлж байгаа.
ШАДАР САЙД Я.СОДБААТАР:
-Баянзүрх дүүргийн эмнэлэг 1998 онд хувьд шилжсэнийг Н.Алтанхуяг гишүүн та сайн мэднэ. Хувийн эмнэлэгт асуудал гарсан. Холбогдох хүмүүст нь шалгалтууд хийж байгаа. Эмнэлгийн дотоод халдвар санаа зовоож байгаа нь үнэн. Хувь, хувьсгал гэлгүйгээр бүх эмнэлэгт хяналт шалгалт хийж байгаа. Баянзүрх дүүргийн эмнэлгээс алдагдсан халдварын анхны тохиолдол эмнэлэгт хэвтэхээсээ өмнө шинжилгээ өгөхөд сөрөг гарсан. Хэвтэх хугацаанд нь мөн сөрөг гараад гурав дахь удаагийн шинжилгээгээр эерэг гарсан. Эмнэлэгт халдвар хамгааллын дэглэм сахих ёстой. Шалгалт ч хийж байна. Улсын эмнэлгүүдэд хариуцлагын асуудал ярьж байгаа. Хувийн эмнэлгүүдэд холбогдох шаардлагыг тавина.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.БЕЙСЕН:
-Эмч хүний хувьд эмч, эмнэлгийн ажилчид халдвар авч байгаад үнэхээр харамсаж байна. Халдвар хамгааллаа сахиагүйгээс үү эсвэл халдвар хамгааллын хэрэгслэл нь дутагдалтай байна уу. Эмч нар ачаалал авч, хоол унд муу, байр хүйтэн байна гэж байна. Олон хоног хүнд нөхцөлд ажилласнаар биеийнх нь эсэргүүцэл буураад халдвар авах магадлал их байна. Үүн дээр анхаарч байна уу.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Т.МӨНХСАЙХАН:
-Эмнэлгүүдэд халдвар гарч байгаагийн шалтгаан нь янз бүр байгаа. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн тухайд халдвартай хүмүүст эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байсан эмч, эмнэлгийн ажилтнуудаас халдвар илэрч байгаа. Олон улсад ч эмч нар ажил үүргээ гүйцэтгэж байхдаа халдвар авах эрсдэл нь өндөр хувьтай байна. Манай улсын хувьд дунджаас доогуур байгаа боловч эрсдэлийг бууруулах тал дээр ажиллаж байгаа. Эмч нарын ажиллах ногоон бүсийг сайжруулах, усанд орох гэх мэт нөхцөлүүдийг нь сайжруулах тал дээр ажиллаж байна. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хувьд халдвар авсан иргэнийг эмнэлэгт хэвтэхээр ирэхэд нь шинжилгээ авсан боловч илрээгүй хэвтэн эмчлүүлэх хугацаанд нь халдвар гарсан. Эмч нар хамгаалалтын хувцасны хангалтгүйгээс болж халдвар аваагүй. Хувцас, хэрэгслэл хангалттай. PCR-ийн аппаратгүй аймгуудад захиалга хийгдсэн. Ирэх долоо хоногийн сүүлээр ирнэ.
УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ:
-Танин мэдэхүйн шинжтэй мэдээллүүдийг бид хангалттай авч байгаа. УИХ-ын Түр хорооны хувьд асуудалд ажил хэрэгч хандаж, тулгарч байгаа бэрхшээлүүдийг шийдэх мөн хуулийг хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллах ёстой. Хөрөнгө мөнгө санхүүжилтийн дийлэнхийг нь хувийн болон улсын эмнэлгүүдийн дотоод нөхцөл байдлыг сайжруулах, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг авахад зарцуул. Өнөөдөр Баянзүрх дүүргийн эмнэлгээс 55 хүнээс халдвар илэрлээ. Тэнд өвчтөнүүд дундаа нэгхэн 00, орчин нөхцөл нь хүнд байна. Ийм тохиолдолд хувь, хувьсгалын гэж ялгалгүйгээр Эрүүл мэндийн сайд шуурхай арга хэмжээг авах хэрэгтэй. Солих хүмүүсийг нь сольж хариуцлага тооцоод явахгүй бол магадгүй Цэргийн эмнэлэг нь дахиад голомт болчих вий.
Халдварт өвчин судлалын үндэсний төв ч амаргүй байна. Зохион байгуулалтын ажлуудыг шуурхай авч ажилламаар байна. Арга хэмжээ авна гэхээрээ хөл хорио л тогтоодог. Халдварын эх үүсвэр голомт нь эмнэлгүүд мөн Энхсаран сувилал болчихоод байна. Эмч нар дархлаагаа сайжруул гэж иргэдэд зөвлөж байна. Гэтэл иргэд хүүхдээ ч салхилуулж чадахгүй гэртээ байлгаж байна. Ялангуяа гэр хороололд байдал хүнд байна. Халуун ус нь хаалттайгаас усанд орж чадахгүй. Гэр хорооллын иргэд сүүлийн гурван сар усанд орж чадсангүй гээд хэлж байна. Иргэдээ салхилуулах асуудлыг ч давхар тооцох хэрэгтэй. Нийтийн халуун усыг нээж, халдвар хамгааллын горимыг баримталж болно шүү дээ. Эдгээр асуултад тодорхой хариулт өгнө үү.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Т.МӨНХСАЙХАН:
-Эмч, эмнэлгийн ажилтнуудын ажиллах орчныг сайжруулах чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Халдварт өвчин судлалын үндэсний төвд 44, Цэргийн төв эмнэлэгт 184, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 20 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 1.8 хувь нь бие нь маш хүнд, хүнд байна. Бусад нь хөнгөн болон хүндэвтэр байна. Хөнгөн хүмүүсийг Яармагийн эмнэлэг рүү шилжүүлж, долоо хоног хяналтад байлгаад гаргаж байгаа.
ШАДАР САЙД Я.СОДБААТАР:
-УИХ-аас хөрөнгө мөнгийг баталж өгсний дагуу мөн гадны зээл тусламжуудын санхүүжилтийг Эрүүл мэндийн салбарт зарцуулж байна. Эмнэлгүүдийн дотоод орчин нөхцөл нь олон жилийн угшилтай юм билээ. Одоогоор Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтын улаан бүс рүү ороод халдвар хамгааллыг хийх боломжгүй. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн өвчтөнүүдийг нүүлгэн шилжүүлсэн нь арван сарын турш тэнд хаалттай байсан учраас тасгуудад нь ариутгал хийж байна. Тухайлбал, лабораторид ажиллаж байсан хүмүүс усанд орж чадахааргүй болсон. Арван сарын турш ажилласан тоног төхөөрөмжүүд нь эвдэрч түүнийг засахын тулд нүүлгэн шилжүүлэлт хийсэн. Нийтийн халуун усыг нээх ямар ч боломжгүй. Гадаадын орнууд ч гэсэн халуун усны газрыг эрсдэлтэйд тооцож байгаа.