МБХ-ны Ээлжит XV чуулган “цахимаар” зохион байгуулагдлаа | News.MN

МБХ-ны Ээлжит XV чуулган “цахимаар” зохион байгуулагдлаа

МБХ-ны Ээлжит XV чуулган “цахимаар” зохион байгуулагдлаа

МБХ-ны Ээлжит XV чуулган “цахимаар” зохион байгуулагдлаа

Монголын Банкны Холбоо (МБХ)-ны ээлжит XV чуулган 2020 оны 12-р сарын 18-ны өдөр зохион байгуулагдлаа. Жил бүрийн 12-р сард зохион байгуулдаг энэхүү чуулганаараа дамжуулан Монголын банк санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэтийн төлөвийг хэлэлцэж, цаашдын хийгдэх ажлуудын талаар санал бодлоо хуваалцдаг уламжлалтай.

Энэ удаагийн чуулганы онцлог нь цаг үеийн нөхцөл байдалтайгаа уялдуулан анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулагдсан явдал байв. Чуулганы эхэнд МБХ-ны Ерөнхийлөгч Б.Мэдрээ болон Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар мэндчилгээ дэвшүүллээ.

Чуулган нь МБХ-ны эрх барих дээд бүтэц бөгөөд Холбооны удирдлагын багийн бүрэн эрхийг баталгаажуулдаг. Энэ жилийн хувьд МБХ-ны зарим Дэд ерөнхийлөгч нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул шинэ Дэд ерөнхийлөгч нарыг сонгох шаардлагатай болсон юм. Бүрэн эрхийнхээ хугацаанд мэргэжлийн манлайлал гарган ажиллаж, Холбооны мэргэжлийн зөвлөлүүдийг удирдлагаар хангаж ажилласан Дэд ерөнхийлөгч О.Банзрагч, М.Отгонбаяр нартаа талархлаа илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье.

Ийнхүү дүрэмд заасны дагуу Дэд ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж, Капитрон банкны Гүйцэтгэх захирал Л.Ариунаа болон Хаан банкны Гүйцэтгэх захирлын орлогч Р.Мөнхтуяа нар Дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Холбооны түүхэнд анх удаа хоёр эмэгтэй дэд ерөнхийлөгч нэгэн зэрэг сонгогдсон нь цохон тэмдэглүүштэй үйл явдал болсон юм.

Капитрон банкны Гүйцэтгэх захирал Л.Ариунаа нь Монголын арилжааны банкны салбарт ажиллаж байгаа цорын ганц эмэгтэй гүйцэтгэх захирал бөгөөд банкны салбарт 27 дахь жилдээ ажиллаж байгаа юм. Хаан банкны Гүйцэтгэх захирлын орлогч Р.Мөнхтуяа нь 1994 оноос банкны салбарт мэдлэг, оюунаа дайчлан ажилласаар ирсэн, Монголын шилдэг банкируудын томоохон төлөөлөл юм. Шинээр сонгогдсон Дэд ерөнхийлөгч нартаа нийт гишүүдийнхээ өмнөөс халуун баяр хүргэж, цаашдын их үйлсэд нь амжилтын дээдийг хүсье.

Монголын Банкны Холбоо нь салбарын мэргэжлийн холбоо болохын хувьд 2013 оноос эхлэн Монгол Улсын банк санхүүгийн салбарын даацтай хөгжил, эрх, тэгш өсөлтийг хангахад манлайлан оролцсон, банкны байгууллагыг хөгжүүлэх, бэхжүүлэхэд үлэмж их хувь нэмэр оруулсан зүтгэлтэн, банк санхүүгийн салбарын удирдах ажилтанг тодруулан Монголын Банкны Холбооны дээд шагнал “Хаш Эрдэнийн Одон”-г гардуулж эхэлсэн билээ.

Энэ жилийн хувьд МБХ-ны Дээд шагнал болох “Хаш Эрдэнийн Одон”-ийн эзнээр Жигжидийн Үнэнбатыг тодруулж, Монголын банк санхүүгийн салбарын хөгжилд манлайлан оролцсон, оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэллээ. Ж.Үнэнбат нь банкны салбарт 35 жил тасралтгүй ажилласан туршлагатай, Монгол Улсын банк санхүүгийн хөгжил төдийгүй МБХ-г бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан юм.

Энэ жилийн хувьд өмнөх чуулгадаас онцлог хэд хэдэн үйл ажиллагаа байсны нэг нь Монголын банкны салбарын өрсөлдөх чадварын судалгааг бэлтгэн хүргэсэн явдал байлаа. Судалгааг МБХ-ны Гүйцэтгэх захирал, Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Амар танилцуулсан ба тус судалгаанд Монголын банкны салбарын сүүлийн жилүүдийн ололт амжилт, хөгжлийн хандлага, салбарын хөгжилд нөлөөлж буй хүчин зүйлсийг онцолсон юм. Энэхүү судалгааг МБХ-ны зүгээс олон нийтэд нээлттэйгээр хүргэхээр төлөвлөж байна.

Холбооны нийт гишүүн байгууллагууддаа болон шагнал хүртсэн салбарын мэргэжилтнүүддээ талархал илэрхийлж, амжилтын дээдийг хүсэхийн ялдамд, ирж буй ондоо бидний хамтын ажиллагаа улам дэвжихийн ерөөлийг өргөе.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж