Япон улсад цар тахлын халдвар эрчимжиж, байдал хүндэрч байгаа тул эрх баригчид ард иргэдээ баярын өдрүүдээр гэртээ масктай байхыг зөвлөж эхэлжээ. Эрх баригчдынх үзэж байгаагаар ялангуяа өндөр настай болон хууч өвчтэй хүмүүс гэртээ маск зүүж эрсдэлээс өөрсдийгөө найдвартай хамгаалах шаардлагатай гэнэ.
“Оны төгсгөлд ямар байх нь ирэх жилийн өнгийг тодорхойлдог билээ” хэмээн Токио хотын дарга Юүрико Койке хэлээд бусад нутгийн удирдлагууд ч өөртэй нь санал нэг байгаа талаар ярьжээ. Тэрбээр цар тахлын тархалт улам эрчимжиж буй энэ үед баяр бидний анхаарал болгоомжоо сулруулах шалтгаан болох ёсгүй хэмээн байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр ард иргэдэд шинэ жилийн баяраар үдэшлэгт оролцохын оронд нутагтаа буцан гэр бүлтэйгээ уулзаж, аль болох дотор орчинд байхыг, тэгэхдээ халдвар хамгааллын дэглэмээ ягштал сахих, үргэлж масктай байхыг уриалжээ.
Цар тахал эхэлснээс хойш Япон улс анх удаа өнгөрсөн долоо хоногт хамгийн өндөр буюу дөрөвдүгээр түвшний аюултай байдал зарласан билээ. Гэвч баярын өдрүүд ойртож, худалдааны гудамжууд хүнээр дүүрэхийн хэрээр айдас түгшүүр нэмэгдэж байгаа юм.
Энэ долоо хоногт Японы эрүүл мэндийн холбоо болон бусад найман эрүүл мэндийн байгууллага нийлэн засгийн газраас орон даяар онц байдал зарлан аялал жуулчлал, дэлгүүр, хоолны газруудад хязгаарлалт тавихыг шаарджээ.
Гэвч Ерөнхий сайд Ёшихиде Сүга ард иргэдийн бизнес эрхлэлтэд саад болохгүйн тулд орон даяар онц байдал зарлахаас татгалзсан. Тэрбээр “Бид цар тахлынхаа эсрэг тэмцлийн үр дүнг нүдээр үзэх хэрэгтэй. Би шаардлагатай бүх зүйлийг хийх болно” хэмээн энэ долоо хоногт ярьсан байна. Гэвч Сүгагийн байр суурийг иргэд эсэргүүцэж, цар тахалтай буруу тэмцэж байна хэмээн шүүмжлэх болжээ.
Эх сурвалж: TELEGRAPH
Холбоотой мэдээ