"Дархан арьс ширний цогцолбор" нэрлэсэн үнэ бүхий 200 сая энгийн хувьцаатай байна

Хуучирсан мэдээ: 2020.12.23-нд нийтлэгдсэн

"Дархан арьс ширний цогцолбор" нэрлэсэн үнэ бүхий 200 сая энгийн хувьцаатай байна

"Дархан арьс ширний цогцолбор" нэрлэсэн үнэ бүхий 200 сая энгийн хувьцаатай байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.12.23/ болж, дараах шийдвэрүүдийг гаргажээ.

"Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийг батлав. Компани нь 100 хувь төрийн өмчит бөгөөд нэг хувьцаа эзэмшигчтэй байхаар дүрэмд тусгажээ. Компани зөвлөх үйлчилгээ үзүүлэх, хөрөнгө төвлөрүүлэх, хөрөнгө оруулах, хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх, дэд бүтэц байгуулах, эзэмших, дэд бүтцийн эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах зэрэг үйл ажиллагаа явуулна. Компанийн өөрийн хөрөнгө хувьцаанаас бүрдэх бөгөөд нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 200 сая энгийн хувьцаатай байхаар тооцжээ. "Дархан арьс ширний цогцолбор" байгуулах төслийн бүтээн байгуулалт 23 хувьтай байна. Цахилгаан, дулаан, уур, бохир ус цэвэрлэх байгууламж зэргийн ажлыг хувийн хэвшлийнхэн өөрийн болон Хөгжлийн банкны зээлээр эхлүүлжээ. Төслийг 552 гаруй тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэх юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын суралцах эрхийг хангана

Хүүхдийг хөгжлийн бэрхшээлийн онцлогоос үл хамааран цэцэрлэг, сургуульд тэгш хамруулах, эрүүл мэндээс шалтгаалан танхимын сургалтад хамрагдах боломжгүй хүүхдэд тохирсон боловсролын хувилбарт болон явуулын багшийн үйлчилгээ бий болгох талаар  холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулна. Цаашид:

-Их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд жил бүр хөгжлийн бэрхшээлтэй суралцагч элсэх орон тооны дээд хязгаарыг тогтоож, хөгжлийн бэрхшээлтэй оюутанд үйлчлэх ажилтан ажиллуулах

-Сургалтын цахим технологийг хүртээмжтэй хэлбэрээр хөгжүүлэх, цахим контент боловсруулж сургалтад нэвтрүүлэх

-Багш мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй эзэмших хичээлийг заавал судлах

-Багш нарыг давтан бэлтгэх, гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах тоог жил бүр тогтоож мөрдөх

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа цэцэрлэг, сургуулийн багш, ажилтны цалингийн сүлжээний ангилал, нэмэгдлийг тусгайлан тогтоох

-2021-2023 онд бүх шатны цэцэрлэг, сургууль, нийтийн эзэмшлийн болон сургуулийн ойр орчны зам, талбай, ариун цэврийн өрөө, анги танхимыг хөгжлийн бэрхшээлтэй хүн ашиглаж болохоор тоноглох зэргийг холбогдох сайд, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.

Товч мэдээ

-"Ковид-19" цар тахлын эсрэг вакцин худалдан авах чиглэлээр яриа хэлэлцээ хийж байгаа Ажлын хэсгийн төлөвлөгөөг батлав. Вакцинд хамрагдах хүний тоо, хамруулах үе шат, хугацаа,  дайчлагдан ажиллах эрүүл мэнд болон бусад байгууллагын хүний нөөц, дотоодод тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгсэл, хүйтэн хэлхээний аюулгүй байдал, холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зэргийг төлөвлөгөөнд нарийвчлан тусгажээ.

-"Залуучууд, спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, БНТУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн төслийг дэмжив.  Таван жилийн хугацаанд залуучуудын хөдөлмөр эрхлэлт, мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн хөтөлбөр боловсруулах, залуучуудын асуудал эрхэлсэн болон бусад байгууллагыг холбох, залуу эрдэмтэн, судлаач, зохион бүтээгчдийг урамшуулах, дэмжих чиглэлээр ажиллана. Спортын уралдаан, тэмцээн зохиох, ивээн тэтгэх, спортын анагаах ухааныг хөгжүүлэх, допингийн эсрэг тэмцэх, туршлага солилцохоор тусгажээ.

-"Биокомбинат" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгов. Ингэснээр ашигтай ажиллуулах, гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэж хэрэгцээгээ хангах,  технологи, эдийн засгийн үр ашиг, ажлын менежмент нь сайжрах зэрэг давуу талтай гэж үзлээ.

-"Цацрагийн ослоос хамгаалах улсын төлөвлөгөө"-г батлав. Төлөвлөгөө нь Нийтлэг үндэслэл, Харилцан ажиллагааны зохицуулалт, Зарлан мэдээлэл, Урьдчилан сэргийлэх, Хариу арга хэмжээ, Нүүлгэн шилжүүлэлт, Хөрөнгө санхүү зэрэг есөн бүлэг, 20 дэд бүлэг, 49 заалтаас бүрджээ. Улсын хэмжээнд 471 аж ахуйн нэгж, байгууллагад 1481 цацрагийн үүсгүүр байна. Өмнө нь үүсгүүр хамгаалалтын гэрээс унах, хамгаалалтын гэр хайлах, цацрагийн бохирдолтой талбай илрэх зэрэг осол гарч байжээ.

-"Цөмийн материалыг бүртгэх, хянах журам"-ыг батлав. Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, судалгааг хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангах, хяналт тавих зэрэг чиглэлээр ажиллахыг үүрэг хүлээсэн бүх байгууллагад даалгав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
11
ХөөрхөнХөөрхөн
9
ХарамсалтайХарамсалтай
9
БурууБуруу
5
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж