"Тусгай хэрэгцээт хүүхдийн боловсролд анхаарах хэрэгтэй" | News.MN

"Тусгай хэрэгцээт хүүхдийн боловсролд анхаарах хэрэгтэй"

"Тусгай хэрэгцээт хүүхдийн боловсролд анхаарах хэрэгтэй"

"Тусгай хэрэгцээт хүүхдийн боловсролд анхаарах хэрэгтэй"

Боловсрол, шинжлэх ухааны яам/БШУЯ/-ны Тусгай хэрэгцээт боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Гэрэлтуяатай ярилцлаа.


-Хүүхэд бүр бие махбодь, оюун ухаан, сэтгэл мэдрэхүйн онцлог байдал, нийгэм, хэл зүйн зэрэг бусдаас ялгаатай ямар нэг нөхцөл байдлаасаа үл хамааран сургуульд хамрагдах боломжоор тэгш хангагдах ёстой. Энэ чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, түүний хэрэгжилтийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү? 

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд сурч, боловсрох боломж нөхцөлөөр хангагдах, төр болон бусад этгээдийн зүгээс тэдэнд дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцаанууд нь Монгол Улсын үндсэн хууль, холбогдох бусад хууль тогтоомж, олон улсын гэрээ, эрх зүйн хэм хэмжээний хүрээнд зохицуулагддаг. Монгол Улсын үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөөний талаар, хүнийг ялгаварлан гадуурхаж үл болох тухай, хүн бүр “сурч боловсрох эрхтэй” гэж заасан байдаг. Боловсролын тухай хуульд боловсролын зорилго, зарчим, боловсролын хөтөлбөр, агуулга, стандарт, сургалтын төлбөр, санхүүжилт, нийгмийн баталгаа, багшийн үүрэг зэрэгтэй уялдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурах эрхийг хангах, тэдэнд дэмжлэг үзүүлэх талаар олон зүйл, заалт тусгагдан хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн дөрөвдүгээр бүлгийн 14 дүгээр зүйлд хөгжлийн бэрхшээлтэй хүний сурч боловсрох эрх, 15 дугаар зүйлд тэдний сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх, хангахтай холбогдсон харилцааг зохицуулах олон заалт байдаг.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас дээрх хуулиудын хэрэгжилтийг ханган, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуулийн өмнөх болон бага, дунд сургуульд  боловсролд тэгш хамран сургах бодлого баримтлан, холбогдох эрх зүйн баримт бичгийг боловсруулан хэрэгжүүлж байна.

БСШУС-ын сайдын А/292 тоот тушаалаар батлагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд тэгш хамран сургах журам нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн хэв шинжтэй ерөнхий боловсролын сургуульд суралцахад сургалтыг хэрхэн зохион байгуулах, дэмжлэгийг хэрхэн үзүүлэх талаар зохицуулсан чухал баримт бичиг юм. Энэ журмын дагуу сургууль дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг "Дэмжих баг" байгуулагдан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн А/155-р тушаалаар баталсан Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах аргачлал, зөвлөмжийн дагуу ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллах, хүүхдийн сурах орчин, тохирох хэрэглэгдэхүүн бүрдүүлэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлж байна.

БШУЯ-наас боловсролын тэгш хүртээмжийн талаар орон нутгийн боловсролын байгууллагуудтай хэр уялдаа холбоотой ажиллаж байна вэ?

-Хөдөлмөр нийгмийн хамгаалал Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт, Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/304, А/699, А/460 дугаар тушаалаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх заавар зэрэг баримт бичигт хүүхэд бүрийн хөгжлийг дэмжсэн, ялгаварлан гадуурхалтгүй, адил тэгш боломжоор хангасан боловсролын үйлчилгээ үзүүлэхийг тодорхой заасан. Дээрх зааврын дагуу 21 аймаг, 9 дүүрэгт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөлийг аймаг, дүүргийн БСУГ-ын даргын тушаалаар байгуулсан. Мөн  сургууль дээр "Дэмжих баг" байгуулагдан сургуулийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллах, хүүхдийн сурах орчин, тохирох хэрэглэгдэхүүн бүрдүүлэх зэрэгт хамтран ажиллаж байна.

Бид тэгш хамран сургах боловсролын талаарх зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор аймаг, дүүргийн боловсролын газрын мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулах, тэдний сайн туршлагыг бусдад нь сурталчлах зэрэг ажил зохион байгуулж, бусад байгууллагуудтай хамтран бодлого нөлөөллийн ажлууд зохион байгуулах зэргээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй сургууль, багш нарт хүрч ажиллаж байна.

Энэ ажилд орон нутгийн байгууллагууд, НҮБ-ын Хүүхдийн сан, Японы Хүүхдийг ивээх сан, Жайка олон улсын байгууллага, Дэлхийн банкны санхүүжилттэй “Бага боловсролын шинэчлэл” төслөөс хэрэгжүүлж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд рүү чиглэсэн ажлууд маш их дэмжлэг болж байна. Боловсролын байгууллага, цэцэрлэг, сургуулийн хүрээнд шинээр гарч буй эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа ч цаашид энэ чиглэлээр хийх ажил их байна.

-Боловсролын салбарын багц хуулийн төслүүд ид хэлэлцэгдэж байна. Таны хувьд хүүхэд бүрийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах чиглэлээр ямар нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж бодож байна вэ?

-Боловсролын салбарын багц хуулийн төсөл боловсруулагдаж, бүх нийтээрээ, өргөн хүрээнд хэлэлцэж байгаа нь амьдралд ойрхон, өнөөгийн тулгамдаж буй асуудлыг шийдэх боломж олгосон хууль болоход ач холбогдлоо өгнө гэж бодож байна. Сургуулийн  өмнөх болон бага, дунд боловсролын тухай хуулийн төсөлд тэгш хамран сургалтын тухай нарийн зохицуулалтууд  орж байна. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль нь суралцагчийн тусгай хэрэгцээг хангах түгээмэл загвар бүхий орчин бүрдүүлж, тохирох хэрэглэгдэхүүнээр хангах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, бэрхшээлийн төрлөөс шалтгаалан танхимд хичээллэх өдрийн тоог тодорхой хувиар бууруулах гэх мэт. Миний хувьд хүүхдийн сургуульд элсэх нас, хөтөлбөр уян хатан байх, эрүүл мэндийн шалтгаанаар сурах эрх нь хөндөгдөж байгаа хүүхдийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр бодит заалтуудыг тусгах нь зүйтэй гэж бодож байна.

Боловсролын салбарын багш мэргэжилтнүүдийг тэгш хамруулах боловсролын чиглэлээр  бэлтгэж, чадавхжуулж, тэдэнд урам зориг өгөхөд юу түлхэц болох бол?

-Одоогийн байдлаар хуучнаар ЗХУ-д төгссөн тусгай хэрэгцээт боловсролын 20 гаруй багш МУБИС, Боловсролын хүрээлэн мөн тусгай сургуулиудад ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах багш боловсон хүчин дутагдах болсон тул тус яамнаас тусгай хэрэгцээт боловсролын  мэргэжлийн багш бэлтгэх асуудалд анхаарч байна. Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газрын хооронд жил бүр 550 оюутныг ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах хэлэлцээртэй. Энэ хэлэлцээрийн дагуу Москва, Санкт-Петербург, Томск хотод тусгай хэрэгцээт боловсролын багш мэргэжлээр найман оюутан суралцаж байна. Мөн түүнчлэн МУБИС-д тусгай хэрэгцээт боловсролын багшийг 2013 онд нэг жилийн хөрвөх, 2015 онд 3,5 жилийн бакалаврын хөтөлбөр шинээр боловсруулан, өөрийн орны мэргэжлийн боловсон хүчнийг шат дараатай бэлтгэж байна.

Өнөө үед мэргэшсэн тусгай хэрэгцээт боловсролын багшаас гадна цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа бүх багшийг энэ чиглэлээр мэргэшүүлэх шаардлага тавигдаж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйг судлах хичээлийг багш бэлтгэх цөөн их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт заавал судлах болон сонгон судлах цагаар оюутнууд судалж байна. Цаашдаа багш мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд заавал судлах цагаар судлах зохицуулалт хийхээр ажиллаж байна. Мөн БШУЯ-ны яамнаас ОХУ-ын Гэгээрлийн яамны шугамаар багш нарыг чадавхжуулах, мэргэшүүлэх сургалтыг 2021 онд хамтран зохион байгуулахаар ярилцаж байгаа. Монгол Улсын засгийн газрын 2020 оны зургадугаар сарын 1-ний өдрийн “Журамд нэмэлт оруулах тухай” 208 тоот тогтоолоор ердийн цэцэрлэг сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй багшид үндсэн цалингийн 10 хувийн нэмэгдэл хөлс олгохоор шийдвэрлэсэн болно. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй багшид тэдний зайлшүй шаардлагаар хийж буй нэмэлт ажлыг үнэлгээжүүлж, нэмэгдэл цалин олгох болсон нь дам утгаараа тэгш хамран сургалтыг дэмжиж буй арга хэмжээ юм.

Боловсролын хяналт-шинжилгээний дэлхийн тайланд манай гариг дээр 258 сая орчим хүүхэд, өсвөр үеийнхэн, залуус сургуульд суралцахгүй байгаа талаар дурджээ. Монголын нөхцөл байдал ямар байгаа вэ?

Улсын хэмжээнд 2020-2021 оны хичээлийн жилийн статистик мэдээгээр хөгжлийн бэрхшээлтэй 1158 хүүхэд цэцэрлэгт, 6240 хүүхэд ерөнхий боловсролын сургуульд тус тус суралцаж байна. Энэ нь боловсролд хамрагдах бүх хүүхдийн 75 орчим хувийг эзэлж байна.

Боловсролд хамрагдах боломжгүй, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй, эрүүл мэндийн шалтгаантай хүүхдийг боловсролд хамруулахад сургалтын орчин, багшийн ачаалал, хүүхдийн сургалтын явцад үүсэх эрүүл мэндийн байдал зэргээс хамаарсан зохицуулалт хийх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа бөгөөд энэ чиглэлээр боломжит арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

Иймд хүүхдийн онцлог хэрэгцээнд тохирсон боловсролын үйлчилгээний арга хэлбэрийг бий болгох эрх зүйн  орчныг бий болгох, цэцэрлэг, сургуулийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлог хэрэгцээнд тохирох тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангаж, тэдний хөгжлийн онцлогийг дэмжсэн болон боловсролын үйлчилгээг шинээр бий болгох хэрэгтэй байна.

-Орон нутагт сургууль завсардсан, хичээлийн жилийн дундаас сургуулиа орхисон зэрэг ахуй амьдралын шаардлагаар хүүхдүүд сургууль завсарддаг. Энэ шалтгаанаар унших, бичих, сонсох, ярих, учир шалтгааныг нь олох, тоо бодох гэх мэт тодорхой ур чадварт суралцаж чадаагүй хүүхдүүд цөөнгүй байдаг. Энэ талаар яамнаас тодорхой судалгаа хийсэн байдаг байх. Ямар үр дүн харагдаж байна вэ?

-Бид боловсролд хамрагдаж чадахгүй байгаа болон сургууль завсардсан хүүхдийн тоог гаргаж дүгнэлт хийн ажилладаг. Өнгөрсөн жил Японы Хүүхдийг ивээх сан 2 аймаг, 3 дүүрэгт судалгаа хийсэн. Энэ статистик мэдээллээс харахад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нийт сургуулийн гадуур байгаа хүүхдийн нэлээд их хувийг эзэлж байсан. Цаашид хүүхдийг аль болох сургууль завсардуулахгүй байх, завсардсан хүүхдийг насан туршийн боловсролын төвд суралцуулж, алдагдсан боловсролын нөхөн эзэмшүүлэн аль болох сургуульд шилжүүлэн суралцуулах, бага боловсролыг зөвхөн сургуулиар олгох бодлого баримталж байна.

-Өнөөдөр манай улсад Covid-19 цар тахлын энэ хүнд үед хүүхэд бүрийг тэгш хамруулах боловсролын нөхцөл байдал ямар байна вэ?

-Covid-19 цар тахлын энэ хүнд цаг үед танхимын сургалт удаан хугацаагаар тасалдаж байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол эзэмшихэд хамгийн их эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэж байна.

Хүүхдийн онцлог, хэрэгцээ харилцан адилгүй өөр өөр байдгаас шалтгаалан теле болон цахим сургалтыг бүрэн хүлээн авч чадахгүй байна. Хорио цээр тогтоосон үед багш, суралцагч хамтран ажиллахад бэрхшээлтэй байгаа тул тусгай хэрэгцээтэй хүүхдэд ганцаарчилсан сургалт зохион байгуулахад хүндрэлтэй байна.

Иймд сургалтын өөр шинэ арга технологийг эрэлхийлэх, эцэг эх, асран хамгаалагчийн хүүхэдтэйгээ ажиллах мэдлэг, чадварыг дээшлүүлэх, багш, эцэг эх хамтран ажиллах хэрэгцээ шаардлага үүсч байна. Тиймээс эцэг, эхэд зориулсан зөвлөмжийг мэргэжлийн байгууллагаас боловсруулан хүргэх, мөн интерактив хичээл хийх зэрэг ажлыг бид төлөвлөн хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-23 66.181.183.108

Энэ салбарт ажиллаж буй багш нарт тусгай нэмэгдэл болон элдэв тусламж дэмжлэгүүд их байдаг. Гэтэл тэд авахаа авчихаад хүүхдүүдтэйгээ тулж ажиллаж ахиц гаргадаггүй. Тэгэхээр багш нарын цалин нэмэгдлийг олгохдоо тухайн хүүхдэд улирал тутам ямар ахиц гарсаныг тогтоогоод ахиц гарсан бол нэмэгдлийг нь олгож баймаар байна.

Avatar

Зочин 2020-12-23 192.82.70.145

Эмэгтэй гишүүд чинь хийгээгүй Саарал байрандаа архидаж тамхилж сексдэхээ ярьж байсаар өнгарөөж ирлээ. Боловсролын яам гэж олихоигүй хэдэн хүний бөөгнөрөл байгаа шүү дээ. Шинэ үе төрж гараад цэгцэлнэ гэж байхгүй монгол хэлний дүрмээ ч мэдэхгүй байгаа шүү дээ. Буг чөтгөрийн буг. Буга гөрөөсний буга дээрээ хамаатуулахын тийн ялгалаа зөв тавьчихгүй бугын гэж буг чөтгөрийн бугын гэж байнга бичиж байна.

Avatar

Зочин 2020-12-23 107.77.213.183

Бүрэн байтугай хагас ч хамрагдах боломжгүй. Төрийн захиргааны байгууллагууд ч онлайнаар ажиллах чадамжгүй байгаа шүү дээ.

Avatar

Зочин 2020-12-23 103.9.90.100

ёстой үнэн. Эцэг эхчүүд өөрсдөө багшийн хөрвүүлэгч хийсэн шүү. Теле хичээл 15-30 минут үргэлжилж байхад бид ухрааж, зогсоож, хүлээж, тайлбарлаж хийлгэсээр 2-4 цаг хийдэг байсан шүү. Хүүхдийн сонирхол төрүүлэхгүй нэг л тийм ү****ц багш нар орсон. Цаашид анхаарах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-12-23 192.82.70.145

2 жилээр улираан бүх ангиа дахин хичээллүүл.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж