ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна
Posted by News.mn on Tuesday, December 22, 2020
Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит (2020.12.23) мэдээллээ хийлээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМЭЭ:
Арванхоёрдугаар сарын 22-нд улсын хэмжээнд 4134 хүнд шинжилгээ хийхэд 57 хүний сорьцоос Covid-19 илэрлээ. Баталгаажсан 57 тохиолдлын 55 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс бүртгэгдсэн бөгөөд 43 нь өвчтөн, сахиур ес, гэр бүлийн хүн хоёр, эмнэлгийн захиргааны ажилтан нэг, мөн эмнэлгээс гарсан нэг хүн байна. Энэ сарын 14-ний өдөр эмнэлгээс гарсан хүн.
Баянзүрх дүүргийн голомтын дэгдэлтэд нийтдээ 131 хүний батлагдсан тохиолдол бүртгэгдлээ. Богино хугацаанд эрчийг авсан энэ дэгдэлтийн үед хариу арга хэмжээ авах, батлагдсан тохиолдолуудыг тусгаарлах мөн бусад хавьтлуудыг олж илрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж байгаа. Өнөөдрийн илэрсэн 55 тохиолдол бүгдээрээ хавьтал гэж үзэн тусгаарлагдсан хүмүүсийн давтан шинжилгээгээр батлагдсан.
Нэг тохиолдол нь Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн, хавьтлаар тусгаарлагдсан иргэний давтан шинжилгээгээр баталгаажсан. Мөн нэг тохиолдол нь Цэргийн төв эмнэлгийн эмч юм.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Дархан-Уул, Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Орхон, Архангангай аймгуудад Covid-19 халдварын тохиолдол шинээр бүртгэгдээгүй. Мөн Улаанбаатар хотод өмнө нь бүртгэгдэж байсан ачаа тээврийн жолоочоос эхтэй халдварын голомтод батлагдсан тохиолдол нэмэгдээгүй.
Улсын хэмжээнд Covid-19 халдварын дотоодод батлагдсан тохиолдол 600 боллоо. Нийт халдварын тоог аймаг, нийслэлээр гаргавал
- Улаанбаатарт 219
- Сэлэнгэ аймагт 217
- Орхон аймагт 25
- Дархан-Уул аймагт 45
- Дорноговь аймагт 32
- Говьсүмбэр аймагт 4
- Архангай аймагт 3
Монгол Улсад Covid-19-ийн батлагдсан нийт тохиолдол 1063, эдгэрсэн 541 буюу 51 хувь нь эдгэрсэн байна. Өнөөдөр Цэргийн төв эмнэлгээс нийт 82 хүн эдгэрч Хан-Уул дүүргийн Яармагийн эмнэлэг рүү шилжсэн. Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийтдээ 513 хүн эмчлүүлж байна.
Өвчтөнүүдийн биеийн байдлын тухайд маш хүнд 1, хүнд 6, хүндэвтэр 40, хөнгөн 466 хүн эмчлэгдэж байна. Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байсан 82 настай иргэний биеийн байдал нь сайжирч Яармагийн эмнэлэг рүү шилжсэн.
Ард түмэн дор бүрнээ халдвараас сэргийлж, мэргэжилтнүүдийн өгч буй зөвлөмжүүдийг дагах хэрэгтэй. Ойрын хавьтал болон хоёрдогч хавьтлуудыг тусгаарлан ажиглаж байгаа. Тэднийг 14 хоногт ажиглан хянаж байна. Хоёрдогч хавьтлуудыг мөн гэрийн ажиглалтад 14 хоног хянаж байна. Гаднаас ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлалтад мөн гэрт нь дахин долоон хоног ажиглаж байгаа учраас ард иргэд буруу зөрүү ойлгох тохиолдол байна гэлээ.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:
Халдварын голомтыг цомхотгох арга хэмжээнд 2678 эмнэлгийн ажилтан 24 цагийн хугацаанд ажилласан.
Өмнөговь аймагт нүүдлийн лоборатори ажиллаж 54 жолоочоос шинжилгээ авахад Covid-19 илрээгүй. Тусгай дугаарын долоон утсанд 8236 хүн хандаж зөвлөгөө, мэдээлэл авсан. Дэлхий дахинд тархалтын эрч өндөр хэвээр байна. Тайланд улс халдварын голомтыг шуурхай илрүүлж, тогтоож чадсан боловч хүнсний захад өвчлөл гарч, 427 хүн халдвар аван голомт тархах хандлагатай байна. Тайвань улсын тухайд мөн халдварыг богино хугацаанд барьж чадсан. Гэвч гадаадаас ирсэн нисгэгчтэй нэг хүн ойрын хавьтал болсны улмаас дахин халдвар дэгдсэн. Нийт 770 хүн халдвар авч, долоон хүн нас барсан. Covid-19 -ийн халдвар нэг л тохиодлоос болж цаашлаад асар том дэгдэлтийг бий болгодог гэдгийг дэлхийн улс орнуудын жишээ харуулж байна.
Англи улсад дэгдсэн халдварын вирус мутацид орсон талаар судлаачид хэлж байна. Мутацид орсон шинэ төрлийн коронавирус өмнөх жижиг мутацид орсон вирустэй харьцуулахад тархалт нь өндөр буюу 71 хувь илүү тархана гэсэн дүгнэлт гарсан байна. Мөн залуучууд, бага насны хүүхдүүд өвчлөх эрсдэл нь өндөр гэдгийг анхааруулж байна.
Холбоотой мэдээ