Covid-19 Уханиас өмнө Хятад, Европт тархсаныг батлав

Хуучирсан мэдээ: 2020.12.23-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19 Уханиас өмнө Хятад, Европт тархсаныг батлав

Covid-19 Уханиас өмнө Хятад, Европт тархсаныг батлав

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ оны арванхоёрдугаар сарын 31-нд хамгийн анхны батлагдсан Covid-19 халдварын тохиолдлыг дэлхий нийтэд зарласны нэг жил болох гэж байна. Гэвч Ухань хотод анх халдварын тохиолдлыг бүртгэхээс хэдэн сарын өмнө Хятад улсад төдийгүй Европын хэд хэдэн оронд цар тахал хэдийнэ тархсан байсныг батлах баримт нотолгоо олдох болжээ. Тэр байтугай АНУ-д 2019 оны арванхоёрдугаар сард эсрэг биеттэй болсон хүмүүс ч бий гэнэ.

Хамгийн анх БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотын захад амьтны гаралтай бүтээгдэхүүн худалддаг төвд хэд хэдэн хүн шинэ  төрлийн коронавирусээр өвчилсөн талаар өнгөрсөн жилийн сүүлийн өдөр зарлаж байсан билээ. Гэвч өвчин үүсгэгч вирусийн гарал үүсэл, хэрхэн дэлхий даяар хурдтай тархсан зэрэг зүйлс нь нууц хэвээр өнөөг хүрсэн юм. Өдгөө олонхын итгэж буй Covid-19 амьтны зах дээр сарьсан багваахайнаас үүссэн хэмээх тайлбар бол ердөө таамаг төдий бөгөөд шинэ судалгаа шинжилгээний үр дүнгүүд ил болох тусам няцаагдсаар байна.

Жишээлбэл, Милан дахь үндэсний хорт хавдрын хүрээлэнгийн судалгаагаар тус хотын дөрвөн ч тохиолдол 2019 оны аравдугаар сард халдвар авсан гэдэг нь батлагджээ. Мөн Хятадын зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Ухань хотынхон өнгөрсөн оны арваннэг, арванхоёрдугаар саруудад олноороо өвчилж байсан гэх судалгааны дүн гарчээ. Мөн хиймэл дагуулаас авсан зураг дээр үндэслэсэн хэд хэдэн судалгааны үр дүн БНХАУ-д өнгөрсөн 2019 оны зуны сүүл үеэс эхлэн цар тахлын шинж тэмдэг хүмүүст илэрч байсныг нотолж байгаа аж.

Гэвч одоохондоо чухам хэзээ SARS-CoV2 вирус амьтнаас хүнд халдаж Covid-19 өвчин үүсгэсэн болохыг тодорхойлоход мэдээлэл дэндүү хомс байгаа юм. Хэдий тийм ч цар тахал арванхоёрдугаар сард эхлээгүй гэдгийг олон судалгааны үр дүн харуулж байна.

Халдвар Ухань хотод арванхоёрдугаар сараас өмнө дэгдсэн

Ухань хотын эрх баригчид ДЭМБ-д өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд анх нууцлаг шинэ өвчний талаар мэдээлсэн билээ. Гэвч Засгийн газрын тэмдэглэснээр БНХАУ-ын анхны өвчлөл 2019 оны арваннэгдүгээр сарын 17-нд бүртгэгджээ хэмээн South China Morning Post агентлагийн эрэн сурвалжлах сэтгүүлч мэдээлжээ.

Тус агентлагийн мэдээлснээр Хятадын эмч нар эхний эмнэлэгт хандсан өвчтөнүүдийн цуснаас дээж авч шинжлээд анхны тохиодлоос өмнө халдвар авсан дор хаяж 60 тохиолдол илрүүлсэн байна. Тэдний үзэж байгаагаар 55 настай Хубэй мужийн иргэн дэлхийн хамгийн анхны Covid-19 туссан хүн аж.

Харин өөр нэгэн судалгааг Харвардын их сургуулийн эрдэмтэд хиймэл дагуулын зураг ашиглан хийжээ. Тэд Ухань хотын тодорхой зургаан эмнэлгийн орчныг анхааралтай ажигласан байна. Тэдний анзаарснаар тухайн зургаан эмнэлэгт 2019 оны наймдугаар сараас эхлээд хөл хөдөлгөөн эрс нэмэгдсэн бөгөөд тухайн нутгийнхны  хайлтын түүхийг шалгаж үзвэл наймдугаар сард ханиах, суулгах  зэрэг хайлт мэдэгдэхүйц нэмэгдсэн аж.

Хэдий Ухань хотын захыг өвчний анхны голомт хэмээн үзсэн ч анхны халдвар авсан өвчтөнүүдийн дунд тэр захтай холбоогүй хүмүүс олон байсан юм. Ухань хотын албан ёсоор зарласан анхны 41 өвчтөнөөс 13 нь тус захаар үйлчлүүлээгүй хүмүүс байжээ.

Түүнээс гадна өнгөрсөн тавдугаар сард хийсэн судалгааны үр дүнд тус захыг өвчний голомт биш хэмээн үзсэн байна. Учир нь, захад зарагдаж байсан нэг ч амьтнаас коронавирус илрээгүй аж.

Тиймээс Ухань хотын амьтны зах өвчний анхны голомт гэхээсээ илүү халдвар тарсан, халдвартай этгээдийн олон хүнтэй хавьталд орсон газар хэмээн үзэж болохоор юм.

Халдвар Италид намар дэгдсэн

Италид албан ёсоор анхны халдварын тохиолдол энэ оны хоёрдугаар сарын 21-нд Ломбарди хотод бүртгэгдсэн. Гэвч хожим хэд хэдэн өвчтөний цуснаас дээж аван шинжилж үзэхэд 23 хүнд өнгөрсөн жилийн есдүгээр сард, 27 хүнд аравдугаар сард эсрэг биет үүссэн байжээ.

Эмч нар “Бидний судалгааны үр дүн вирус Италид анх албан ёсоор бүртгэхээс ч өмнө, тэр байтугай БНХАУ-ын засгийн газар зарлахаас ч өмнө орж ирсэн гэдгийг харуулж байна. Эдгээр болон бусад судалгааны үр дүн вирусийн жинхэнэ гарал үүсэл, хэрхэн тархсан талаар үнэн мэдээлэл олоход туслах байх” хэмээн ярьжээ. Мөн Милан, Турин хотуудад арванхоёрдугаар сарын 18 гэхэд вирус хэдийнэ тархсан байсан гэнэ.

Халдвар АНУ-д арванхоёрдугаар сард дэгдсэн

АНУ-ын эрдэмтдийн хийсэн судалгаагаар мөн цар тахал хэмээн нэрлэгдэх болсон Covid-19 олон улсад тархсан байсныг нотолжээ.

АНУ албан ёсоор бүртгэсэн анхны тохиолдол нэгдүгээр сарын 20-нд байсан. Гэвч хожим хийсэн судалгаагаар Covid-19 Номхон далайн эрэг орчмын нутгуудаар дор хаяж сарын өмнө тархсан байсныг олж мэдсэн байна. Улаан загалмай нийгэмлэгийн цуглуулсан хүмүүсийн цусны дээжүүдийг судалж үзэхэд зарим хүнд 2019 оны арванхоёрдугаар сарын 13 гэхэд эсрэг биет үүссэн байсан аж.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж