Ломбардын зээлийн хүүг 3 хувиар тогтоовол дампуурах уу?

Хуучирсан мэдээ: 2020.12.23-нд нийтлэгдсэн

Ломбардын зээлийн хүүг 3 хувиар тогтоовол дампуурах уу?

Ломбардын зээлийн хүүг 3 хувиар тогтоовол дампуурах уу?

Ломбардын зээлийн хүүг сарын 3 хувиар тогтоох хуулийн төсөл УИХ-ын даргад өргөн баригдсан нь зөвтгөл, шүүмжлэлийн аль алиныг дагуулж эхэллээ.

Эдийн засагч Б.Ангар “Ломбардын зээлийн хүүг сарын 3 хувиар хязгаарлах хуулийн төсөл өргөн баригджээ. Маш зөв! Харин одоо хэлэлцүүлгийн шатанд хэн нэгэн УИХ-ын гишүүн нь зарчмын зөрүүтэй санал гаргаж банк болон ББСБ-ын зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох заалтыг нэмэх хэрэгтэй” гэв.

Харин эдийн засагч Б.Ганзориг “Ковидтой үед улс орнуудын төр бизнесээ дэмжих хууль гаргаж байна. Манайх харин эсрэгээр банк, ломбард, телком, юнивижн юу юу ч гэнэв дайралт хийж байна. Үүнийгээ л больчих. Наадуул чинь бас хүн ажиллуулж, худалдан авалт хийж эдийн засагт хувь нэмэр оруулдаг юм та нарыг бодвол” гэж сөрөв.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа нар Барьцаалан зээлдүүлэх газрын хүүг  3 хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн төсөл санаачилсан бөгөөд дараах зохицуулалт тусгажээ. Үүнд:

  • Барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны долдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд хамаарах хүүгийн хэмжээг 3 хувиар тооцох;
  • Барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны долдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд, бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж тооцохгүй байх;
  • Барьцаалан зээлдүүлэх газар болон Зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны долдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж тооцохгүй байх;
  • Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хяналт тавин ажиллана гэж заасан аж.

Covid-19 цар тахал дотоодод дэгдсэнээс хойш хөл хорионд орсны улмаас олон аж ахуй нэгж ажиллах боломжгүй болж, иргэд барьцаалан зээлдүүлэх газраас авсан зээлээ эргэн төлөх чадваргүй болж, өрийн дарамт бий болох, зээлдэгчийн барьцааны зүйл, өмч хөрөнгийн үнэ цэнэ буурах, үнэгүйдэх зэрэг эрсдэл тулгарсан тул төрөөс зохицуулалт хийх шаардлагатай хэмээн үзэж, төсөл санаачилсан байна.

Ломбардуудын иргэдтэй хийж буй зээлийн гэрээний тухайд ихэнх нь 7-30 хоногийн хугацаанд 3.5-8 хувийн хүүтэй зээл, олгож зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5-аас дээш хувиар алданги, торгууль тооцож иржээ.

Иймээс ломбардын хүүг байж болох хамгийн бага хүүгээр нь тооцсон гэж тодорхойлж болно. Хамгийн гол нь төр ломбардын хүүг хуульчлан тогтоосон нөхцөлд цаашдаа энэ хүүг бууруулах сонирхолгүй болж тогтвол яах вэ гэдэг асуудлыг ч зарим хүн хөндөж буй.

Учир нь нэг үеэ бодвол ломбард, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүү буурсан байна. Тухайлбал, банк бус санхүүгийн байгууллагын үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн сарын хүү 1.8 хувь бол жилийнх нь 21.6 хувь орчим,  цалин барьцаалсан зээл сарын 1,2-1.5 хувийн хүүтэй бол жилийнх нь 14.8 хувь аж. 2017 онд банк бус санхүүгийн байгууллагын зээлийн сарын хүү 4.2 хувьтай байсан бол 2018 оны жилийн эцсийн байдлаар 3.2 хувь болж буурсан. Хүү буурсаар одоо зээлийн сарын хүү 1.8-1.0 хувь,жилийнх 21.6-12.0 хувьд тогтоод байгаа юм.

Арилжааны банкны цалингийн зээлийн хүү сарын 1.50 – 1.70 хувь бол жилийнх нь 18.00 – 20.40 хувь орчим байна.

Өөрөөр хэлбэл, санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа эрхэлж байгаа газруудаас хамгийн өндөр хүүтэй нь ломбард гэж хэлж болно.

Засгийн газраас Covid-19 цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоодоос иргэд, аж ахуй нэгжүүдэд олгосон ипотек, зээлийг ирэх оны долдугаар сарын 1-н хүртэл хойшлуулах зохицуулалт хийх  чиглэлийг өгсөн. Ингэснээр ипотекиос бусад төрлийн зээлийг хойшлуулах боломж бүрдсэн. Гэхдээ зээлийн хүүгээ төлөх зохицуулалт хэвээр үргэлжилнэ. Гэвч ломбардаас авсан зээлд энэхүү харилцаа үйлчлэхгүй.  Учир нь энэ салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд үйлчилдэг тодорхой хуулийн зохицуулалт байдаггүй нь сугарч үлдэх шалтгаан болсон гэж тайлбарлаж болно.

Хууль зүй, дотоод хэргийн яаманд ломбардын үйл ажиллагааг зохицуулах хуулийн төсөл боловсруулагдаж байгаа ч УИХ-д хэзээ өргөн баригдах нь тодорхойгүй цаг алдах тул нэр бүхий гишүүд үүсээд буй асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх ёстой гэж үзэн, энэхүү төслийг санаачилжээ.

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1500 орчим ломбард ажилладгаас 900 нь Улаанбаатар хотод байдаг гэх статистик бий.

УИХ энэхүү хуулийн төслийг өргөн барьсан хэлбэрээр нь баталбал бүх ломбард сарын хүүгээ 3 хувиас хэтрүүлэхгүй байх үүрэг хүлээнэ. Хэрэв зөрчвөл хуулийн тодорхой хариуцлага хүлээнэ. Гэвч хуулийг батлахаас өмнө ломбардын хүүд хатуу зохицуулалт тавьснаар дампуурах, эргээд олон хүн ажилгүй болох,  банк дампуурахаар төр бүх хариуцлагыг өөртөө хүлээж, татвар төлөгчдийн олон тэрбум төгрөгийг зарцуулах болдог шиг нөхцөл ломбард дээр үүсэхгүй гэх баталгаа бий юу, эсвэл бүр өндөр хүүг нь дархалж өгөх үү, мөн санхүүгийн салбарт ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг асуудлыг давхар судлах шаардлага тулгарч буй.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
БурууБуруу
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж