“QR кодоо шинээр хэвлэхгүй хөдөлгөөнд оролцвол явуулахгүй”

Хуучирсан мэдээ: 2020.12.23-нд нийтлэгдсэн

“QR кодоо шинээр хэвлэхгүй хөдөлгөөнд оролцвол явуулахгүй”

“QR кодоо шинээр хэвлэхгүй хөдөлгөөнд оролцвол явуулахгүй”

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үеэс 15 чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын автомашин замын хөдөлгөөнд оролцож эхэллээ. Эдгээр салбарынхан smartcar.mn сайт руу хандаж QR кодоо авах бөгөөд өмнө нь код авсан бол шинэчилсэн загвараар дахин хэвлэж авахыг албаныхан сануулсан. Энэ асуудлыг нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзоригоос тодрууллаа.


Арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл бүртгүүлж, QR код авсан 23900 тээврийн хэрэгслийн QR код автоматаар идэвхжсэн гэдгийг нийслэлийн Онцгой комиссоос мэдээлсэн. Гэтэл дахин шинээр хэвлэн, хөдөлгөөнд оролцох шаардлагай гэлээ. Мөн нэмж хэчнээн тээврийн хэрэгсэлд QR код олгох вэ?

-Засгийн газрын шийдвэрээр өнөөдрөөс /2020.12.23/ эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргээс Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих хугацааг 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06.00 цаг хүртэл тогтоохоор болсон. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг даргын захирамж гарч, хатуу хөл хорионы үеэр зөвшөөрөлтэй 15 чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага ажиллана. Эдгээр байгууллагад ажилладаг ажилчдын тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохын тулд өмнөх шигээ QR кодоор зорчих болно.

Бид өмнө нь 13 байгууллагын үйл ажиллагааг зөвшөөрч байсан бол энэ удаа такси үйлчилгээ, хүүхэд хамгааллын байгууллагын үйл ажиллагааг нэмсэн. Тээврийн хэрэгслийн smartcar.mn үйлчилгээний системд автомашиныхаа улсын дугаарыг хийж, зөвшөөрөгдсөн байгууллагууд өөрийн тээврийн хэрэгсэл дээрээ QR код авч байгаа. Бидний зүгээс өмнө нь бүртгүүлсэн 13 байгууллагын 23900 тээврийн хэрэгслийн бүх мэдээллийг өчигдөр 13.57 цагт систем рүү оруулсан.

Байгууллагууд замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл буюу QR кодоо дахин хэвлэн авах боломжтой. Үүн дээр нэмээд 800 такси үйлчилгээ болон хүүхэд хамгааллын байгууллагын 100 гаруй тээврийн хэрэгслийн мэдээллийг орууллаа. Зайлшгүй шаардлагаар эдгээр 15 байгууллагад нэмэлт тээврийн хэрэгслийн зөвшөөрлийг өмнөх зарчмаараа олгоно. Гэхдээ бид ирсэн хүсэлт болгоны тоогоор QR код олгох боломжгүй. Нийслэлд ойролцоогоор 500 гаруй мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Үүнээс 10 хувь нь буюу 50 мянга хүрэхгүй автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулах боломжтой.

Үүнд, өмнө нь нэгдсэн системд бүртгүүлсэн 2900 тээврийн хэрэгсэл, нийтийн тээвэр, тусгай албаны машин багтаад 30 гаруй мянган тээврийн хэрэгсэл болж байгаа юм. Жишээлбэл, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарт 1777, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлтийн үйл ажиллагааны байгууллагад хамгийн их буюу 10 мянга гаруй, такси үйлчилгээний 809, хүүхэд хамгааллын чиглэлд 100 гаруй тээврийн хэрэгсэл нэмэгдэнэ.

-Өмнө нь автомашинд олгосон QR кодоороо замын хөдөлгөөнд оролцож болохгүй байсан уу. Яагаад загварыг нь өөрчилж, дахин хэвлүүлэх болсон талаар тайлбарлахгүй юу?

-Энэ удаа хуучин QR кодын загварыг арай өөр болгосон. Цагдаагийн албан хаагчид нүдний баримжаагаар холын зайнаас уншуулах боломжтой. Бид өмнөх бүх нийтийн бэлэн байдлын үеэр арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл 23.900 иргэн, аж ахуйн нэгжийн автомашинд QR код олгосон. Үүний дараагаар боловсруулах үйлдвэрийн таван салбарын тээврийн хэрэгслийг нэмээд, 18 төрлийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зөвшөөрсөн.

Харин энэ удаа зөвшөөрөлтэй 15 байгууллагын ажилчдын тээврийн хэрэгсэл QR кодоор замын хөдөлгөөнд оролцох учраас ялгахын тулд загварыг нь өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл бүртгүүлж, QR код авсан 23900 тээврийн хэрэгслийн QR код автоматаар идэвхжсэн. Жолооч QR кодоо хэрэглэхийн тулд дахин шинээр хэвлэж, байруулах ёстой, загвар нь өөр юм.

Иргэд QR код авах хүсэлтээ  nokshtab@ulaanbaatar.mn имэйл хаягаар ирүүлнэ. Тээврийн хэрэгслийн жагсаалтад байгууллагын регистр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, эзэмшигчийн нэр бүхий мэдээллийг багтаасан байх бөгөөд Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын дэргэдэх Замын хөдөлгөөн зохицуулалтын баг хүсэлтийг хүлээн авах юм. Байгууллага системд бүртгэгдэж, олгосон QR кодыг www.smartcar.mn цахим хуудаст хандан татаж авна. Хязгаарлалтад багтаагүй 15 үйл ажиллагааны чиглэлээс бусад байгууллагын хүсэлтийг хүлээн авахгүй, буцаана.

-Хуучин QR код хэвлэж, замын хөдөлгөөнд оролцвол хүчингүй гэж ойлгох уу?

-Иргэд энэ удаа хуучин QR кодоо байршуулж явбал тэр хүчингүй. Ингэснээр хуулиа зөрчиж байна гэсэн үг.  Smartcar.mn системд нэвтрэхэд холбогдох хуулийн заалтыг сануулж өгсөн байгаа.

Уг санамжид “Дээрх зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол Монгол Улсын Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан хуурамч баримт бичиг үйлдэж, ашиглах гэмт хэрэг үйлдсэнд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тусгасан. Анх удаа QR кодыг нэвтрүүлж байхад 30 гаруй жолоочид Зөрчлийн хэрэг болон Эрүүгийн хэрэг үүсгэсэн, цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

-Тээврийн хэрэгслийн smartcar.mn сайтын ачаалал нэмэгдэж, гацах тохиолдол гарч байсан уу?

-Анх QR кодыг олгож эхэлснээс хойш smartcar.mn нэгдсэн систем ачаалал нэмэгдэх, гацах тохиолдол гараагүй. Энэ системийг жолооч нар өдөр бүр ашигладаг байсан. Уг системийн апплейкэшн гэхэд 900 мянга орчим татагдсан, өдрийн дундаж хандалт нь 10-20 мянга байдаг. Ойролцоогоор 3.5 сая иргэн үйлчилгээ аваад буй тээврийн хэрэгслийн цахим үйлчилгээний систем.

Бид мэдээллийн аюулгүй байдал, ачаалал даах чадварыг байнга сайжруулж, холбоотой байгууллагуудтай хамтран ажилладаг.  Анх QR кодыг бүртгэхэд зөвшөөрөлтэй байгууллагуудаас хүсэлт авч, бүртгэж байсан.

Өнөөдрийн байдлаар 23900 тээврийн хэрэгслийн мэдээлэл өмнө нь бүртгүүлсэн байсан учраас бүх мэдээлэл автоматаар идэвхжиж байна. Мэдээж зөвшөөрөлтэй байгууллагын тээврийн хэрэгслийн мэдээллийг хянаж, системд оруулахад тодорхой хугацаа шаардсан. Үүнийг иргэд системийн гацалт гэж ташаа ойлгож байх шиг байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж