Нийслэлд хатуу хөл хорио тогтоож, зөвшөөрөгдсөн 15 чиглэлийн байгууллагаас бусад нь ажиллахгүй байх шийдвэр өнөөдрөөс /2020.11.23/ эхлэн мөрдөгдөж байна. Түүнчлэн шинэ жил нийтээрээ тэмдэглэхгүй байх шийдвэрийг өнгөрөгч арваннэгдүгээр сард гаргасан. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-ний үдэш төв талбайд баярын цэнгүүн болдог уламжлалтай. Гэхдээ энэ жилийн тухайд шинэ жил тэмдэглэхгүй атал төв талбайд мөсөн хотхон байгуулж, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байна гэсэн шүүмжлэл өчигдрөөс эхлэн цахим орчинд тархсан.
Уг асуудалд нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн дараах тайлбарыг хийв. Тэрбээр "Хотын шинэ удирдлагууд ажлаа хүлээн аваад сар гаруй болж байна. Үүнээс өмнө Энэтхэг Монголын дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулж , Энэтхэгийн Элчин сайдын яамнаас улсынхаа түүх, соёлын дурсгалыг харуулсан мөсөн байгууламж байгуулах зөвшөөрлийг хотын өмнөх удирдлагын үед авсан юм билээ. Тэр үед Covid-19 халдвар дотоодод алдагдаагүй өнөөгийнх шиг нөхцөл үүсээгүй учир зөвшөөрөл өгсөн байх. Энэхүү байгууламж барих төсөв мөнгийг Энэтхэгийн Элчин сайдын яамнаас гаргаж байгаа" гэжээ.
Холбоотой мэдээ